Б.ОЧИР

 

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг АТГ-ынхан  2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд баривчилсан. Тэрбээр бусдаас 3000 ам.доллар авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэдэг. Харин тэрхүү үйлдлийн талаар Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд нэр бүхий иргэн мэдээлжээ.

Хууль хяналтын байгууллагынхан Э.Номинчулуунд  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.8 дугаар зүйлийн Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, 22.10 дугаар зүйлийн Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл ангиар шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Учир нь түүнийг дээрх үйлдлээс гадна “Багануур” ХК-аас зарласан тендерт нэр бүхий компанийг шалгаруулж, ажил гүйцэтгэх явцад нь зургаан тэрбум төгрөгийн төсөвт өртгийг найман тэрбум болгож нэмж өгсөн. Ингэж илүү гарсан санхүүжилтийг тус компанийнхантай хамтарч завшсан.  Түүнчлэн дээрх компанийн барьсан “А” хотхоны 500 сая төгрөгөөр үнэлэгдэх таван өрөө орон сууцыг бэлгэнд авсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж.

Э.Номинчулууныг шалгах явцад анхаарал бас нэг асуудал ил болжээ. Тодруулбал, тэрбээр “...ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир “Багануур” ХК-д белаз шахсан” хэмээн мэдүүлсэн бололтой. Ийм мэдээлэл яригдаад эхэллээ. Хэрвээ уг мэдээлэл баттай бол Ө.Шижирийн шахсан белаз нь “Юнайтед Белаз Машинери” ХХК-ийнх байх магадлалтай. Учир нь уул уурхайн компаниудад  белаз нийлүүлдэг компани Монголд ганцхан бий. Тэр нь “Юнайтед Белаз Машинери” юм. Тус компани 2021 оны дөрөвдүгээр сарын 21-нд хэвлэлд нийтлүүлсэн мэдэгдэлдээ “... “Юнайтед Белаз Машинери” ХХК нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу 2012 онд үүсгэн байгуулагдсан. Хүнд даацын өөрөө буулгагч машины засвар, техникийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Компани үүсгэн байгуулагдсан шалтгаан нь тухайн үед Монгол Улсад белазын үйлдвэрийн машин механизмыг нийлүүлж байсан хэд хэдэн компанид сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээтэй холбоотой гомдол, асуудлууд үүсэж байсан тул “Белаз Холдинг” буюу толгой компанийн зүгээс тус асуудлуудыг шийдэх зорилгоор Монгол Улсад цорын ганц албан ёсны төлөөлөгч, дистрибьютор компани нээх нь зүйтэй гэж үзэж “Юнайтед Белаз Машинери” ХХК-д цорын ганц албан ёсны төлөөлөгчийн эрхийг олгосон” гэж байсан юм. Мөн тус компанийг Монголын улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй холбоотой гэдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ЛХАГВА ГАРАГ. № 104 (6836)