Ч.ГАНТУЛГА

 

Энэ жил ЦДБЭЧ-ын түүхт 90 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөжээ. Тиймээс энэ дугаарын зочноор ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан, ахлагч Н.Түвшинжаргалыг урьж, ярилцлаа.

 

-Танай чуулга энэ жил 90 настайгаа золгож байна. Ойн хүрээнд дуулалт жүжиг тавих гэж байгаа гэж сонслоо?

-Энэ жил манай чуулгын 90 жилийн ойгоос гадна монгол цэргүүд олон улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой давхар тохиож байна. Анх 2002 онд хоёр ажиглагч офицер явуулснаар энэ том үйл хэргийн суурь тавигдсан байдаг. Үүнээс хойш монгол цэргүүд дэлхийд үүрэг гүйцэтгээд тасралтгүй 20 жил болжээ. Тиймээс халуун цэг дээр тангараг өргөж, үүрэг гүйцэтгэж байгаа үе үеийн цэрэг албан хаагчдын амьдрал хэрхэн өрнөдөг, тэдний минь амь ямар үнэ цэнтэй болох, ард нь үлдсэн гэр бүл нь хэрхэн санаа зовж шаналдаг вэ гээд энхийг сахиулагчдын бүхий л амьдрал, жаргал зовлонг багтаасан дуулалт жүжгээ энэ сарын 28-нд нээх гээд манай чуулгынхны хувьд ундарсан их ажилтай байна.

-Өмнө нь олон улсад энхийг сахиулаад ирсэн албан хаагчдын тухай жүжиг тавьж байна гэж сонсоогүй. Танай чуулгын хувьд анхдагч болж байх шиг байна?

-Энхийг сахиулагчдын тухай дуулалт жүжиг хийсэн анхны урлагийн мэргэжлийн байгууллага нь манайх болж байна. Үүнээс гадна ЦДБЭЧ-ын хувьд сүүлийн жилүүдэд ийм том хэмжээний бүтэн жүжиг тавиагүй байсан. Бидний хувьд 90 жилийн ойдоо зориулж барьж байгаа хамгийн том бэлэг нь энэ бүтээл гэж ойлгож болно. Мөн энэхүү дуулалт жүжиг маань Ерөнхийлөгчийн гаргасан энхийг сахиулагчдын 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай зарлигийн дагуу бүтээгдэж байгааг онцлон хэлье. Одоогоор манай чуулгын 70-80 хүн хүч хөдөлмөрөө шингээж, шинэхэн уран бүтээлдээ сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна.

-Энхийг сахиулагчдын амьдрал гэхээр үнэхээр сонирхолтой санагдаж байна. Ялангуяа эдгээр хүмүүсийн тухай мюзикль хэлбэрээр өгүүлнэ гэхээр бүр содон юмаа?

-Хамтдаа энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчид маань амьдралын сайхан найзууд болоод үлддэг юм билээ. Арга ч үгүй биз. Энхийг сахиулах ажиллагаанд оролцох нь ямар эрсдэлтэй, хүнд үүрэг болохыг биеэрээ мэдрээд, хүний нутагт нэг нэгнээ түшиж тулж явсан хүмүүс эргээд эх орондоо ирсэн ч тэр сэтгэл нь мөнх үлддэг байх. Манай жүжиг гурван гол дүртэй. Энэ гурван залуугийн нөхөрлөл жүжгийн гол зангилаа гэж ойлгож болно.

-Таны хувьд гол дүр гэж сонссон. Дүрийнхээ судалгааг хэрхэн хийв?

-Бидэнд түүхэн судалгаа гээд уншихаар ном зохиол байхгүй. Харин энэ 20 жилийн хугацаанд ажиллагаанд оролцоод ирсэн энхийг сахиулагчид маань бидэнд заавар зөвлөгөө өгч байна. Жишээлбэл, манай мюзиклийн цэргийн зөвлөхөөр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал С.Ганбямба, Монголын анхны эмэгтэй генерал Г.Болор нар ажиллаж байна. Мөн манай чуулгын дарга хурандаа Г.Золзаяа маань өөрөө ажиллагаанд оролцоод ирсэн хүн. Эдгээр зөвлөхүүд маань ерөнхийдөө бидэнд халуун цэг дээр ямар байдаг тухай ярьж, зааж, чиглүүлж байгаа. Харин зохиолыг ЦДБЭЧ-ын уран бүтээлч, хурандаа Р.Өнөржаргал эгч бичиж, хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, ерөнхий найруулагчаар М.Түвшинхүү гэсэн уран бүтээлчид ажиллаж байна. Зохиолч Өнөрөө эгчийн маань хувьд нөхөр нь энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан. Тиймээс их судалж байж зохиолоо бичсэн юм билээ.

-Эдгээр зөвлөхүүд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан үеийнхээ тухай юу гэж ярьж байх юм?

-Яг дайны цэг дээр уур амьсгал ямар байдаг, алан хядах ажиллагааг хэрхэн хийдэг, алба хаагчид яаж амь насаараа дэнчин тавьж тухайн хуарныг хамгаалдаг тухай олон зүйл ярьж өгсөн. Ажиллагаанд оролцох эрхтэй болсон цэргүүдийг хоёр хоёроор нь хуваарилдаг юм билээ. Ямар ч үед хамтдаа байж, хэцүү цаг үед нэгнээ орхилгүй ирэх үүрэг өгдөг. Эдгээр хүмүүсийн яриаг сонсох бүртээ монгол хүн болж төрснөөрөө, монгол дайчдаараа үнэхээр бахархах сэтгэл төрж байлаа. 

-Таны дүрийн хувьд ямар онцлогтой, хэрхэн хувьсан өөрчлөгдөж, үзэгчдэд ямар ухаарлыг өгөх бол?

-Би энэ уран бүтээлд Санчир гэсэн дүр дээр ажиллаж байна. Энхийг сахиулах ажиллагаанд оролцох залуус их олон шалгуур, олон сар өдрийн хүнд бэлтгэлийг давж үүрэг гүйцэтгэх эрхтэй болдог. Эдгээр сонгогдсон залуусаас хоёр цэрэг зөрчилдсөнөөр жүжгийн үйл явдал өрнөдөг. Гэвч халуун цэг дээр очоод хэрхэн нөхөрлөж буй тухай цааш хөвөрнө. Ер нь эрчүүдийн нөхөрлөл, эх орноо гэх сэтгэл ямар үнэ цэнтэй болохыг эцэст нь Санчир ойлгодог.

-Таны хувьд ямар шалгуураар гол дүр дээр ажиллах эрхтэй болов?

-Миний хувьд өмнө нь мюзикльд ажиллаж байсан туршлагатай. “Парисын дарь эхийн сүм”, “Ромео Жульетта” болон хүүхдийн дуулалт жүжигт ажиллаж байлаа. Энэхүү шинэ жүжиг маань миний дуулах дөрөв дэх мюзикль. Магадгүй энэ туршлагыг маань харгалзаж үзээд найруулагч надад гол дүр санал болгосон байх гэж бодож байна.

-Таны хувьд яг энэ мюзиклийн дуучин чиглэлээр сургууль төгссөн үү?

-Би СУИС-ийн эстрад дуулаачийн ангийг төгссөн. 2009 оноос оюутан байх үеэсээ ЦДБЭЧ-тай амьдрал, хувь заяагаа холбон ажиллаж байна. Анх ажиллаж эхлэхэд л сэтгэлд дотно, их сайхан санагдаж байсан. Тиймээс сургуулиа төгсөөд заавал энэ байгууллагад орно гэж өөртөө зорилт тавьсан юм. Миний хувьд багаасаа л цэргийн амьдралын жаргал зовлонг мэднэ. Учир нь аав минь зэвсэгт хүчний 016 дугаар бригадад ажилладаг дэд хурандаа цолтой, цэргийн хүн байлаа. Бага нас минь цэргийн ангид өнгөрсөн гэж хэлж болно.

-Урлагийн мөртлөө үүрэг гүйцэтгэдэг, мөрдэстэй байна гэдэг бахархам сайхан байх даа?

 -Урлаг, цэрэг хоёрыг хослуулах нь олон давуу талтай. Мөн үүнийгээ дагаад өндөр хариуцлага үүрч яваа гэж боддог. Бид чөлөөт уран бүтээлчид шиг дуртай үедээ уран бүтээлээ хийнэ, өөрийн дураар амарна гэж байхгүй. Бүхий ажил маань үүрэг өгсний дагуу даргын тушаалаар явдаг. Өглөө ирээд нэгдэхээс эхлээд төрийн байгууллагын албан хаагчид хэрхэн ажилладаг тэр журмын дагуу ажлын нэг өдөр маань өнгөрч байна.

-Цэргийн байгууллагын дуучин гэдэг бусад уран бүтээлчдээс юугаараа ялгарч, онцгой байх ёстой гэж боддог вэ?

-Бусад дуучнаас ялгарч, онцгой байна гэхээс илүү мэргэжлийн урлагийн байгууллагат ажиллана гэдэг өөрөө асар их хариуцлага. Жишээлбэл, чөлөөт уран бүтээлчид өглөө бүр бидэн шиг бэлтгэл хийхгүй шүү дээ. Үүнийгээ дагаад мэргэжлийн түвшин нь илүү өндөр байдаг юм болов уу гэж би боддог. Ялангуяа эрдмийн гэсэн тодотголтой чуулгын уран бүтээлчид маань хэдийгээр асгарсан их авьяастай ч олонд танигдах бус чанартай уран бүтээл хийхийг чухалчилдаг их даруухан хүмүүс байдаг.

-Хилийн цэргийн чуулгын хувьд жилд хоёр удаа ч юмуу хил дээр байгаа хилчиддээ хүрч, уран бүтээлээ хүргэдэг төлөвлөгөөтэй ажилладаг юм билээ. Танай чуулгын хувьд орон нутагт алба хашиж байгаа цэргийн байгууллагынхандаа хэр хүрч ажилладаг бол? 

-Манай чуулгын хувьд ч хөдөө орон нутаг руу байнга бригад явдаг. Харин сүүлийн жилүүдэд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад энэ ажил маань түр завсарласан. Энэ намраас буцаад орон нутгийнхаа цэргийн ангиудаар явж тоглолтоо толилуулах төлөвлөгөөтэй байгаа. Миний хувьд ЦДБЭЧ-т ажиллаж эхэлснээс хойш уран бүтээлчидтэйгээ хоёр удаа эх орноо бүтэн тойрч, цэргийн ангийн албан хаагчиддаа уран бүтээлээ хүргэсэн удаатай.  

-Танай чуулгын уран бүтээлчдийн хувьд хээрийн бэлтгэл, цэргийн бэлтгэлийг хэр хийдэг юм бол?

-Манайх цэрэгжилттэй байгууллага. Тиймээс өгөх ёстой шалгалт, бие бялдрын үзүүлэлтийг бүгдийг нь өгдөг. Буудлага, гранат шидэхээс эхлээд аранзны үзлэгт хүртэл байнга хамрагддаг. Үүнээс гадна хол, ойрын зайн гүйлт гээд үргэлж бэлтгэлтэй байдгаараа онцлогтой.

-Таны хувьд урлагийн цэргийн амьдралыг сонгосноороо хувь хүн талдаа ямар ололттой зан чанарыг олж авав?

-Миний ажиллаж байгаа Санчир гээд дүр их омголон залуу. Хааяа дүрээ бодохоор өөрийнхөө энгийн байсан үеийг харж байгаа юм шиг санагддаг. Харин цэргийн, урлагийн байгууллагад ажиллах болсноор би өөрийгөө даруулгатай болсон гэж боддог. Цэргийн амьдрал, хамт олон гэдэг хүнийг төлөвшүүлдэг юм байна. Анх би гурван жил цолгүй, энгийнээр ажилласан юм. Харин цол авснаар өөрийгөө илүү хурцалж, дайчлах болсон.

-Цол авч, мөрдэс зүүх тэр мэдрэмж сайхан л байх даа? 

-Үгээр хэлж чадахааргүй их сайхан мэдрэмж байдаг юм билээ. Би анхандаа цолгүй ажиллая гэж боддог байсан юм. Нэг хэсэг өөр ажил хийдэг ч юм билүү гэж бодсон удаа бий. Гэхдээ хүн өөрийн хүсч, тэмүүлсэн зүйлээ тийм ч амархан орхиж чаддаггүй юм билээ. Удаа ч үгүй аав минь бурхан болсон. Эргээд бодоход аавыгаа байхад л цолоо авах байсан юм гэсэн бодол төрдөг шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 19. ПҮРЭВ ГАРАГ. № 100 (6832)