С.САРУУЛ

Ардчилсан намын 4/11 ээлжит мэдээлэл Төрийн ордонд боллоо. Энэ удаа Ардчилсан намын нэр барьсан хууль бус этгээдүүд Улсын дээд шүүхэд нөлөөлөх гэж оролдож байгаа талаар мэдээлэл хүргэв. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Маргааш буюу тавдугаар сарын 20-ны өдөр Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд өөрийгөө Ардчилсан намын дарга гээд яваад байгаа хэсэг бүлэг хүн нөлөө үзүүлэх гэж байна. Тиймээс АН-ын удирдлагын зөвлөл энэхүү мэдээллийг хийж байна. Х.Баттулга  “хаан” байх үеэсээ шүүх рүү дайрсан, түүний Тамгын газрын дарга байсан нэг нөхөр бий. УИХ-ын даргын дүрээсээ одоо болтол гарахгүй яваад байгаа. Энэ хоёр хүн үргэлж хараат бусаар ажиллах ёстой шүүх эрх мэдлийн дархлааг үгүй хийх гэж оролдож байсан. Үүнээс гадна манай хэдэн гишүүн өчигдөр хуулийн төсөл өргөн барьсан. Хуулийн сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан ч хууль гэдэг нь нийтлэг ашиг сонирхлыг илтгэнэ гэдгийг мэддэг. Гэтэл УИХ-ын гишүүд маань нэг хүнд албан тушаал бий болгохын тулд хуулийн төсөл өргөн барьж байгаа нь инээдтэй байна. Ийм хуулийг УИХ хэлэлцээд сууна гэж байхгүй. Энэ хүмүүст хуулийн ямар ч мэдлэггүй хүмүүс зөвлөөд байна. Эсвэл үнэт зүйл, зарчимгүй, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүсийн үйлдэл гэж харж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn