Дуучин Ука: Хайр цацарсан үдшийг хамт өнгөрөөхийг хүсэж байна

0
хуваалцах
416
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Орчин үеийн хөгжмийн зах зээлийг эзэгнэж, цоглог, доргио дуунуудаараа залуусыг байлдан дагуулж, гаргасан уран бүтээл бүр нь хит болдог дуучин бол Ука гэдэгтэй бүгд санал нийлэх буй за. Содон, этгээд хувцаслалт, дуу, дүрсний өндөр чанартай шинэлэг клип, хөнгөн, сэтгэл сэргэм ая бүхий түүний дуунуудад бүх насныхан дуртай.

Асуудал дүүрэн нийгмийг уран бүтээлээрээ анагааж яваа уран бүтээлч бол Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Уламбаяр буюу Ука. Анх тэр “Kiwi” хамтлагийн гишүүн болон урлагт хөл тавиад 20 жилийг ардаа орхисон байна. Энэ хугацаан дахь уран бүтээлчийн өсөлт, хөгжил, өөрчлөлтөө нэгтгэн сонсогчиддоо тайлагнахаар болжээ. Тодруулбал, дуучин Ука “Dance with me” хэмээх тоглолтоо ирэх сарын 10,11-нд хийж, энэ зуны салхийг тун  гайхалтайгаар хагалах гэж байгаа таатай мэдээг дуулгалаа. Түүний тоглолт дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй  “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-нд болно.

Тоглолтод урилгаар “Киви”, “Татар” хамтлаг, дуучин Наагий, Оргил, Оки, Б.Алтанжаргал, Э.Дашням, реппер Цэцэ, AM C, Nene, Don Dior гэсэн залуусын дунд хамгийн их нэр хүндтэй, авьяаслаг уран бүтээлчид оролцохоор болжээ. Мөн нэгэн цагт шуугиулж явсан  “Киви” хамтлагийг бүрэн бүрэлдэхүүнээр нь харах боломж бүрдсэн байна.

 Дуучин Ука тоглолтынхоо талаар “Удаан хүлээсэн шоу тоглолтоо хүргэх өдрүүд ойртлоо. Олон жилийн хөдөлмөр, өөрийн сэтгэл зүрхээрээ оролцон бүтээлцсэн дуу, хөгжмөө сонсож шилдэг хөгжимчид, бүжигчид, мэргэшсэн баг бүрэлдэхүүнтэй, шинэ орчинд сонсогч, үзэгчидтэйгээ жаргах өдрөө тэсэн ядан хүлээж, догдолж бэлдсээр байна. “Буянт-Ухаа” спорт цогцолборт 2020 онд тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч  цар тахлын улмаас тохиромжтой цаг иртэл хойшлуулсан юм. Тоглолтыг минь тэвчээртэй хүлээж байсан сонсогчидтойгоо зургадугаар сарын 10, 11-ний өдөр жаргаж, дуулж, бүжиглэж, хайр цацарсан үдшийг хамт өнгөрөөхийг тэсэн ядан хүлээж байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 105 (6837)