Б.ДОЛЖИНЖАВ

 

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод арьсан эдлэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хасудбат” ХХК-ийн захирал Б.Ганбатыг “Бизнес хөгжил” буландаа урьж ярилцлаа. Арьсан  эдлэлийн шилдэг үйлдвэрлэгч, онцлох ЖДҮ эрхлэгч, оны шилдэг ажил олгогч,  “Оюу толгой”-н шилдэг ханган нийлүүлэгч гэсэн олон шагналын эзэн тус компани бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлэх алсын хараатайгаар ажиллаж байна.

 

-Танай үйлдвэр “Оюу толгой”-д бээлий, хамгаалалтын бүс нийлүүлдэг гэж сонссон. Хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?

-Манай компани боловсруулсан арьс ширээр ажлын арьсан бээлий, нурууны хамгаалалтын бүс, гүний уурхайн бүс, гагнуурчдын илгэн иж бүрэн хувцас, өвдгөвч, miner holder, гутал, цүнх, түрийвч зэрэг арьсан эдлэлийг үйлдвэрлэдэг. Гол түүхий эд болох ямааны гүйцэт боловсруулсан арьсаа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг арьс шир боловсруулах дотоодын аж ахуй нэгжүүдээс авдаг. Манай үйлдвэрлэдэг бээлий үрэлт, зүсэлт, урагдалт, хатгалтанд тэсвэртэй, байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд тохиромжтойгоороо онцлог. Хамгаалалтын арьсан бээлийний EN 388 стандарт нь гар хамгаалах хэрэгслийн механик үйлчлэлээс хамгаалах чадварыг тодорхойлдог. Энэ бээлийг уул уурхай, барилга, хүнд хөнгөн үйлдвэрлэлийн салбар, үйлчилгээний салбар, тээвэр зууч, хангамж, ачилт буулгалт болон бусад салбарт ашиглах боломжтой.

-Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд ямар вэ?

-Үйлдвэрлэлийн хүчин чадлын хувьд өдөрт 1000, жилд 100 гаруй мянган бээлий үйлдвэрлэдэг. Гэхдээ өвөл, зун гэсэн улирлаас шалтгаалаад сард үйлдвэрлэх бээлийний тоо хэмжээ өөрчлөгддөг. Хамгийн том нийлүүлэгч болох “Оюу толгой” компанид сардаа 20 мянга орчим хөдөлмөр хамгааллын арьсан бээлий нийлүүлж байна. Манай үйлдвэр 15 компанитай хамтран ажилладаг. Уул уурхайгаас гадна орон нутгийнхаа төмөр зам, дулааны цахилгаан станц, дугуй засварт хамгаалалтын хэрэгсэл нийлүүлдэг. Түүхий эдээ татахдаа долоо хоногт 5000 ширхэг бог малын боловсруулсан арьсыг авч хэрэглэдэг.

-Ингэхэд танайх хэзээнээс “Оюу толгой” компанитай хамтран ажиллаж байгаа билээ?

-Би 1995 оноос хойш арьсан гутал, арьсан эдлэл хийж эхэлсэн. Харин 2010 оноос “Оюу толгой” ХХК-д хувиараа хөдөлмөр хамгааллын арьс ширэн эдлэл, бүс ханган нийлүүлж, 2014 онд “Хасудбат” компаниа үүсгэн байгуулснаас хойш “Оюу толгой” компанитай тасралтгүй хамтран ажиллаж байна. Олон жилийн туршид тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, чадавхи өндөртэй, улсын хамгийн том баялаг бүтээгчдийн нэгтэй хамтран ажиллаад 11 жил болсон байна. Энэ хугацаанд үйлдвэрлэлийн хүчин чадал 40 хувиар өсөж, тогтвортой, тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явууллаа. “Оюу толгой” компанийн дэмжлэгээр хувийн бизнесээ компани болтол нь өргөжүүлж чадлаа. Үүндээ маш их баяртай байдаг. Манай компани үйл ажиллагаагаа тасралтгүй явуулснаар арьс шир боловсруулдаг томоохон компаниудын ашиг орлого нэмэгдэж, улсад өгөх татварын хэмжээ өсөж, ажилчдын цалингаа тасралтгүй нэмэх нөхцөл бүрдсэн. Мөн ажилчдынхаа нийгмийн даатгалыг тогтмол төлж улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахын сацуу Өмнөговь аймагтаа тогтвортой ажлын байрыг бий болголоо.

-Танай ажилчид бүгд Өмнөговь аймгийн хүмүүс үү?

 Бидний үйлдвэр эсгүүрийн баг, оёдлын цех, арьсан эдлэлийн цех, хэвлэлийн цех гэсэн бүрэлдэхүүнтэй. Туслан гүйцэтгэх цех бас бий. Нийлээд 50 хүний ажлын байр бий болголоо. Үүний 30 нь манай компанийн үндсэн ажилтан юм. Тэдний зарим нь Дундговь аймгаас зорьж ирэн ажиллаж байна. Бид Дундговь аймгийн коллежтэй хамтран ажлын байрны нээлтттэй өдөрлөг зохион шинэ ажилчдаа авч, багаа бүрдүүлдэг. Боловсон хүчнээ өөрсдийн зардлаар ажлын байран дээрээ сургаж бэлддэг. Коллежид сурч төгсөөд ирсэн оёдолчид ч бий.

-Өөр аймгаас ажилчид зорьж ирдэгээс харахад танай цалин хангамж өндөр бололтой?

-Манай ажилчид сард дунджаар 1-2 сая төгрөгийн цалин авдаг. Бүтээмжээс шалтгаалаад гурван сая төгрөгийн цалин авдаг ажилтан ч бий. Цар тахлын үеэр ихэнх байгууллагын үйл ажиллагаа доголдож, хүнд байдалд орсон. Манай компанийн хувьд дотоодоосоо түүхий эдээ авдаг учир үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн. Энэ хугацаанд захиалгаа таслахгүйн тулд бид хичээж ажилласан. Нөөцөө сайн бүрдүүлсэн. Эрсдэлээ тооцоолон орон нутгийнхаа компаниудтай гэрээ хэлцэл хийж, хамтарч ажилласан. “Оюу толгой” компанийн зүгээс захиалгаа таслаагүй бол орон нутгийн засаг захиргаанууд ачаа тээвэр, үйлдвэрлэлд дэмжин ажилласан.

-Орон нутагт бизнес эрхлэхэд ямар асуудал тулгардаг вэ?

-Жижиг дунд бизнес эрхлэгч болгонд санхүүгийн асуудал тулгардаг. Зарим нь үүнийг даван туулдаг. Зарим нь энэ асуудлаас болон үйл ажиллагаагаа зогсоодог.  Манай компанийн хувьд ийм бэрхшээлтэй нүүр тулсан. Гэхдээ “Оюу толгой” компаниас эхлээд том байгууллагуудтай идэвхтэй хамтран ажилладаг учир үйл ажиллагаа тасалдсан удаа байхгүй. Гэхдээ төрөөс бизнес эрхлэгчдэд үзүүлж байгаа дэмжлэг бага,  хэрэгжүүлж байгаа бодлого бодитой биш санагддаг. Татварын таатай нөхцөл бүрдүүлэхгүй байгаа нь бизнес эрхлэгчдэд тулгардаг гол асуудал юм.

Танай компанийн хэтийн зорилго юу вэ?

-Манай байгууллага бизнес төлөвлөгөөнийхөө 40 хувийг биелүүлээд явж байна. Цаашид үйл ажиллагаа томруулан, “Хасуд” брэндээ Монгол Улсдаа таниулах, хүчин чадал, ажлын байраа нэмэгдүүлэхээр зорьж байна. Эхлээд дотоодын зах зээлдээ 10 бүтээгдэхүүнээ хэрэгцээт хэмжээгээр нь бүрэн нийлүүлж, дараа нь гадаад руу экспортлохоор төлөвлөж байна.

-Ингэхэд та арьс ширэн үйлдвэрлэлийн бизнесийг яагаад эрхлэхээр болсон юм бэ?

-Миний үндсэн мэргэжил уг нь цахилгаанчин. Анх цэргээс ирээд охиндоо гутал хийж өгсөн юм. Энэ нь өөр бусад зүйлсийг хийж чадах юм байна гэсэн бодлыг надад төрүүлснээр арьсан гутал, цүнх үйлдвэрлэж эхэлсэн. Ийн өргөжсөөр өдгөө компанийн түвшинд хүрээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 103 (6835)