Б.ОД

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2022.05.24) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Энэ төсөл дөрвөн зүйл, 47 хэсгээс бүрдэнэ.

Хуулийн төсөл батлагдсанаар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний зөвшөөрлийг хуулийн этгээд болон хувь хүнд олгох эрх зүйн орчин бүрдэх юм. Ингэснээр татварын суурь өргөжиж, төсвийн орлого нэмэгдэхийн зэрэгцээ татвар төлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах боломжтой гэж УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар үзэж байна.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулиар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг зөвхөн хуулийн этгээд үзүүлдэг. Одоогийн байдлаар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 38 хуулийн этгээд байна.

УИХ-аас Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ (ТМЗҮ)-ний тухай хуулийн төслийг 2012 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр баталсан. Энэ хугацаанд олон улсын татварын харилцаанд гарсан өөрчлөлт, татварын эрх зүйн шинэчлэл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон тул дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсэж байгааг хуулийн төсөл санаачлагч хэллээ.

Тухайлбал, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 75 дугаар зүйлд татварын албаны чиг үүрэгт татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хамааруулж, татвар төлөгч нь татварын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, эрхээ эдлэх талаар хуулиар зөвшөөрөгдсөн татварын мэргэшсэн зөвлөхийн туслалцаа, зөвлөгөө авах эрхтэй байхаар хуульчилсан. Татвар төлөгчийн энэ эрх хангагдах боломж өнөөгийн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд хомс байна.

Мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдийг тодорхой гүйлгээний талаарх мэдээллийг Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд мэдүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрхэн биелүүлж байгаад Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хяналт тавих талаарх зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Эх сурвалж:www.polit.mn