Б.ДАРЬСҮРЭН

Төрөөс эрчим хүчний үнэ тэр дундаа эрчим хүчний нүүрсний үнийг хатуу барих бодлого баримталж байгаагаас эрчим хүчний салбарт санхүүгийн бэрхшээл нүүрлээд байна.

 Эрчим хүчний эх үүсвэр, цахилгаан, дулаан дамжуулах сүлжээний насжилт хэтэрч, ашиглалтын хугацаа дууссан. Мөн осол аваарын тоо өсч, дотоодын үйлдвэрлэл, импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ бодит хэрэгцээнээс багассан, хөрөнгийн эх үүсвэрийн дутагдлаас үүдэлтэйгээр засвар, шинэчлэлийн ажлууд бүрэн хийгдэхгүй байгаа зэрэг шалтгаанаар эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангаж чадахааргүй эрсдэл тулгараад байгаа талаар салбарын сайд нь ярьж, бичиж байна.

 Харин эрчим хүчний нүүрс үйлдвэрлэгч уурхайнуудын хувьд нүүрсийг бодит өртгөөс ямагт доогуур үнээр худалдаалж байна. Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай дизель түлшний үнэ 54 хувь, тос тослох материалын үнэ 40 хувь, тэсрэх материал 121 хувиар, төмрийн бэлдцийн үнэ 35 хувиар тус тус нэмэгдсэн нь хэвийн ажиллах нөхцлийн алдагдуулж байгааг уурхайнуудын төлөөлөл онцоллоо.  Тухайлбал:

Адуунчулуун ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн дарга н.Давааням:

-Өнөөдрийн байдлаар эрчим хүчний нүүрсийг тонн тутамд 12600 төгрөгөөр борлуулж байна. Энэ үнэ нь 2014 оноос хойш найман жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл огт өөрчлөлтгүйгээр мөрдөгдөж байгаа. Эрчим хүчний зохицуулах хороонд нүүрсний үнийг нэмэгдүүлэх хүсэлт удаа дараа хүргүүлсэн боловч одоог хүртэл шийдэж өгөөгүй нь тус компанийг сүүлийн гурван жилд 2.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахад хүргэж байна.

 Шивээ-Овоо ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн дарга н.Алтанхүү:

-Манай байгууллагын хувьд нэг тонн нүүрсээ 32428 төгрөгөөр олборлодог боловч борлуулахдаа 29000 төгрөгөөр зарж, борлуулдаг. Ингэснээр тонн тутамд 3361 төгрөгийн алдагдал хүлээж байна. Үүнээс үүдэн 2021 онд 8.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Алдагдал үргэлжилсээр байвал энэ онд 8.9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоолол бий. Он гарснаас хойш манай 64 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас гарсан нь уурхай ажилласан 32 жилийн хугацаанд гарч байгаагүй харамсалтай хэрэг боллоо. Ажлаас гарсан хүмүүсийн дунд нарийн мэргэжлийн болон тогтвор суурьшилтай ажилласан дадлага туршлагатай ажилчид байна.

Багануур ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн дарга О.Бат-Ирээдүй:

Манайх 1100 ажилтантай, 44 жил үйл ажиллагаагаа тасралтгүй явлууж байна. Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 60 хувийг дангаараа хангадаг Багануур хувьцаат компанийн нэг тонн нүүрсний борлуулалтын үнэ 33500 төгрөг байгаа нь бодит өртгөөс 2300 төгрөгөөр бага байна. 2019 онд нэмэгдсэнээс хойш ямар ч өөрчлөлт ороогүй. Тухайн үед 1000 гаруй төгрөгийн алдагдалтай байсан бол энэ хэмжээ 40 гаруй хувиар нэмэгдсэн. Энэ нь сэлбэг материал, шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Манай байгууллагын хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй. Үүний хуримтлагдсан өр 11 тэрбум, хувь хүний орлогын албан татвар 30 тэрбум, сэлбэг материалын өр 28 тэрбумд хүрсэн.

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд “COVID-19” цар тахлын улмаас иргэдийн амжиргааг дэмжиж, худалдан авах чадварт нөлөөлөхгүй байх олон арга хэмжээг Засгийн Газраас авч хэрэгжүүлсэн. Эдгээрийн нэг нь айл, өрхийн цахилгааны үнийг төрөөс 100 хувь хөнгөлсөн ажил юм. Тухайн хөнгөлөлтийг үзүүлэхийн тулд уурхайчид тасралтгүй ажилласан.

 Төрөөс нүүрсний үнийг хүчээр барьж, өөрийн өртөгт нь хүргэхгүй байгаа нь үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд шууд заналхийлж, ажилчдын цалин хөлс нэмэгдэх боломжгүйгээс үүдэж, тэдний нийгмийн баталгаа өдрөөс өдөрт доройтож байна. Иймээс Эрчим Хүчний Зохицуулах хороо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам яаралтай арга хэмжээ авч, нүүрсний үнэ нэмэхийг шаардаж байна. Шаардлагыг хүлээж авахгүй, хойшлуулбал “ажил хаялт зарлаж, тэмцлийн дараагийн шатанд шилжинэ” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn