О.Батнайрамдал: Улс төрд орохоос илүү бодлого бичилцэж, шинэчлэл хийхийг хүссэн

0
хуваалцах
428
үзсэн

С.УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалыг урилаа.

 

ГАДНААС НЬ ШҮҮМЖЛЭХ БИШ ДОТОР НЬ ОРООД ӨӨРЧЛӨЛТИЙНХ НЬ НЭГ ХЭСЭГ БОЛЬЁ ГЭЖ БОДСОН

 

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын албан тушаалд намаас биш “гадна”-аас гэнэт ороод ирсэн. Дээр нь таныг гадаад дахь 250 мянган ам.долларын цалингаасаа татгалзаад  Монголд ирсэн гэж ярьдаг юм билээ.  Нэг сая ам.долларын дөрөвний нэгийг төгрөг рүү шилжүүлбэл нэлээн олон оронтой тоо гарах байх. Банкираас улстөрч болох шийдэл хэр сонирхолтой санагдаж байна?

-Би Ховдод төрж өссөн хөдөөний л хүүхэд. Есдүгээр ангидаа тэтгэлэг аваад анх Улаанбаатарт ирж байлаа. Хотыг бараг мэдэж амжилгүй гурван жилийн дараа гадагшаа сурахаар явсан. Арван жилээ Монголдоо төгссөн ч их сургуулийн өмнөх хоёр жилийг Европт сурсан. Тэгээд АНУ-д эдийн засаг санхүүгийн чиглэлээр бакалавр хамгаалаад буцаж ирж мэргэжлээрээ таван жил ажиллаад Харвардын бизнесийн сургуульд магистрийн зэрэг хамгаалсан. Улс төрд орно гэж төсөөлж байгаагүй. Харин банкир болно гэж мөрөөддөг байсан. Их сургуулиа төгсөөд Нью-Йоркт дэлхийн шилдэг банкинд ажиллаж мөрөөдлөө биелүүлсэн.

Хөрөнгийнхөө хэмжээгээр АНУ-д гуравдугаарт ордог, 250 мянган ажилчинтай Дэлхийн хамгийн том банкинд ажилласан үе хамгийн гоё байв. Өөрөөр хэлбэл, Нью-Йорк, Хойд америк, Австралид сурч ажиллахдаа уул уурхайн банкирын чиглэлээр ажилласан. Ингэж явахдаа урт хугацаандаа юу хийх вэ гэдгээ өөрөөсөө их асууна. Яг юу хийхээ мэдэхгүй ч хариулт болгон Монгол руу чиглээд байдаг. Тэр дунд эх орондоо очоод улс төрд орно гэдэг шийдэл огт байгаагүй. Ямар ч байсан утга учиртай зүйл хийе гээд таны хэлдгээр жилийн 250 мянган ам.долларын цалингаа орхиод ямар нэг ажлын саналгүй Монголд ирж байлаа. 250 мянган ам.доллар гадаадад өндөр цалинтай ажлын тоонд ордог. Ялангуяа, АНУ-д банкир бол хамгийн өндөр цалинтай ч шалгуурт нь тэнцэж ороход хэцүү.

Харвардад сурч байхдаа бизнес гэхээс илүү өөрийгөө нээх, хүсэл мөрөөдлөө дахин авч үзсэн хоёр жилийг өнгөрүүлсэн. Мөн сонирхлоороо Харвардын Улс төрийн сургуульд буурай орнуудын хөгжлийн чиг хандлага хэрхэн тодорхойлогддог талаар  судалж байлаа. Монголд ирэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа зөвлөхөөрөө урьсан. Зөвлөхөөс илүү Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг бичилцэж, манлайлж авч яваач гэсэн санал байсан. Бид Харвардад хамт сурч байхдаа Монгол Улсын хөгжлийн загвар яах ёстой вэ гэж их ярина. Тэр ч утгаараа олон орны хөгжлийн загварыг судалж байсан. Тэгээд ярьж байснаа ажил болгоё гэхэд нь татгалзаагүй. Улс төрд орж байна гэхээс илүү бодлого бичилцэхийг хүссэн. Ингээд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Ерөнхий сайдын захирамжийн эхний төслөөс эхлээд УИХ-аар батлагдах хүртэлх шатанд оролцлоо. “Алсын хараа-2050”-ыг бичилцэх жил гаруйн хугацаанд бидний сүүлийн 30 жилийн алдаа, оноо юу байв. Хөгжлийн бодлогоо хэрхэн тодорхойлж ирсэн, ирээдүйд ямар байх вэ гэдгийг том зургаар нь харах боломж олдсон.

Олон жил намын дэргэд ажиллаж, намаар хүмүүжээгүй ч гаднаас нь шүүмжлэгч байхыг хүсээгүй. Дотор нь ороод өөрчлөлтийнх нь нэг хэсэг больё, хамтдаа өөрчлөх ёстой юм байна гэж бодсон. Өөрчлөлтийг хүсэж байгаа бол түүнийхээ нэг хэсэг болох хэрэгтэй. Мэдээж улс төр гэдэг надад цоо шинэ шинжлэх ухаан байсан учраас амар шийдвэр байгаагүй. Гэхдээ Монгол Улсад нэн шаардлагатай шинэчлэл, дэвшилтэд реформ зайлшгүй хийгдэх ёстой. Үүний нэг хэсэг болж, хувь нэмрээ оруулахыг хичээж байна. Монгол, Австрали аль алинд нь уул уурхайн салбарт  гадны хөрөнгө оруулалтыг татах талаас нь ажилласан. Австралийн жишиг, тэнд ажилласан туршлага сонирхолтой байдаг. Дэд сайдаар ажиллаад хоёр жил болох гэж байна. Энэ хугацаанд реформын шинж чанартай зүйлс дээр төвлөрч ирлээ. Салбарын сайд маань мэргэжлийн хүн учраас илүү туршлага талаасаа би уул уурхайн санхүүжилт талаасаа нэгнээ нөхөж баг болсон нь бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангахад илүү ойлголцож, гар нийлж хамтран ажиллаж байгаа.

 

ШАТАХУУНЫ ҮНЭ 700-1000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭХ ЭРСДЭЛ  ҮҮССЭН

-Уул уурхайн салбарын хамгийн чухал хэрнээ асуудалтай сэдэв бол шатахуун. Гадаад дотооддоо ойлголцохоос эхлээд бэрхшээл бий байх. Манай шатахууны хангамж хойд хөршөөс 96 хувийн хамааралтай. Үлдсэн дөрвөн хувийг Хятадаас зөөдөг. Ер нь өнгөрсөн хугацаанд нефтийн салбарын бодлого, тогтолцоо яаж явж ирэв? 

-Манай улс сонголтоо аль хэдийнэ хийчихсэн. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээр төрийн өмчит НИК компаниар дамжуулж шатахуун авдаг байсныг хувьчилсан. Өөрөөр хэлбэл, газрын тосны бүтээгдэхүүний импорт, түгээлт бүрэн хувийн секторт шилжсэн. Энэ тогтолцоо руу шилжээд 30 жил болж байгаа ч ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс хараат хэвээрээ үлдсэн байна. Үе үеийн Засгийн газар урт хугацаандаа шийдвэрлэхийг оролдож ирсэн. Шийдэл нь ерөөсөө л дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болох. Үүний тулд дотооддоо түүхий газрын тостой байх хэрэгтэй. Петро Чайна Монголд орж ирээд гурван тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтаар Дорнодод газрын тос олж экспортолж байгаа нь манай улс дотооддоо нефтийн үйлдвэртэй болох боломж  байна гэсэн үг. Энэтхэгийн Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байна.

Сүүлийн хоёр жил цар тахалтай холбоотойгоор дэлхий нийтэд тээвэр ложистикоос эхлээд гэнэтийн шокууд үүслээ. Нэгдүгээрт, нийлүүлэлт тасрахад хомсдолд орох аюул буюу гаднаас хэт хараат байх нь ямар эрсдэлтэйг хэрэглэгчийн түвшинд хүртлээ ойлголоо. Урьд нь эрэлт, нийлүүлэлт хэвийн явж ирсэн учраас анзаардаггүй байж. Хоёрдугаарт, газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр огцом савлаж байна. 2019 онд түүхий газрын тосны үнэ сарын дундаж өртөг 20 ам.доллар хүрэхгүй байсан бол энэ жилийн эхний хэдэн сард 130 ам.доллар хүртлээ хэлбэлзсэн. Олон жил харагдаагүй маш том савлагаа үүссэн нь инфляцитай холбоотой дарамт болж байна. Мөн шатахуун импортлох үйл явцад төрийн оролцоо ямар хэмжээнд байх ёстой вэ, зах зээлийн зарчмаараа явах нь илүү оновчтой шийдэл байх уу зэргээр эргэж харах бодох асуудал гарч ирлээ. Төр хэт оролцох тусам зах зээлийн зарчмыг алдагдуулах, нийлүүлэлт хангамжид эрсдэл үүсгэх магадлалтай. Ер нь зөвхөн газрын тос ч гэлтгүй гаднаас хамааралтай байх тусам ямар эрсдэл үүсэж болох вэ гэдгийг шийдвэр гаргагч, аж ахуйн нэгж, хэрэглэгч гээд бүх оролцогчийн түвшинд мэдэрч ойлголоо шүү дээ.

-Үнийн зөвлөлийг та даргалдаг. Гэтэл АИ-92 шатахууны үнийг чөлөөлсөн нь бараг сүүлийн 30 жилд гараагүй шийдвэр байв. Ер нь цар тахал, олон улсын нөхцөл байдал, Москва руу ниссэн гээд яг ямар нөхцөл байдалд орсон юм  бэ?

-Үнийн зөвлөл өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард түүхэн шийдвэр гаргасан. Өргөн хэрэглээний АИ-92 шатахууныг зах зээлийн зарчим руу шилжүүлэхээр болсон. Өмнө  нь чөлөөлөхийг хүсдэг байсан боловч шийдэж чадаагүй. Өргөн хэрэглээний шатахууны үнэ өсөхөд олон нийтийн реакци өндөр байдаг учраас үнийг төр барьж ирсэн. Мөн төр оролцоотой байх сонирхолтой.

Шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангахын тулд зах зээлийн зарчим руу нь шилжүүлэх зайлшгүй шаардлагатай. Олон улсын валютын сангийн тооцоолол ч бий. Энэ зарчмаар  АИ-92 шатахууныг үе шаттайгаар чөлөөлөх шийдлийг Засгийн газар гаргаж тавьсан нь автомат үнийн тооцоолол. Нэг ёсондоо зургаан сарын дундаж өртгөөр тооцсон. Өөрөөр хэлбэл, автомат тооцооллоор аль нэг аж ахуйн нэгж ч юм уу төр оролцохгүй. Үнэ 50 төгрөгөөр нэмэгдэнэ, эсвэл хасагдана гэсэн тооцооллыг төр хийхгүй. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 100 ам.доллар дотроо байх юм бол аажмаар аж ахуйн нэгжүүдийн алдагдлыг бууруулж зөв голдрилдоо орох ёстой байсан. Гэтэл тухайн үед ОХУ, Украины нөхцөл байдал бий болно гэж төсөөлөөгүй. 70-80 ам.доллар байсан газрын тосны үнэ сүүлийн есөн жил харагдаагүйгээр савласан. Энэ нь эдийн засагт шок болж ирсэн. Тиймээс Засгийн газар боломжит бүх хувилбарыг судалж үзэхээс аргагүй байдалд орсон. УИХ, Засгийн газар юу хийж болох вэ гээд хайрцагнаас гадуур сэтгэх шаардлага үүссэн. Засгийн газраас хийж чадах зүйл гааль болон онцгой албан татварыг тэглэх дэмжлэг. АИ-92-ийн онцгой албан татварыг 2018 онд тэглэсэн. Харин гаалийн албан татварыг тэглэснээр литр тутамд 100 төгрөгийн дэмжлэг үзүүлэх болсон. 

Дөрөвдүгээр сард ямар нөхцөл байдалд орсон бэ гэхээр гаднаас орж ирж байгаа зах зээлийн үнэ дээр 700-1000 төгрөг нэмэгдэх орон зай үүссэн. Хэрэв үнээ нэмэхгүй бол аж ахуйн нэгжүүд литр тутамд 700-1000 төгрөгийн алдагдалд орохоор байсан. Энэ эрсдэлийг компаниуд дааж чадахгүй. Ер нь ийм нөхцөл байдалд нийлүүлэлт, хангамж нэгдүгээрт тавигдах ёстой. Тиймээс гаалийн албан татварыг тэглэхээс гадна Роснефть компанитай хэлэлцээ хийх  ёстой гэж үзсэн. Манай улсын хувьд  урьд өмнө ийм хэлэлцээрт орж байгаагүй.

Роснефть компанитай хэлэлцэж,  урьдчилгаа төлбөр төлж дөрөв, тав, зургаа гээд гурван сарын хангамжийг тасралтгүй хэрнээ зах зээлийн үнээс хямдралтай авахаар болсон. Тонныг нь 840 ам.доллараар авах тохироо хийсэн нь тухайн үеийнхээ зах зээлийн үнээс  20-25 хувь хямдаар авч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 700 төгрөгийн алдагдлын орон зайг хааж чадсанаас гадна нөхцөл байдал яаж ч эргэсэн үнэ тогтвортой байх боломж бүрдсэн. Дизель түлшин дээр мөн адил 600-700 төгрөгөөр өсөх эрсдэл үүссэн учраас онцгой албан татварыг тэглэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ингэснээр литр тутамд 250-260 төгрөг буюу тоннд 280 мянган төгрөг гэсэн үг. Дөрөвдүгээр сард 700-800 биш 250 төгрөгийн өсөлтийн хэмжээнд барьж чадсан. Хавар ид бүтээн байгуулалт хийгддэг учраас дизель их хэрэгтэй. ОХУ-д Роснефть компанитай уулзахдаа дизель авах хэмжээгээ нэмэгдүүлж, хөнгөлөлттэй нөхцөлөөр авах саналаа тавьсан. Одоогоор албан ёсны хариу ирээгүй байна. Удахгүй тодорхой болох байх. 

-Цар тахал, олон улсын нөхцөл байдал хэрхэхийг таамаглах аргагүй. Онцгой нөхцөл байдал үүслээ гэхэд бэлэн байдал, “Б” төлөвлөгөө бий юу? 

-Онцгой нөхцөлд онцгой арга хэмжээ авахаас өөр гарцгүй болж байна. Олон улсын нөхцөл байдал хаашаа эргэх, яахыг хэлж мэдэхгүй. Тааварлашгүй нөхцөл байдал үүсэж байна. Тухайн үед хамгийн зөв хувилбар юу байх вэ гэдгийг л харж, тооцож байна. Тэр ч битгий хэл долдугаар сард газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр ямар байхыг хэлэхэд хэцүү. Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн эдийн засгийг цар тахлын өмнөх ба хойно гэж хуваасан. Өөрөөр хэлбэл, улс орнуудын эдийн засаг цар тахлын өмнөх үе дээрээ очих уу, үгүй юу гэдэг асуулт тавигдаж байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт цар тахлын өмнөх үеэсээ давчихсан. Бусад орнууд цар тахлын өмнөх үе дээрээ энэ жилийн төгсгөлд аажмаар очих болов уу гэсэн хүлээлт байна.

Дэлхийн банк газрын тосны үнийг 2022 ондоо  баррель нь  дунджаар 100 ам.доллар байх болов уу. Урт хугацаандаа 90.82 ам.доллар болж буурах байх гэж төсөөлж байна. Гэхдээ олон улсын нөхцөл байдлаас хамаарна.

 

ШАТАХУУН ИМПОРТЛОХ ЗӨВШӨӨРЛИЙГ 300 ГАРУЙ АЖ АХУЙН НЭГЖИД ОЛГОСОН

 

-Сүүлийн 30 жилд Монголд нэн чухал хэрэгцээтэй эрдэс баялаг, шатахуун, эрчим хүчний бүтээн байгуулалтын том төсөл хөдөлж байсангүй. Тэгэхээр хоёр хөршийн шатахууны зах зээлийн талбар буюу геополитикийн асуудал нөлөөлдөг байх?

-Том төслөө явуулж чадахгүй байгаа шалтгаанаа өөрсдөөсөө хайх ёстой болов уу. Гадны эрх ашиг гэхээс илүү дотроосоо хайх хэрэгтэй байх. Ялангуяа томоохон мега төслүүд голчлон эрдэс баялгийн салбарт бий. Гадаадын хөрөнгө оруулалтын 70-75, экспортын 95 орчим хувь нь уул уурхайн салбарынх.

Засгийн газар өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд шийдлээ оновчтой тодорхойлсон гэж харж байгаа. Улсын хөгжилд саад болж байгаа хүчин зүйлс гэвэл 500 гаруй жагсаалт гаргаж болно. Харин Шинэ сэргэлтийн бодлого тулгамдаж байгаа хамгийн том чөдөр тушаагаа эрэмбэлж, гаргаж ирэх боломж олгосон. Эдийн засгийг тэлэхэд нөлөөлж байгаа гол зургаан гарцыг олж харсны дотор уул уурхайн салбарын гацаа, алдагдсан боломжийг хил гааль, тээвэрлэлт гэж тодорхойлж байгаа. Нүүрсэн дээр 50-60 тонныг олборлох хангалттай хүчин чадалтай ч хилээр хамгийн ихдээ 39 тонн гарсан байх жишээтэй. Үндсэндээ тээвэрлэлт, хил гааль дээрээ очоод гацаж байна. Ус татрахаараа чулуунууд нь ил гардаг шиг цар тахал бидэнд хамгийн чухал нь юу вэ гэдгийг харууллаа.

Уул уурхайн салбар дараагийн шатанд шилжих цаг болсон. 30 жил хайгуул олборлолт хийсний үр дүнд үндэсний томоохон аж ахуй нэгжүүд болон дэлхийд жишиг болохоор компанитай ч боллоо. Одоо олборлолтоос боловсруулалт руу буюу нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай. Энэ нь аж үйлдвэрийн суурь болох ёстой. Бид давуу тал болж байгаа түүхий газрын тос, зэс, нүүрс, төмрийн хүдэр дээрээ үндэслэж дараагийн шатны боловсруулах үйлдвэр баригдах ёстой. Энэ мега төслүүдийг бодлогоор дэмжиж, зөв механизмыг бүрдүүлэх учиртай. Мега төсөл эдийн засагт ямар өгөөжтэйг Оюу толгойн жишээнээс харж болно.

-Нэг талд шатахуун импортлогчид алдагдал хүлээж үнээ нэмэх гэхээр төр хүчээр барь гэдэг. Эцэстээ үнэ нэмэгддэг. Төр, хувийн хэвшлийн түншлэл гэхээс илүү аль нь хүчтэй вэ гэдэг шүүмжлэл гардаг. Төр оролцохгүй болчихвол үнэ нэмэхээс эхлээд эрсдэл гарахгүй юу?

-Дизель түлш болон бусад шатахуун эрэлт нийлүүлэлтийнхээ зарчмаар л явна. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр үнэ өсвөл өснө. Буурвал дагаад буурна  гэсэн үг. Хэн нэгнээс биш бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтээс хамаарна. Төр Ашигт малтмал газрын тосны газраар дамжуулж хяналтаа тавина. Үнэ зах зээлийн зарчимд нийцэж байна уу, чанар ямар байна вэ гэдгийн төр хянана.

Ер нь төрийн оролцоо өндөр байх тусам зах зээлийн зарчмыг алдагдуулдаг. Тэр алдагдал бүх оролцогчдын түвшинд гарч ирж болно. Эцэстээ хэрэглэгч хохирдог. Зах зээлийн зарчим руу шилжүүлэх тусам хэрэглэгч хождог.

-2016 онд дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ хоёр дахин буурахад шатахуун импортлогчид их хэмжээний ашиг олж байгаа нь тогтоогдсон гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, импортлогчид үгсэн хуйвалдаж үнэ нэмдэг  юм биш үү?

-Хүмүүс хардах эрхтэй. Гэхдээ үгсэн хуйвалдах гэдэг үг мэдээллийн тэнцвэргүй, дутмаг байдлаас үүссэн юм болов уу гэж хардаг. Энэ орон зайн дээр хүмүүсийн хардалт сэрдлэгээс гадна улстөржих боломж гарч ирдэг.

Импортоор оруулж ирж байгаа шатахуун ямар үйл явц, зардлаар хэрэглэгчдэд хүрдэг вэ гэдэг нь маш ойлгомжтой зүйл. Гэвч энэ үйл явцыг ил тод болгож тайлбарлаж байгаагүйгээс иргэдийн дунд төөрөгдөл, үл ойлголцол үүсэж байна. Тооцоо хийж үзье. Дөрөвдүгээр сард АИ-92 шатахууныг хилээр 840 ам.доллараар оруулж ирлээ. Татваруудыг тэглэсэн учраас НӨАТ бичигдэнэ. Компаниуд шатахуунаа тээвэрлэх, ажилчдын цалин  хөлс нэмэгдэхээр нийт зардлын 20-25 хувь болдог. Тэр битгий хэл хэдэн хувийн ашгийн маржтай борлуулагдаж байна вэ гэдгийг тодорхойлох боломжтой. Маш энгийн тооцоолол байдаг. Ашиг малтмал газрын тосны цахим хуудас дээр сар бүр ил тод байршуулдаг болсон учраас хэн ч орж хараад тооцоолол хийж болно. Эндээс үгсэн хуйвалдаж байна уу, үнээрээ зарагдаж байгаа юу гэдгийг хэрэглэгчийн түвшинд ойлгох юм бол маш эрүүл зүйл. 

-Роснефть Монголд станц бариад хөнгөлөлттэй үнээр шатахуун борлуулах санал тавьсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Олон нийт хэдхэн монополь компани хуйвалдаад байна гэж хардаг. Гэтэл шатахуун импортлох, жижиглэнгийн, бөөний гэсэн гурван төрлийн тусгай зөвшөөрлийг 300 гаруй аж ахуйн нэгжид олгосон байна. Тэгэхээр Монголын зах зээл дээр 300 аж ахуйн нэгж өрсөлдөж байна. Шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд төр тусгай зөвшөөрлийг олгох ёстой. Үүнээс цаашаа зах зээлийн зарчим үйлчлэхээс биш төр оролцох шаардлагагүй. Энэ сонголтыг НИК-ийг хувьчилснаараа аль хэдийнэ хийсэн. Төр  хяналт болон онцгой үеийн зохицуулалтаа хийх л болно.  Түүнээс Роснефть орж ирлээ гээд үнэ шууд хямдарна гэсэн үг биш. Тээвэрлэх зардал гардгаараа л гарна.

-Хуурамч шатахууны асуудал байнга хөндөгддөг. Гэтэл төр тийм, үгүй гэсэн эцсийн хариу өгч хариуцлага тооцсон удаагүй. Хэрэглэгчид баталгаатай шатахуун хэрэглэж байна уу, эсвэл дотооддоо нэрснийг авч хохирч байна уу гэдгийг бүрэн хянаж чаддаг уу?

-Дайвар бүтээгдэхүүний онцгой албан татварыг тэглэчихсэн учраас хуурамч шатахуун үйлдвэрлэх эдийн засгийн үндэслэл байхгүй. Хуурамч шатахуун үйлдвэрлэлээ гэхэд орж ирж байгаагаасаа илүү хямд хэрнээ ашигтай байх ёстой. Онцгой албан татвар тэглэснээр ийм орон зай байхгүй болсон.

Хоёрдугаарт, Роснефть компаниас авдаг шатахуун бүгд нэг стандартаар орж ирж байгаа учраас чанарын ялгаа гарахгүй. Шатахууныг устай холилоо гэж ярьдаг. Гэтэл ус шатахуун хоёр хэзээ ч холилдохгүй. Ашигт малтмал газрын тосны газрын дэргэдэх итгэмжлэгдсэн лабораторид шатахууны дээжийг сар бүр шинжилж байна. Шатахууныг хилээр оруулж ирэхэд гааль дээр лабораторид чанарыг нь давхар шалгадаг.

 

БИД ДЭЛХИЙН ЖИШИГТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ХЯМД ШАТАХУУН ХЭРЭГЛЭЖ байгаа

 

-Газрын тосны үйлдвэрийг 30 жил яриад гурван жилийн өмнөөс Энэтхэгийн зээл тусламжийн хөрөнгөөр барьж эхлээд байна. Үйлдвэр ашиглалтад орохоор ОХУ-тай ямар харилцаатай үлдэх вэ?

-Манай улсын гадагшаа гаргаж байгаа экспортын бүтээгдэхүүний 90-ээс дээш хувь нь боловсруулаагүй эсвэл анхан шатны боловсруулалт хийгдсэн байдаг. Гэтэл импортын томоохон хувь нь эцсийн бүтээгдэхүүн байна. Энэ урвуу хамаарлын үр дагавар эцэстээ бид үйлдвэрлэгч байхгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгуулсан жилүүд өнгөрлөө. Ялангуяа, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэргээр стратегийн чухал төслүүдээ эрэмбэлж, хөдөлгөх ёстой юм байна гэж үзэж Засгийн газар зоригтой алхмуудыг хийж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар босч байгаа мега төсөл. Цар тахалтай холбоотойгоор бүтээн байгуулалт удааширсан зүйл бий. Гэхдээ 2025 он гэхэд ашиглалтад оруулахаар  төлөвлөж  байна. Ингэснээр дотоодынхоо шатахууны хэрэглээний 50-60 хувийг хангах болов уу гэж тооцоолж байгаа. Үлдэгдлийг нь гаднаас импортолж болно. Нэг ёсондоо газрын тос авч байгаа эх сурвалжаа илүү төрөлжүүлэхээс гадна нефть-химийн үйлдвэрлэл хөгжих суурь тавигдана. Өөрөөр хэлбэл, аж үйлдвэрлэл хөгжихөд орц нь болдог бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэн чухал юм.Аж үйлдвэржиж байж л улс орнууд хөгжиж байгааг харж байна. Эдийн засгаа тэлж, ажлын байраа нэмэгдүүлж байж эрүүл мэнд, боловсрол руугаа илүү даацтай хөрөнгө оруулна. Илүү олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж тэр хэмжээгээр чадавхижна.

Дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болсноор үнийг дэлхийн зах зээл дээрээс хямдралтайгаар борлуулах боломж нөхцөл бүрдэнэ гэж харж байгаа. Үйлдвэр ашиглалтад орсноор евро-5 стандартын буюу дизель, АИ-95, онгоцны түлш гэх мэт бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэнэ.

-Дизель, АИ-92 шатахууныг бусад орнуудтай харьцуулахад манай улс өндөр үнэтэй хэрэглэж байна уу. Эсвэл хямд байгаа юу?

-Газрын тосны бүтээгдэхүүнийг дэлхийн бүх орон хэрэглэж байна. Бид үүнд судалгаа хийж үзсэн. Газрын тосны жижиглэнгийн дундаж үнийг 100 гаруй оронтой харьцуулж үзье. Тухайлбал, дизелийг манай улсад литр нь 3380 төгрөгөөр борлуулж байна. Нэг ам.доллар хоёр цент гэсэн үг. Гэтэл дэлхийн дундаж ойролцоогоор нэг ам.доллар 34 цент байдаг. Монголоос хямд орнуудыг аваад үзэхэд Катар, Саудын Араб, Казакстан, Иран, Йемен, Ливи, Афганистан, Узбекстан, Колумба гээд газрын тосны томоохон олборлогч орнууд байх жишээтэй. Үндсэндээ дэлхийн жишигтэй харьцуулахад хямдхан шатахуун хэрэглэж байна. Тэгвэл Хонг Конг, Нидерланд, Норвегид газрын тос яагаад үнэтэй байгаа юм. Шатахуундаа өндөр татвар ногдуулдаг. Цаашлаад улс орнууд шатахууны бодлогоороо замын ачааллаа зохицуулж болж байна. Шатахуун хямд байгаагийн нэг илрэл нь машины тоотой холбоотой гэж боддог.

 

МЕГА ТӨСЛҮҮДИЙГ ТӨРИЙН ӨМНӨӨС ХӨГЖЛИЙН САН САНХҮҮЖҮҮЛНЭ  

 

-Үндэсний баялгийн сангийн хуулийг парламентаар хэлэлцэхээр боллоо. Уул уурхайн салбарын хөгжилд тэсрэлт хийх эрхзүйн орчин бүрдэнэ гэж ойлгож болох уу?

-2019 онд хийгдсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6.2-д газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн сангаар дамжуулж ирээдүй хойч үедээ тэгш шударгаар хуваарилна гэсэн зарчмыг тусгаж өгсөн. Нэг ёсондоо Үндсэн хуульд Үндэсний баялгийн сан гэсэн үзэл санааг суулгасан учраас энэ шаардлагад нийцүүлсэн.

Монгол Улсын эдийн засгийн сүүлийн 30 жилийг аваад үзэхэд хамгийн чамлалттай нь хуримтлал байна. Газрын баялгаас орж ирж байгаа нэмэлт орлогыг эдийн засагтаа хэр зөв хуваарилах, хадгаламж үүсгэх, тэгш хүртээмжтэй тараах вэ гэдгийг дэлхий нийтийн  сүүлийн 50-60 жилийн туршлагаас харж болно. Тэр дундаа олон орон баялгийн сангийн зарчмаар амжилттай явсан байдаг. Нөхөгдөшгүй газрын баялаг бол өнөөдрийн 3.4 сая хүн болоод ирээдүйд төрөх Монголын иргэдэд ч хамааралтай. Эрдэс баялгаас орж ирж байгаа гэнэтийн өгөөжөөр хуримтлал үүсгэх ёстой. Тэр хадгаламжийн хэсэг хувийг нь ирээдүйдээ хадгалах ёстой. Ирээдүйдээ хадгалах нь эдийн засгаа халаахгүйгээр хуримтлуулах боломж байдаг. Үндсэн баялгийн сан дотор хадгаламж, хөрөнгө оруулалт гээд янз бүрийн төрөл байдаг.

Хуульд дотогшоо чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийж мега төслүүдийг санхүүжүүлэх Хөгжлийн сан байхаар зааж өгсөн. Төрд ногдох уул уурхайн өгөөж Хөгжлийн санд орох ёстой. Маш энгийнээр Эрдэнэс-Монгол компанийг баялгийн сангийн олон улсын зарчим руу аваачсан шинэчлэл болно. Үндэсний баялгийн сан гэж цоо шинэ зүйл гаргаж ирж байгаа юм биш. Сүүлийн 10 гаруй жил Монгол Улсыг хөгжүүлэх сан, Хүний хөгжлийн сан гээд хийх гэж оролдсон ч төсвөөс мөнгө аваад бэлнээр нь тараасан нь алдаа болсон. Үр дүнд нь хэний амьдрал өөрчлөгдсөн бэ. Тиймээс бэлэн мөнгөөр тараах биш илүү хөрөнгө оруулалт болгож эдийн засгаа тэлэх боломжийг олгох ёстой.

Эдийн засгаа тэлж байж мөнгөтэй болно. Мөнгөтэй болж байж эрүүл мэнд, боловсрол, хүний хөгжилд хөрөнгө оруулна. Нэг ёсондоо бялуугаа томруулж чадахгүй бол хэчнээн хөрөнгө оруулья гээд бүтэхгүй. Өнөөдөр зайлшгүй хэрэгжих ёстой мега төслүүд байна. Гэтэл санхүүжилтийг нь Эрдэнэс Тавантолгой дангаараа гаргаж байна. Механизм нь бүрдээгүй учраас нүүрсний компани төмөр зам, цахилгаан станц гээд бүх зүйл рүү орчихсон. Сүүлдээ ариун цэврийн байгууламжийг хүртэл Эрдэнэт санхүүжүүлэх нь. Үндсэн баялгийн сангийн хуулиар бол энэ бүхний санхүүжилтийг төрийн өмнөөс Хөгжлийн сан хийх ёстой. Харин олон улсын зарчмын дагуу зөв менежмент, засаглал, ил тод байх ёстой. Ингэж байж урт хугацаандаа том төслүүдийг амжилттай явуулах ур чадвар, хүний нөөцийг бүрдүүлэхийн тулд эрхзүйн орчин тодорхой байх хэрэгтэй. Том зургаар нь харвал төрийн өмчит компаниудын нэгдлээс орж ирэх болон эрдэс баялгийн нэгдлийн орлогыг хоёр үндсэн чиглэлээр хийдэг. Нэг нь гадагшаа хувьцаа, бондонд чиглэсэн, нөгөө нь  дотооддоо хөрөнгө оруулдаг. Тиймээс бид ч гэсэн гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалт хийдэг ирээдүйн өв сан, дотоодод хөрөнгө оруулдаг төрийн өмчит компаниудын нэгдэл болох Эрдэнэс Монгол хөгжлийн сан байх зарчмыг баримталж байна.

Төр дангаараа мега төсөл рүү орохгүй. Гэхдээ төрийн өөрийн хөрөнгийн санхүүжилт орох хэрэгтэй байдаг. Тэр механизм бол Хөгжлийн сан байх юм. 

 

МИНИЙ КАРЬЕРЫГ ДУУСГАХ БАЙСАН Ч ХАМААГҮЙ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨ ЯВНА

 

-Ярилцлагын эхэнд дурдсанчлан өөрчлөлтийн нэг хэсэг болоод хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Итгэл үнэмшил төрж байна уу. Ирээдүйн амбициа хэрхэн тодорхойлов?

-Эх орныхоо ирээдүйг маш өөдрөгөөр хардаг. Монголчуудад оюуны чадамж бий. Дараагийн 30 жилдээ өөрийгөө тэтгэсэн, чадавхитай эдийн засагтай болно гэдэгт итгэдэг. Үүнийг ардчилсан систем дээрээ гаргаж ирэх бүрэн боломжтой. Энэ сонголтыг хийгээд 30 жил болсон байна. Улам төгөлдөршүүлж байна. Үүн дээрээ үндэслээд оюуны чадамжаа зөв ашиглаж, зөв реформ хийж, залж чадвал дараагийн 30 жилдээ Азидаа хөгжингүй орны тоонд орж чадна. Ийм гэгээлгээр харж итгэдэг учраас өөрчлөлтийн төлөө өөрийнхөө байр суурийг илэрхийлэх, дуу хоолойгоо хүргэх, өөрчлөлтийнх нь нэг хэсэг болох ёстой юм байна гэж боддог. Надтай ижил бодолтой залуус олон бий. Магадгүй цөөнгүй нь хөндлөнгөөс харж байгаа байх. Тэгвэл бүгдээрээ өөрчлөлтийн нэг хэсэг болж үлдээсэй гэж хүсч байна. Өөрчилье гээд улс төр рүү орно гэсэн үг биш. Сонгуульд санал өгөхөөс эхлээд идэвхтэй оролцоотой, дуу хоолойгоо хүргээсэй гэж боддог. Залуучуудын оролцоо өндөр байх тусам эрүүл нийгэм бий болж, шинэчлэлийг цаг алдалгүй хийх боломж бүрдэх болов уу.

Засгийн газрын танхимд хоёр жил ажиллахдаа залуучууд илүү олон болох ёстой юм байна. Хүч түрж чадах юм бол шинэчлэлийг хурдан хийж үр дүн гарах юм байна гэдгийг олж харлаа.  Улсынхаа хүн амыг авч үзвэл хичээж чадвал хөгжил хурдан ирэх боломжтой.

Ажлынхаа хажуугаар 14 хоног бүр дэлхийн шилдэг баримтат нэг ном уншаад түүнийгээ залуучуудад ярьж өгдөг подкаст (Unlock podcast) хөтлөөд таван жил болсон байна. Дэлхийн шилдэг 135 номыг 21 аймаг, 60 оронд амьдран суугаа монгол залуучууд сонсч хамтдаа хөгжиж ирлээ. Өрөөд тавьбал 3.2 метр өндөр болно л доо. Боловсролоосоо авч чадахгүй байгаа мэдлэгийг номоор дамжуулан хамтдаа суралцаж хөгжих юмсан гэж зорьдог. Хамгийн сүүлд Авлигын синдром гэдэг ном уншлаа. Авлига бол зөвхөн Монголын асуудал биш. Бүх оронд бий. Гэхдээ шийдэл нь залуучуудын оролцоо, иргэний нийгмийн эрүүл дуу хоолой чухал үүрэгтэй. Төв талбай дээр болсон залуучуудын жагсаалыг залуу хүний хувьд дэмжиж хүлээж авсан. Өөрчилье гэхэд төрийн албаны дунд, доод шатанд маш их эсэргүүцэлтэй тулгардаг юм билээ. Ил тод болгож шинэчлэх тусам зарим хүн дургүй байдаг. Үүнийг олуулаа л хүч түрж хийхгүй бол өөрчлөхөд амаргүй. Богино хугацааны томоохон шинэчлэлийг хийх боломж тааруу.

-Жишээлбэл, танхимд нь ажиллаж байж Засгийн газрынхаа эсрэг жагсаалыг дэмжих, салбараа шүүмжлэх зэргээр албан тушаалд халтай зүйл ярилаа гэж “айж” байна уу?

-Өөрийнхөө хэлсэн ярьснаас буцахгүй. Магадгүй зөв зүйл ярьж шүүмжилснийхээ төлөө тэр нь миний карьерыг дуусгах байсан ч хамаагүй өөрчлөлтийн төлөө явна. Ухрахгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 99 (6831)