С.УЯНГА

Үндсэн хуулийг өөрчлөх санал санаачлага, шаардлага хүчтэй өрнөж байна. Энэ хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт”-ийн асуудлаар эрдэмтэн, судлаач, хуульчдын санал, зөвлөмжийг сонслоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэсэн уур амьсгал, хэрэгцээ шаардлага нийгэмд бүрэлдчихлээ. Тиймээс цуврал хэлэлцүүлэг хийгээд явна. Үндсэн хуульд оруулж болох нэмэлт өөрчлөлтийн нэг хэсэг болох сонгуулийн тогтолцоог  өнөөдөр хэлэлцүүллээ. Улс төрийн нам, олон нийтийн байгууллага, иргэдтэй уулзаж саналуудыг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр танилцуулна. Тавдугаар сарын 31 гэхэд санал дүгнэлтээ гаргана. Түүнээс цааш УИХ ямар алхам хийх вэ гэдгээ тодорхой болгоод шийдвэрлээд явна. Хамгийн гол нь Үндсэн хуулийг өөрчлөх хүлээлт, зайлшгүй шаардлага ямар байна вэ гэдгийг тодруулах ёстой.

2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш гурван жилийн дараа дахин өөрчлөлт оруулахад хүрвэл чухам ямар үндэслэлүүд байна, эдгээр өөрчлөлтийг хийхгүй бол ямар сөрөг үр дагаварт хүрэх, өөрчлөлт хийснээр Монголын ардчилал, парламентын засаглалыг бэхжүүлэхэд ямар эерэг үр нөлөө авчрах вэ гэдэг тухайд итгэл үнэмшил бүхий, үндэслэл нотолгоотой дүгнэлтүүдийг гаргах үүргийг Ажлын хэсэг хүлээж буй” гэдгийг  дурьдлаа.

Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн судлаачид хаврын чуулганы хугацаанд багтаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн улс төрийн намын санхүүжилтийг хөндсөн юм. Үүнд УИХ-ны гишүүн Ц.Мөнхцэцэг хариулахдаа “Улс төрийн намын санхүүжилтийн асуудалд Ажлын хэсэг анхаарч байна. Ерөнхийлөгч энэ хуулийг удахгүй өргөн барина. Улс төрийн намын тухай хуулийн төслийн 60 хувийг санхүүжилтийн асуудал эзэлж байгаа. Намын тогтолцооны шинэчлэл хийгдэнэ” гэв.

Эрдэмтэн судлаачид, хуульчид  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нийгмийн зөвшилцлийг ханган хийх нь зөв, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр буруу гарсныг ямар арга замаар, хэрхэн, яаж засах вэ гэдэгт ухаанаа  уралдуулах шаардлагатай, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулалгүйгээр сонгуулийн тогтолцоог Улсын Их Хурал ямар л бол ямар хэлбэрээр өөрчлөөд явах эрх нь бий, гишүүдийн тоог нэмж, төвлөрсөн эрх мэдлийг сааруулах шаардлагатай гэх зэргээр өөрсдийн саналаа илэрхийллээ. Хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэе.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Парламент дахь тэгш төлөөллийн зарчим алдагдсан

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал 2019 онд хөндөгдөж байсан. Тухайн үед санал хураалт явуулж байсан. Гол зорилго нь УИХ-ын ард түмний төлөөлөх, хууль тогтоох чадварыг нэмэгдүүлж, эрх мэдлийн хяналт тэнцлийг хангахад гишүүдийн тоог нэмэх практик хэрэгцээ байна гэсэн эрдэмтэн судлаачдын дүгнэлт байдаг. Мөн УИХ-ын гишүүд сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэх нь эрх мэдлийн хяналт тэнцлийн хүрээнд удаа дараа судлагдаж ирсэн. Ард түмний зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцэж байлаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимаа бүрдүүлээд хоёр жилийн хугацаанд гарч байгаа эерэг болон сөрөг үр дагаврыг нарийвчлан судлах, олон нийтийн дунд хэлэлцүүлэх боломж нээлттэй. Сонгуулийн тогтолцоо хүн амын төлөөллийг хэрхэн хангаж байгааг эргэж харахаас аргагүй. Хүн амын тэгш бус төлөөллийг үүсгэсэн байх магадлалтай. Хотоос сонгогдсон гишүүд 99 мянган хүнийг төлөөлж байгаа бол орон нутгийнх 55 мянга байгаа нь парламент дахь тэгш төлөөллийн зарчим алдагдсаныг харуул байна.  


Хуульч Д.Үүрцайх: Төрийн эрх мэдлийн хуваарилалтын алдаагаа засах хэрэгтэй

-Сонгуулийн тогтолцооноос гадна төрийн эрх мэдлийн хуваарилалтад байгаа суурь алдаануудаа засья гэсэн агуулгаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хөндөж байна. Тиймээс хаврын чуулганаар маш яаралтай Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж тогтолцоогоо өөрчилж чадахгүй бол 2024 оны сонгуулийн дараа ямар парламент бүрдэх вэ. Өнөөдрийн бүрдсэн улс төрийн намуудын дунд болон нийгмийн зөвшилцөл дахин хийгдэж чадах уу гэсэн эрсдэлтэй нүүр тулна. Зөвхөн сонгуулийн тогтолцоог өөрчлөөд урагшлахгүй. Мөн төрийн эрх мэдлийн хуваарилалтад байгаа алдаагаа засахгүй бол өөрчлөгдөхгүй. Үндсэн хууль түүхэн цаг үед үүргээ гүйцэтгэсэн. Тэглээд гээд тэврээд хэвтээд байж болохгүй. Дэлхийн улс орнуудын бар болох 30 жилийн хугацааг хий алдсан. Тиймээс өөрчлөлтийг зоригтой хийх ёстой. Үндсэн хуулийг өөрчилснөөр төр тогтворгүй болохгүй. Тэгш биш мандатын тоо, саналын эрхтэй байгаа. Төрөө тэгш эрхгүйгээр сонгоно гэдэг Бүгд найрамдах ёс, ардчилсан ёс биш биз дээ. Энэ янзаараа явбал цаашдын 10 жилийг хэцүү байдалд өнгөрүүлнэ.

 

ШУТИС-ийн багш Я.Төгөлдөр: Судлаачдын санал парламентын танхимд унадаг

-Өнөөдрийг хүртэлх найман удаагийн сонгуульд ихэнх тохиолдолд тогтолцооны өөрчлөлт хийсэн. Гэхдээ яг сонгуулийн тогтолцоо гэж юу вэ гэсэн үндсэн суурь зарчмыг тодорхойлж, тэр ач холбогдлыг харж өөрчилсөн үү гэдэгт эргэлздэг. Үнэхээр төлөөллийг хангах, улс төрийн намыг бэхжүүлэх, дотоод ардчиллыг сайжруулах Засгийн газрыг тогтвортой байлгах, улс орны хөгжлийн нэгдсэн бодлогыг тодорхойлох зэрэг сонгуулийн тогтолцооны 10 суурь зарчмыг хангасан уу. Өнгөрсөн сонгуулийн тогтолцоо энэ зарчмыг хангаагүй. Сонгуулийн  холимог тогтолцоо хэрэгжээд явах бүрэн боломжтой. Парламентын төлөөллийн ардчиллыг бэхжүүлэхээр бол энэ хувилбар руу орох хэрэгтэй. Мөн улс төрийн намын төлөвшлийг ярих хэрэгтэй. Судлаачдаас санал авдаг. Бид тойрч суугаад маш олон санал санаачлага гаргадаг. Гэхдээ судлаачдын санал парламентын танхимд, шийдвэр гаргах түвшинд очоод унадаг. Тиймээс гишүүд ямар саналтай байгааг дахин дахин асуумаар байна. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэгт хэлсэн бидний санал үнэхээр тусах уу, үр дүнтэй байх уу гэдэгт эргэлзэж байна.

 

Хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал: Парламент хоёр танхимтай болох нь  тийм муу тогтолцоо биш

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөс өмнө Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтийн хуулийг өөрчлөх шаардлагатай. Нийгэмд улс төрийн намын нэр хүнд унасан нөхцөлд сонгуулийн тогтолцоог хэчнээн сайжруулаад үр дүн муутай. Хоёрдугаарт, сонгуулийн пропорцианаль тогтолцоог болгоомжтой авч хэрэглэх ёстой. Энэ тогтолцоо хэдийгээр иргэдийн саналыг гээдэггүй ч гэсэн бие даагч, улс төрийн жижиг намууд гарч ирэх бололцоог нэмэгдүүлдэг. Ингэж харвал Засгийн газрыг хэрхэн байгуулахад төвөгтэй байдал үүсч мэднэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Тогтолцооноос илүү төлөөллийн зарчмыг ярих нь зүйн хэрэг. Хамгийн их хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг бий. Гэтэл эдгээр дүүргээс сонгогдсон гишүүдийн тоо аймгийнхтай харьцуулшгүй. Энэ зөрүүг хэрхэн авч үзэх юм бэ. Улс төрийн намын санхүүжилтийг бүрэн хянаж чадахгүй байгаа. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр унасан парламент хоёр танхимтай болох асуудал тийм муу тогтолцоо биш. Авч хэрэгжүүлж болно.

 

Судлаач С.Халиунаа: Нэг гишүүн 461 тэрбум төгрөгийн төсөв батлах эрх мэдэлтэй байна

-Өнөөдөр 76 гишүүн маш их эрх мэдэл төвлөрүүлсэн. Монгол Улсын 18 их наяд төгрөгийн төсвийг 39 хүн сууж байгаад баталж байна. Өөрөөр хэлбэл, нэг УИХ-ын гишүүн 461 тэрбум төгрөгийн төсөв батлах эрх мэдэлтэй байна. Энэ тоог хамгийн багадаа дөрөв дахин нэмэгдүүлж байж эрх мэдэл төвлөрлийг багасгана. Хамгийн багадаа 150-160 гишүүн болж байж нэг гишүүний төсөв батлах тоо 100 тэрбум төгрөгөөс ихгүй болно. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр яригдаж байсан 108 гэсэн тоо ч багадна. Нэг гишүүн хамгийн багадаа 2-3 байнгын хороон дээр ажиллаж байна. Ажлын ачаалал дагаж чанар буурна. Тэгэхээр эрх мэдэл төвлөрлийг бууруулж, ажлын ачаалалд тааруулж хуулийн чанар сайжруулья. 76 гишүүн өрсөлдөж байгаа нь мөнгөний сонгууль болж байна. Нэг хүн 3-5 тэрбум төгрөг зарцуулж байж сонгуульд оролцож байгаа нь эмэгтэйчүүд болон залуучуудад дуу хоолойгоо хүргэх боломжгүй. Ийм хэмжээний мөнгийг сонгуульд зарцуулах залуус хэр олон байх вэ. Эрх мэдлийг мөнгөтэй хүмүүсээс холдуулахын тулд гишүүдийн тоог нэмэх зайлшгүй шаардлагатай. 
 

МУБИС-ийн дэд захирал, Улс төр судлалын доктор Н.Мягмарцоож: Иргэдийн төлөөлүүлэх эрхийг хангаж өгөх хэрэгтэй

-Сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг миний мэдэхийн сүүлийн 20-30 жил ярьж байна. Пропорциональ байх уу, холимог байх уу гэдэгт эрдэмтэн судлаачид байнга саналаа хэлсээр ирсэн. Бодит байдал дээр хуульд тусаад явж байгаа нь төдийлөн тодорхой биш байна. Холимог тогтолцоогоор явбал ямар вэ гэдэг нь 2012 онд харагдсан байх. Ер нь бол төлөөллийн ардчиллын хамгийн энгийн ойлголт бол төлөөлүүлэх чадварын асуудал. Төлөөлөх гэдэг нь иргэд. Статистик тооноос харахад сонгуулийн тогтолцоог холимог юм уу пропорциональ руу шилжүүлэх нь зайлшгүй шаардлагатай. Ингэж байж иргэдийн төлөөлүүлэх эрхийг хангаж өгөх иргэдийн суурь үзүүлэлт болох юм. Парламентад сонгогдож гишүүн болохдоо 49 хувийн дэмжлэгийг авч байх жишээтэй. Эндээс төлөөлөл хангагдаж чадахгүй байгааг харж болно. Сонгуулийн тогтолцоотой холбоотойгоор газар нутгийн чөлөөлөх чадварыг харгалзан үзэхийг үгүйсгэхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 103 (6835)