ЭРХ ЧӨЛӨӨ СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ ХОЛБООТОЙ ЮУ?

 

Европ, Америкийн шинэ үеийн түүх улс төр, эдийн засаг, оюун санааны хүлээснээс ангижирч, эрх чөлөөгөө олохын төлөө хийсэн олон түмний тэмцлээс эхтэй. Дарлагдсан олон түмэн эрх ямбаа хамгаалагчдын эсрэг тасралтгүй тэмцсээр ирсэн. Эрх чөлөөний төлөө боссон нийгмийн аль ч бүлэг туйлын эрх чөлөөний төлөө тэмцэж байна хэмээн бодож, эрх чөлөөг мөрөөдөн зовсон олон түмнийг өөртөө татна хэмээн итгэдэг байсан. Урт удаан тэмцлийн үр дүнд ялалт ирж, эрх чөлөөтэй золгох нь гэтэл дарлагчдын эсрэг хийсэн тэмцлийг манлайлж байсан хүмүүс нэг л мэдэхэд дайсантай нийлчихсэн, эрх ямбат шинэ давхарга төрж гардаг нь тун ч хорлонтой.

Эрх чөлөөний төлөөх нийтийн тэмцэл олон удаа ялагдал хүлээсэн боловч бүхэлдээ амжилттай байсан. Эрх чөлөөгүй байснаас үхсэн нь дээр гэх бодолтой олон хүн зорьсон хэргийнхээ төлөө амиа өргөсөн. Ийнхүү амиа золих нь хүний нэр хүндийн дээд зэргийн баталгаа болдог байлаа. Хүн зөв гэж санаснаараа бодож эрэгцүүлж, шийдэж чадна гэдгийг түүх батлаад байх шиг байдаг. Бас хүний авьяас билгийг бүрэн дүүрэн хөгжүүлэх нь нийгмийн дэвшилд хүрэх туйлын зорилго шиг санагддаг. Эрх чөлөөг эрхэмлэж байгаа маань чөлөөт эдийн засаг, улстөрийн ардчилал, төрөөс шашныг тусгаарлах, хувийн амьдралын бодьгал шинжийг хадгалах зэрэг зарчимд тусгалаа олдог. Дээрх зарчмуудыг амьдралд хэрэгжүүлснээр хүн төрөлхтөн хүссэндээ тун ч ойртож байх шиг санагдана. Элдэв хүлээс, саад хязгаарлалт арилсаар байна. Хүн байгалийн эрхшээлээс ангижирч, эзэн шинжтэй байх боллоо. Сүм хийдийн ноёрхол, хэмжээлшгүй эрхт төрийн үе улиран одлоо. Дарангуйлан захирах наад захын хэрэгслийг үгүй хийнэ гэдэг зайлшгүй хийх алхам төдийгүй хүн нэг бүрийг эрх чөлөөтэй болгох зорилгод хүрэх үндсэн нөхцөл мөн.

Дэлхийн I дайн дуусахад олон хүн сүүлчийн тулааны гал унтарлаа, эрх чөлөөний төлөөх тэмцлийн бүрэн ялалт боллоо, өмнөх дэглэмийн оронд ардчилсан шинэ төр ирлээ хэмээн санацгааж байсан. Гэтэл хэдхэн жил болтол төр дахиад солигдож, зуу зуун жилийн тэмцлийн үр дүнд гарсан нааштай бүхнийг юу ч үгүй үлдэн хөөх шиг болсон. Шинээр гарч ирсэн төрийн захиргааны тогтолцооны амин сүнс нь нийгэм, улс орон, хувь хүний амьдрал, хувь заяа хэдхэн хүний гарт байсан хэмжээлшгүй эрхт төрийн хяналтад орсон явдал байв.

Солиотой хэдэн хүний гарт засгийн мэдэл очлоо, яахав хийрхэлдээ ороогдоод ингэсгээд унана хэмээн олон хүн бодож байсан. Итали, германы ард түмэн ардчилсан нийгэмд богинохон хугацаанд байлаа, улс төрийн хувьд өсөж боловсроход цаг хэрэгтэй хэмээсэн ихэрхэг бодолтон ч байсан. Бас нийтээр хүлээн зөвшөөрдөг, магадгүй хамгийн аюултай төөрөгдөл бол Гитлер луйвардах, хууран мэхлэх замаар засгийн эрхэнд хүрсэн, түүний гар хөл бологсод харгис хэрцгий аргаар л эрх барьж чадна, ард түмэн урвалт, хүчирхийллийн хөлд аргагүй үрэгдэгч юм хэмээх бодол билээ.

Фашист дэглэм ялснаас хойш өнгөрсөн хэдэн жилд ийм бодол алдаатай болохыг аргагүй зөвшөөрөхөд хүрсэн. Эрх чөлөөний төлөө эцэг өвгөд нь хэрхэн тэмцэн улайрч байсны нэгэн адил Германы сая сая хүмүүс түүнээс хэрхэн татгалзах арга саам эрж байсныг, бас хүн амын нөгөө хэсэг нь эрх чөлөөнийхөө төлөө амь бие хайргүй тэмцэх учиртайг үл тоон хайхрамжгүй хандаж байсныг бид мэднэ. Үүний зэрэгцээ бид ардчилалын хямрал гэдэг бол итали, германы онцлог биш ердөө орчин үеийн ямар ч улс оронд учирч болох зүйл гэдгийг ойлгох болсон. Хүний эрх чөлөөний дайснууд чухам ямар тугийн дор эвлэн нэгдэх нь эцсийн бүлэгт хамаагүй. Өөрөөр хэлбэл антифашизмын нэрэн дор эрх чөлөөг нухчиснаар үүсэх аюул, фашизмын /1/ туган дорх заналхийллээс зөөлөрнө гэж үгүй ээ. Энэ санааг анх Жон Дью /2/ Хүчирхийлэл ноёрхсон улс гүрэн оршин тогтнож байгаа нь ардчилалд учирч байгаа гол аюул биш ээ. Харин бидний бодол санаанд, бидний нийгмийн харьцаанд амь бөхтэй зууралдан, түүгээр ч зогсохгүй зарим оронд засаг төрийг хөөрөгдөн дэвэргэж, нэг сахилгад шүтэн, удирдагчаасаа хэт хамааралтай амьдралын хэв маягийг дэлгэрүүлж байгаад аюулын гол нь байгаа юм. Өөрөөр хэлбэл тэмцлийн гол талбар бидэнд өөрсдөд маань, бидний өдөр тутмын амьдралыг зохицуулж байдаг нийгмийн харилцаанд оршиж байна хэмээн тун оновчтой томъёолсныг энд ишлэл болгоё.

Фашизмтай тэмцэхийг хүсэж байгаа бол мөн чанарыг нь ухаж ойлгох ёстой. Хоосон таамнал тус болохгүй. Өөдрөг уриа дүгнэлт хийнэ гэдэг бороо орохыг залан индианчуудын хийдэг ёслолын бүжигнээс дээрдэхгүй.

Фашизм төрөн гарахад эдийн засаг, нийгмийн гэхчлэн учир шалтгаанаас гадна хүний мөн чанартай холбоотой зарим зүй тогтол бий гэдгийг ойлгох учиртай. Фашист гүрнүүдэд хүмүүсийг эрх чөлөөнөөс сайн дураараа татгалзуулдаг, өөр бусад орны сая сая хүмүүс ч ийм алхам хийхэд бэлэн байдгийн учир шалтгааныг орчин үеийн хүний сэтгэхүйн хувьсал өөрчлөлттэй холбон тайлбарлахад энэхүү номын гол зорилго оршино.

Эрх чөлөөний хүрээнд хүний хүчин зүйлийг буюу захирах захирагдах хүсэл эрмэлзлэлийн тухай авч ярихад юуны түрүүнд удаах хэдэн асуулт гарч ирдэг. Үүнд: Ер нь хүний сэтгэлийг байнга зовоодог утгаараа эрх чөлөө гэж юу юм бэ? Эрх чөлөөтэй байх эрмэлзлэл хүний төрөлх мөн чанараас гарвалтай гэдэг үнэнүү? Энэхүү эрмэлзлэл амьдралын нөхцөл байдал, нийгмийн соёлын хүрээнд тухайн хувь хүний хүрсэн хөгжлийн түвшинээс хамаарах уу? Эрх чөлөө гадны шахалт хязгаарлалт үгүй болсноор тодорхойлогдох уу, аль эсвэл өөр зүйл байдаг юм уу? Тэгвэл тэр нь юу вэ? Нийгэм эдийн засгийн ямар хүчин зүйл эрх чөлөөний төлөөх хүсэл эрмэлзлэлийг бадраадаг вэ? Эрх чөлөө эргээд хүний хувьд зугтан дайжихаас аргагүй зовлон болох учир бий юу? Яагаад эрх чөлөө зарим хүмүүст эрхэм зорилго байхад нөгөө заримд нь аюул занал мэт болдог юм бэ?

Эрх чөлөөг хүсэх төрөлхийн хүслийн хажуугаар бусдад өөрийн эрхгүй захирагддаг зуршил байдаг юм биш биз? Үгүй бол удирдагчдын өмнө бөхөлзөх дуртай өргөн олныг юу гэх вэ? Захирагдах гэдэг засаглалын илрэлийн шууд хэлбэр юм уу, эсвэл үүрэг хариуцлага, ичих нүүр гэх мэт түгээмэл санаа бодлоос гардаг зүйл үү? Ер нь захирагдах гэдэг сэтгэлийн нууц ханамжийн эх ундарга биш байгаа. Тийм бол мөн чанар нь юу вэ?

Эрх мэдлийн төлөө хүн улайрдагийн учир юунд байна вэ? Энэ эрмэлзлэлийн амьдрах чадвар өөрөөр хэлбэл бусдаас хамаарахгүй бол амьдарч чаддаггүйн нууц юунд байна вэ? Сэтгэл зүйн ямар хүчин зүйл нөлөөлөөд байна? Нийгмийн ямар харилцаа үүнийг бүрдүүлэхэд түлхэц болоод байдаг юм болоо?

Хүнийг эрх чөлөө, нэр сүрээр ноёлох үзэгдлийг авч үзнэ гэдэг маань нийгмийн хөгжлийн явцыг идэвхжүүлэхэд багагүй нөлөөтэй сэтгэл зүйн асуудлуудыг судлахад эрхэдгүй хүргэнэ. Энэ нь сэтгэл зүй, эдийн засаг, үзэл суртлын хүчин зүйлсийн холбоо хамаарлын асуудал гэсэнтэй утга нэгэн болно. Бүхэл бүтэн үндэстний санаа сэтгэлийг эзэмдэж чадсан фашизмын нууцад хүрэх гэсэн аливаа оролдлого сэтгэл зүйн хүчин зүйлийн ач холбогдлыг өөрийн эрхгүй өргөхөд хүргэнэ. Энд бид хүний эрүүл ухаанд бус, итгэж үнэмшихэд бэрх, албин чөтгөрийн гэмээр хийрхэлд тулгуурласан улс төрийн тогтолцоог авч үзэх болно.

Сүүлийн хэдэн зуунд хүн бол оюун ухаант амьтан, үйл ажиллагаа нь сонирхол, авьяас чадвараар тодорхойлогддог гэсэн ойлголт түгээмэл болсон. Тэр ч байтугай хүний зан авирыг тодорхойлогч гол хүчин зүйлийг дайсагналцал, эрх мэдлийн төлөөх тэчьяадал гэж үздэг Гоббс /3/  хүртэл хүнийг хөтлөгч хүч бол хувийн сонирхол, хэрэгцээний зүй ёсны үр дагавар гэх болсон. Хүмүүс бүгд л аз жаргал, элбэг хангалуун амьдралыг хүсдэгч, бүгдийг тэр хэмжээгээр хангах нийгмийн баялаг хүрэлцдэггүй болохоор хүмүүс байгаагаа бататгаж, бас ирээдүйдээ сэтгэл түвдэхгүйн тулд эрх мэдлийн төлөө тэмцэхэд хүрдэг хэмээн нотлодог. Гэвч Гоббсын энэ ойлголт хуучирчээ. Нийгмийн дунд давхрааныхан өнгөрсөн үед улс төр шашны эрх баригчидтай хийсэн тэмцлийнхээ явцад багагүй амжилтанд хүрч, хүн төрөлхтөн ч байгалийн баялгийг эзэмших чадварын хувьд багагүй өслөө. Сая сая хүмүүсийн санхүүгийн чадавхи нэмэгдэх болж, түүний хэрээр эрүүл саруул ухаан, хүний ухаалаг мөн чанарт итгэх итгэл батажлаа. Хүний ад шүглэсэн хар хүч чадлын тухай дурсамж дундад зуун ч юмуу, түүнээс өмнөх үе рүү таягдагдан тэр үеийн хүмүүсийн мэдлэг дорой, лам, хуврага, хаад ноёдын адал балмад явдлаар тайлбарлагдах болов.

Түүхийн тэр цаг үеийг унтарч, аюулгүй болсон галт уул шиг харах болжээ. Адал балмад хүчин орчин үеийн ардчилалын амжилтанд устгагдсан гэж бүгдээрээ итгэж байлаа. Дэлхий ертөнц нарны гэрэлд туяарсан орчин үеийн хотын гудамж шиг гэрэлтэй гэгээтэй байлаа. Дайн өнө эртний зүүд зэрэглээ шиг дахин хэзээ ч гарахааргүй болгоход тун ч амархан санагдах болсон. Эдийн засгийн хямрал дахин давтагдах шинжтэй нь тодорхой байсан ч тохиолдлын, түр зуурын шинжтэй гэцгээдэг байлаа. Фашизм засгийн эрхэнд гарахад хүмүүс онол, практикийн аль ч талаараа бэлэн биш байсан. Хүн гай хорт явдалд тийм дуртай, эрх дархын хойноос тэгэж улайран хөөцөлдөнө, хүч буурайчуудын эрхийг ингэж үл тооно, ер нь дагаж захирагдах тийм их хүсэл эрмэлзлэлтэй байх юм гэж хүмүүс даанч бодож байсангүй. Цөөхөн хүн л галт уул дэлбэрэх дөхөн хүржигнэхийг сонсож байжээ. XIX зууны энэ өөдрөг үзлийг Ницше /4/ , Маркс /5/ нар алдагдуулах гэж оролдсон. Тэднээс хойхно Фрейдийн болгоомжлуулсан сэрэмжлүүлэг сонсогдох болжээ. Нийгэмд болж байгаа үйл явдлын талаар Фрейд /6/ болон түүний шавь нарын төсөөлөл дэндүү гэнэн боловч сэтгэл зүйн ухааныг нийгмийн асуудалтай холбох хэмээсэн анхны оролдлого байсан бөгөөд бүхэлдээ алдаатай үр дүнд хөтлөж, сэтгэц, оюун ухааны хямралтай хувь хүмүүст хийсэн судалгаагаа боловсруулсан аргачлалдаа захируулсан ч гэсэн биднийг галт уулын оргилд хөтөлж, оргин булгилж байгаа тогоо руу өнгийлгүүлсэн гавьяатай алхам байв.

Фрейд болон түүний шавь нар хүний сэтгэхүйд оршин байдаг ухамсаргүй үйлдлийн олон хэлбэрийг нээн батлаад зогсоогүй энэхүү зохисгүй үйлдлүүд тодорхой хуулинд захирагддаг тухай оновчтой тайлбар хийж болохыг нотлосон. Тэрээр биднийг хүний зүүд, зөн билиг, зүггүй авир араншны нууцыг хэрхэн тайлахад сургасан. Хүний зан чанарын нэгэн илрэл болох зүггүй араншин ялангуяа хүүхэд ахуйн зүггүйтэл гэдэг бол гадны үйлчлэлд өгч байгаа хариулт гэдгийг тэрээр нотложээ. Гэхдээ Фрейд анхныхаа санаанд хэт баригдан явцуурсан нь харамсалтай. Тэрнээсээ ч болоод зарим өвчтөнөө ойлгож чадаагүйгээр барахгүй эгэл хүмүүсийг таньж, нийгмийн амьдралын зарим гажуудлын учрыг ухаж чадаагүй юм.

Энэ номонд нийгмийн хөгжлийн үйл явц дахь сэтгэл зүйн хүчин зүйлийн үүрэг нөлөөний тухай авч үзэх учраас хүний гарвал шинжид гадаад орчин хэрхэн нөлөөлдөг, тэрчлэн хүний зан авирт гарвал чанар, ухамсарт бус хүчин зүйл яаж нөлөөлдөг тухай Фрейдийн суурь нээлтүүдийг ашиглах болно. Иймд Фрейдийн сонгодог баримтлал болон бидний үзэл бодол хоёрын хоорондын ялгааны талаар уншигч Танд эхлээд танилцуулах нь зүйтэй хэмээн санана. Фрейд хүн ба нийгмийг сөргөлдүүлдэг хийгээд хүний мөс чанар хэврэг эмзэг хэмээх уламжлалт үзэл баримтлалыг мөрдлөг болгосон хүн. Фрейдийнхээр бол хүн, нийгэм хоёр язгуураараа эерэг тэсрэг ойлголтууд ажээ. Нийгэм хүнийг хүмүүжүүлэх учиртайн зэрэгцээ түүний биологийн, энэ утгаараа хэзээ ч барагдашгүй хэрэгцээг хангах ёстой болдог.

1 Фашизм гэдэг үгийг би итали, германы маягийн диктатурын тухай хамтатган хэлэхдээ хэрэглэж байгаа юм. Харин нацизм хэмээх тодорхойлолтыг зөвхөн германы системийг авч үзэхдээ хэрэглэх болно.

2 John Dewey. Freedom and Culture, G.P. Putnam’s Sons, New York, 1939

3 Гоббс Томас /1588-1679/- Английн философч. 2.Ницше Фридрих /1844-1900/- Германы философч.

4 Ницше Фридрих /1844-1900/ - Германы философч

5 Маркс Карл /1818-1883/- Германы философч, шинжлэх ухааны коммунизмын онолыг үндэслэгч.

6 Фрейд Зигмунд /1856-1939/- Австрийн сэтгэл судлаач, эмч.

Үргэлжлэл бий.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 99 (6831)