Х.ХАТАН

Хуулийн хүрээнд олон шинэчлэл явагдаж байна. Шинэчлэгдэн батлагдсан хуулийг хэрэгжүүлэхгүй бол реформ цаасан дээр үлдэх талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Зууны мэдээ” сонины “Leaderships forum” буланд уригдаж ярьсан билээ. Түүний ярилцлагаас онцлох 15 ишлэлийг тоймлон хүргэж байна.

-Хийгдэж буй эрх зүйн шинэчлэлийн гол утга учир нь технологийн давуу талыг эрх зүйн зохцуулалтай хослуулан уялдуулж, эрх зүйн орчиндоо шингээж өгөх, технологийн уугуул иргэд болох шинэ үеийнхэнд ажиллаж, амьдрах таатай орчин, тэдний сэтгэлгээнд нь тааруулсан хууль, эрх зүйн суурь хөрсийг тавихад анхаарч байна.
-Мэдээлэлтэй иргэн төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд бодитой оролцож санал шүүмжээ хэлж, эргээд хяналт тавьж чадна. Улсын бүртгэлийн багц хуулиар хуулийн этгээдийн болон зарим хөрөнгийн эрхийн мэдээллийг ил тод болгосноор олон бугшсан зүйл олон нийтийн анхааралд орж, нээлттэйгээр асуудлыг шийдэх гарц бий болохын зэрэгцээ хувьцаа эзэмшиж байгаа, эсвэл үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа этгээдийн эрхийн хамгаалалт болсон.
-Аливаа эрх зүйн шинэчлэл, реформ хуулийн текстийг шинэчлэхээсээ гадна хэрэгжилтийг дэмжих дэд бүтцийг бий болгох, хүний нөөцөө бэлтгэх, чадавхжуулах, сургах, алба хаагчдын хандлагыг өөрчилж байж бүрэн хэрэгждэг.
-Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар төрд байгаа таван чиглэлийн 68 багц мэдээллийг нээлттэй байлгах үүргийг төрийн байгууллагууд хүлээж байгаа, энэ нь төрд, иргэнд, бизнесийнхэнд ч хэрэгтэй. Хүний эрхийг зөрчихгүйгээр эдгээр мэдээллийг эргэлтэд оруулах асуудлыг хуулиар зохицуулж өгч байгаа.
-Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн амин сүнс нь төрд байгаа мэдээллийг үйлчилгээ авах гэж буй иргэнээс шаардахгүй байх явдал юм. Ингэснээр үр дүнгүй зардлыг хэмнэж, иргэдэд учирдаг чирэгдлийг багасгана гэсэн үг. Мэдээж үүний цаана авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эерэг нөлөөтэй гэж харж байна.
-Төрийн байгууллагууд хувь хүний мэдээллийг ашиглах тохиолдолд тухайн иргэний утсанд юм уу, мэйл хаягт мэдэгдэл хүргэдэг болж байгаа бөгөөд таны мэдээллийг төрийн хэн гэж албан тушаалтан ямар зорилгоор үзэж танилцаж, ашиласан нь иргэнд очдог болсон.
-Иргэдэд төрөөс үнэ төлбөргүй цахим гарын үсэг олгох замаар өөрийгөө цахим орчинд болон бусад газар таниулах, баталгаажуулах бололцоог бүрдүүлж байна. Цахим гарын үсэгтэй болвол зайнаас өөрийгөө цахим гарын үсгээрээ таниулаад баталгаажуулаад төрийн үйлчилгээ авах бололцоотой болно. Цаашдаа цахим гарын үсэг бол цахим шилжилт, цахим үндэстэн болоход том түлхэц болно.
-Цахимаар гадаадын иргэд, хөрөнгө оруулагчдад виз мэдүүлэх бүрэн боломжтой болсон. Гадаадын иргэд ч тусгай зөвшөөрөлтэй компаниас цахим гарын үсэг авч үйлчилгээ авах боломжтой. Хялбар болгохыг зорьж байна, гэхдээ хялбар болгохын хэрээр хяналтаа сайжруулаад явна. Монгол Улсын хилээр орж ирж байгаа иргэдийн хурууны хээг авч мэдээллийн сан үүсгэх хууль эрх зүйн зохицуулалттай болсон.
-Авлига ашиг сонирхлын хэрэг дэх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд оногдуулж байгаа ялын бодлогыг чангатгах, торгох санкцыг нэмэгдүүлэх, хүндрүүлэх бүрэлдэхүүнд зөвхөн хорих ял оногдуулдаг байх, хөөн хэлэлцэх хугацааны асуудал дээр нь анхаарч уртасгах, бүрэн эрх нэрийн дор гэмт хэргээ шалгуулахгүй байгаа тохиолдолд тухайн хөөн хэлэлцэх хугацаа нь тасалдаад бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа тоолдог байх зохицуулалтыг тусгаад байгаа.
-Хувийн хэвшил хийж болдог бизнесийг төр өөрөө компани байгуулж ордог зах замбараагүй байдлыг хязгаарлах, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, ил тод байдлыг хангах чиглэл дээр хуулийн төсөл өргөн барьчихаад байна.Эдийн засаг, хөрөнгө оруулалтыг боомилдог, хязгаарладаг бус харин дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх нь чухал байна.
-Оюуны өмчийг хамгаалж байж аж үйлдвэр хөгжинө. Аж үйлдвэрийн цаана технологи, патентын асуудлууд байдаг. Энэ бүхэнд чанарын өөрчлөлт хийхгүйгээр манайд аж үйлдвэр, шинэ технологи дагасан бизнес хөгжихгүй. Тиймээс олон улсын гэрээ конвенцод нийцүүлж хуулийн шинэчлэлийг боловсруулж батлуулсан.
-Шүүхийн тухай хууль шинэчлэгдэн өөрчлөгдөж, тодорхой хэмжээний шүүх эрх мэдэл хараат бус бие даан ажиллах бололцоо бүрдэж байна. Үүнийг дагаад Шүүх байгуулах хуулийг батлуулах ёстой. Цаашдаа шүүхийг төрөлжсөн байдлаар татварын шүүх, гэр бүл, хүүхдийн шүүх, арилжаа эрхлэх бизнесийн маргааныг шийддэг арилжааны шүүх, эсвэл иргэний шүүх дотроо арилжааны танхимтай болох ч гэдэг юм уу, ийм чиглэл рүү хууль эрх зүйн шинэчлэлүүдийг хийхээр ажиллаж байгаа.
-Хууль эрх зүйг шинэчлээд хэрэгжүүлэх тал дээр анхаарахгүй бол реформ цаасан дээр үлдэнэ. Хамгийн түрүүнд салбарын албан хаагчдыг шинэ хууль эрх зүйн орчиндоо сургах, чадавхжуулах нь чухал байгаа. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн салбарын хэмжээнд ажиллаж байгаа 30 орчим мянган албан хаагч нийтлэг үзэх хичээл, сургалт, түүнчлэн шинэ хуулийн талаар нэгдсэн ойлголт өгөх зорилгоор, мөн яг тухайн цагдаагийн алба хаагч эсвэл улсын бүртгэгчийн чиг үүрэг, ажил мэргэжилтэй нь холбоотой сургалт, мэдээллийг өгдөг цахим платформыг бий болгоно.
-Түүнчлэн иргэддээ хууль тогтоомжийн талаарх мэдээллийг хүртээмжтэй, энгийн, ойлгомжтой форматаар хүргэдэг, ялангуяа зорилтот бүлэг буюу ахмадууддаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ мэдээлэл авах бүх боломжийг бий болгоход онцгой анхаарч ажиллаж байна.
-Цаашдаа төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд технологийн давуу талыг ашиглах, хуулийн хэрэгжилтийг иргэдийнхээ дэмжлэгт тулгуурлаж, алба хаагчдын мэдлэг, ур чадвар, хандлага, харилцаан дээр Хууль зүй, дотоод хэргийн яам онцгой анхаарч байгаа.

Эх сурвалж: www.polit.mn