З.БАТЦЭЦЭГ

 

Европын зөвлөлийн (CE) хүний эрхийн комиссар Дуня Миятович WikiLeaks цахимыг үндэслэгч Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгөхгүй байхыг уриаллаа гэж Европын зөвлөлийн хэвлэлийн алба мэдээллээ.

Захидал тавдугаар сарын 10-ны өдрийн он сартай байсан ч Европын зөвлөлийн цахим хуудаст тавдугаар сарын 18-ны лхагва гарагт нийтлэгдсэн байна.

Захидлыг Их Британийн Дотоод хэргийн сайд Прити Пателд хаяглан “Ассанжийг шилжүүлэн өгөхийн эсрэг шийдвэр гаргахыг уриалж байна” гэжээ. Ассанжийг шилжүүлэн өгөх нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд сөргөөр нөлөөлнө гэж Европын комиссар онцолжээ.

Өмнөх өдөр нь Ассанжийг өмгөөлөх тал Их Британийн Дотоод хэргийн яамны даргад хүсэлт гаргаж, түүнийг АНУ-д шилжүүлэн өгөхийг хориглохыг хүссэн юм. Лондоны Вестминстерийн шүүх Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгөх шийдвэрийг өмнө нь гаргасан бөгөөд ингэсэн тохиолдолд түүнд 175 жилийн хорих ял оноох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 101 (6833)