С.УЯНГА

 

Зургадугаар сарын 1 дөхөхөөр л хүн бүр хүүхдийн эрх, хамгаалал ярьж эхэлдэг. Тэгээд баярын маргааш мартагдана. Дараа жил нь дахин сөхнө. Монголчуудын хандлага, сэтгэхүй ийм л “хайрцаг” дунд эргэлдсээр байгаа юм. Тиймээс энэ жилийн эх, үрсийн баяраар төр, засаг бодит ажил хийж өнөөдөр, маргаашийн олон мянган хүүхдэд амьдрал бэлэглэхийг уриалж байна. Монголын ирээдүй болсон багачууд эрүүл амьдрах эрхээ эдлэхийн тулд төв талбай дээр хандив гуйж түмэн олны өмнө хувийн хамаг мэдээллээ дэлгэж царайчлах биш төр иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалах үүргээ биелүүлэх учиртай. Үүний тулд Монголд эмчлэх боломжгүй 26 төрлийн өвчин оношлогдсон иргэнийхээ зардлыг төр хариуцдаг болъё. Эхний ээлжинд 0-13 насны хүүхдийн гадаадад эмчлүүлэх зардлыг төр бүрэн дааж, насанд хүрсэн иргэдийн 80 хүртэлх хувийг хариуцдаг болох санал санаачилгад олон нийт нэгдэж байна.

 

2018 ОНД 111.6 САЯ ДОЛЛАРЫГ ГАДААДААС ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХАД ЗАРЦУУЛСАН

 

Монгол Улсад эмчлэх боломжгүй 26 төрлийн өвчин байдаг. Тэгвэл эдгээр оношийг сонсож гадаад руу эмчлүүлэхээр явж буй олон иргэн, тэр дунд бага насны хүүхэд олон байна. Зардал мөнгөний гачигдлаар гадагшаа явж чадахгүй байгаа гэр бүл ч бий. Эрүүл мэндийн яамны албан ёсны судалгаагаар нэг хүн  гадаадад эмчлүүлэхэд 35.8 мянган ам.доллар, нэг иргэн 1095 хоногийг эмчилгээнд зарцуулсан гэжээ.

Харамсалтай нь ЭМЯ, салбарын бусад байгууллагад гадаадад эмчлүүлэгчдийн нэгдсэн тоо баримт алга. Одоогоос хэдэн жилийн өмнөх түүвэр судалгаа л бий. Тэр судалгаанд оролцогч 406 иргэний хамгийн бага нь дөрвөн сартай, ахмад нь 85 настай. Дундаж нас 38 байна. Судалгаанд оролцсон 406  иргэн 2018-2020 оны хооронд гадаадад эмчлүүлэхдээ 11.7 сая ам.доллар зарцуулсан. Нэг хүнд ногдох зардал мэс заслын төлбөрт 35.8 мянган ам.доллар, эмчилгээ сувилгаанд 6.4 мянган ам.доллар, давтан эмчилгээ болон үзлэг оношилгоонд 2.7 мянган ам.доллар зарцуулжээ. Гэтэл өнөөдөр эмчилгээний зардал өссөн. Зардлын эх үүсвэрийг судалгаанд оролцогчдын ихэнх нь зээлээр болон өөрийн хөрөнгө, хандиваар санхүүжүүлсэн гэж мэдэгджээ.

2018 онд манай улсын иргэд гадаадад эмчлүүлэхдээ эмчилгээний зардалд 66.9 сая ам.доллар, бусад зардалд 34.1 сая ам.доллар, хамт явсан хүний зардалд 10.6 сая ам.доллар нийт 111.6 сая ам.долларыг гадаадаас эрүүл мэндийн үйлчилгээ авахад зарцуулсан. Тэдний 53 хувь нь БНСУ, 36 хувь нь БНХАУ, зургаан хувь Тайланд, нэг хувь нь Энэтхэг, үлдсэн нь бусад улсад эмчлүүлжээ. Харин 2019 онд БНСУ-ын аялал жуулчлалын байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд тус улс 2018 онд Монгол Улсын 14042 иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн гэж мэдээлжээ. Гадаадад эмчлүүлэх үед гарсан зардлыг авч үзвэл АНУ-д эмчлүүлсэн иргэд эмчилгээнээс бусад зардалд хамгийн өндөр дүнг зарцуулсан буюу хүнсэнд 10 мянган ам.доллар, байранд 7000 ам.доллар, дотоодын тээвэрт 2000 ам.доллар төлжээ. ОХУ-д эмчлүүлсэн иргэн байранд 314 ам.доллар, тээвэрт 479 ам.доллар, хоол хүнсэнд 77 ам.доллар, бусад зардалд 80 ам.доллар зарцуулжээ.

2018 онд манай улсын 20696 иргэн, 2019 онд 21636 иргэн гадаадад зорчин эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа 130 гаруй сая ам.долларыг зарцуулсан. Гэхдээ энэ зардал бол зөвхөн эмчилгээ, оношилгоо, сувилгаа гэсэн эрүүл мэндийн үйлчилгээ авахтай холбоотой зардал. Үүнээс өөр их зардал гардаг. Гэтэл төрөөс эмчилгээнд зарцуулсан мөнгөн дүнгийн таван хувийг олгох  журамтай ч бүрэн эмчлүүлээд ирсний дараа баримтаар олгодог нь учир дутагдалтай. Мөн олон хүн энэ дэмжлэгийг авч чадахгүй байгааг хөндөх, төрийн бодлогоор эргэж харах асуудал олон байна.

 

СҮҮЛИЙН ДОЛООН ЖИЛД ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ 

 

2011 онд Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэж эхэлсэн байна. Тус тогтоолыг үндэслэн Эрүүл мэндийн сайдын дэргэд “Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчилгээ, оношилгоонд хамрагдсан иргэдийн санхүүгийн асуудалд санал гаргах орон тооны бус зөвлөл” байгуулан ажилладаг. Хүсэлт гаргасан иргэд орон тооны бус зөвлөлийн хурлаар орохдоо оношийг баталгаажуулсан төв эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг хяналтын комиссын дүгнэлт болон тогтоолд тусгасан материал бүрдүүлэх олон шат дамжлага давж байж зардлынхаа таван хувийг авна. Баримт материал хангалтгүйгээс авч чадахгүй тохиолдол ч олон байгаа юм.  Гэтэл Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 2013 онд хийсэн судалгааны дүгнэлтэд монгол иргэдийн гадаадад эмчлүүлсэн тухай бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай. Гадаадад эмчлүүлэгч иргэдийн зардлыг тооцох судалгаа хийхэд хүндрэл үүсгэж тооцооллын бодит байдалд сөргөөр нөлөөлж байна гэдгийг онцолсон байдаг. Гэвч өнгөрсөн долоон жилийн хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэх санал санаачилга дорвитой ажил хийсэнгүй.

2013 онд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон холбогдох бусад байгууллага ХХЕГ-тай хамтран хилээр нэвтэрч буй иргэдийн мэдүүлгийн маягтын аяллын зорилгын талаарх асуулгад “Эмчилгээ, үйлчилгээ” гэсэн сонголтыг нэмж тусгах. Ингэснээр гадаад руу эмчилгээ, оношилгооны зорилгоор зорчигчдын тоог сар бүр тооцох боломжтой. Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлж ирсэн иргэд Эрүүд мэндийн яамнаас буцалтгүй тусламж авахаар өргөдөл гаргадаг иргэдээс эмчилгээний төлбөрөөс бусад зардлын мэдээллийг агуулсан нэмэлт хуудсыг бөглүүлж, нэгтгэн улирал бүр Монголбанкинд хүргүүлэх шаардлагатай гэж үзсэн ч өнөөдөр энэ байдал өөрчлөгдсөнгүй.

Тиймээс аливаа өвчинг эрт оношлохоос гадна нэгэнт Монголд эмчлэгдэхгүй бол төр иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалах үүргээ биелүүлье. Даатгалын тогтолцоогоо улам сайжруулах, орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлж бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг Монголдоо оношилж эмчилдэг болтлоо төр бүрэн  хариуцдаг болчихвол хэдэн арван мега төсөл бүтээн байгуулалтаас илүү Монголын хөгжилд хувь нэмэртэй юм шүү.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн даатгалын сангийн эрсдэлийн сангаас олгож болно

-Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангийн мөнгөнөөс эх орондоо эмчлэгдэх боломжгүй, гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд 100 хүртэл сая төгрөг олгож, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Жилд 100 гаруй хүн эх орондоо эмчлүүлэх боломжгүй өвчин тусаж гадаад орныг зорих шаардлага тулгарч байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн эрсдэлийн санд төрөөс олгож буй 30 тэрбум төгрөгөөс энэ иргэдэд олгох боломжтой. 

 

ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан: Төр бодлогоо эргэж харах цаг нь болсон

-Монгол Улс алийн болгон  иргэд, сайн санаатай хүмүүсийн хандив тусламжаар эрүүл мэндээ хамгаалж, хүүхдийнхээ амь насыг аврах вэ. Энэ асуудалд төр бодлогоо эргэж харах цаг нь болсон. Өнөөгийн журмаар Монголд эмчлэх боломжгүй өвчнийг гадаадад эмчлүүлээд ирсэн зардлын таван хувийг төр олгохоор заасан. Гэвч таван хувь гэдэг хэтэрхий бага тоо. Үүнийг 100 хувь болгох шаардлагатай. Төр иргэнийхээ амьд явах баталгааг нь хангаж өгөх ёстой.

 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Хүүхдэд тусламж дэмжлэг үзүүлдэг байхаар дүрэм журмыг нь шинэчилж болно

-12 жилийн өмнө Удвал охинд хандив цуглуулахаар "Үндэсний өгөх өдөр" хөдөлгөөнийг санаачилж байхад байдал ийм л байсан. Гэтэл өнөөдөр ямар ч өөрчлөлт алга. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө мөнгөнөөс амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй, аврал эрэн ард түмэндээ хандаж байгаа хүүхдүүдэд өгдөг болъё гэдэг хүмүүсийн санаачилга, саналыг зөв гэж харж байгаа. Цаашид энэ асуудлыг хэрхэх вэ, гарц гаргалгаа гаргах ёстой. Жилд зайлшгүй эмчилгээ шаардлагатай бага насны хүүхдэд тусламж дэмжлэг үзүүлнэ гэдэг байдлаар дүрэм журмыг нь шинэчилж яагаад болохгүй гэж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 104 (6836)