П.АМГАЛАНБАЯР

 

Үзэл бодол, үгээ  чөлөөтэй илэрхийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрх чөлөөг ардчилал бидэнд олгосон.  Монгол Улсад 1990 оны долдугаар сарын 22-29-нд анхны чөлөөт ардчилсан  сонгууль болж, эрх барих дээд байгууллагаа сонгосон түүхэн үйл явдал болсон билээ. Монголчууд энэ замналд хөл тавьснаас хойш 30 жилийн хугацааг үджээ. Энэ сэдвийн хүрээнд  “Зүүн европын улс орнууд болон Монголын ардчилал, ололт амжилт, сорилт бэрхшээл” гэсэн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр боллоо. Уг хурлыг  ШУА-ийн Философийн  хүрээлэнгийн 50 жилийн ойд  зориулан зохион байгуулсан юм. Тус хурлаар өнөөгийн нийгэмд тулгарч буй хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал,  Монголын улс төрийн үйл явцын өнөөгийн байдал, Ардчиллын хөгжил дэх  сорилт,  Шилжилтийн үе ба ардчилсан явц, Монгол болон Европын социалист орнуудын улс төр ба эдийн засгийн шилжилтйн үеийн харьцуулсан судалгаа гэсэн сэдвээр илтгэл тавилаа. Энэ үеэр ХБНГУ-ын Монгол судлаач эрдэмтэн, доктор, профессор, Удо Б.Баркманн болон Философийн хүрээлэнгийн  Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгч, доктор  О.Хатанболдын сэтгэгдлийг хуваалцав.

О.Хатанболд: ИРГЭНИЙ УЛС ТӨРИЙН  БОЛОВСРОЛ ӨНДӨР ТҮВШИНД ХҮРСНЭЭР АРДЧИЛАЛ ХӨГЖИНӨ

-Ардчиллын асуудал ямар түвшинд байгаа нь зөвхөн Монголын өмнө тулгарч байгаа сорилт биш. Энэ ойлголт  дэлхийн хэмжээний асуудал.  Унгар, Польш, Чех гэсэн зүүн европын оронтой Монгол Улс нэг  гараанаас  ардчилсан тогтолцоо руу шилжсэн. Харин 1989 оны сүүл 1990 оны дунд үе гэхэд ардчилалд хөл тавьсан орнууд одоо ямар зорилтод, юун дээр хүрчихээд байгаа нь харилцан адилгүй байна. Зүүн болон Төв Европын зарим орон харьцангуй ардчилсан тогтолцоо бэхжих шат руугаа  явж байна. Монгол Улсын хувьд ардчилсан тогтолцоонд шилжээд  32  жил өнгөрч байгаа хэдий ч  саад бэрхшээл байсаар. Нэгдүгээрт, улс төрийн эмх цэгцгүй байдал, намуудын  дотоод асуудал, хариуцлага, авлига Монголын ардчиллыг  ижил гараанаас гарсан улсуудаас хойш нь татах хүчин зүйл болж байна. 

Зүүн Европын орнуудын ардчилсан тогтолцоо илүү хурдтай явж байгаа гол хүчин зүйл нь иргэний  нийгэм хөгжсөн. Иргэдийн оролцоо, бодлого шийдвэрлэх түвшин хөгжсөн. Энэ мөн чанараараа Монгол Улсаас ялгарч байна. Тиймээс иргэний улс төрийн  боловсрол  илүү өндөр түвшинд хүрснээр ардчилал илүү эрчимтэй хөгжих боломж байна.  Бид өнөөдөр сонгууль өгч байгаа хэдий ч сонгогчдын, улс төрийн боловсрол ямар түвшинд байгаа вэ гэдэг асуудал яригдах байх.

Сүүлийн хоёр сонгуульд залуучууд  идэвхтэй оролцож байгаа нь сайн хэрэг. Гэвч сонгууль өгөхдөө сонгуульд өрсөлдөж байгаа этгээд миний өмнөөс бодлого боловсруулахад оролцож, шийдвэр гаргаж чадах уу, таныг хэрхэн төлөөлж байна гэдгийг харах ёстой. Мөн  УИХ-ын гишүүн бол  хууль тогтоогч  болохоос биш гүйцэтгэх засаглалын  ажил хийдэг хүн биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ хүчин зүйлүүд Монголын ардчилалд сорилт болж байна.

Хоёрдугаарт, улс төрийн соёлыг өндөр түвшинд гаргах хэрэгтэй. Улс төрийн  соёл гэдэг нь ёс зүйтэй байх нь чухал. Улс төрийн соёлын тухай иргэн зөв ойлголттой болбол сонгуульд саналаа худалдах, бодлого боловсруулахад миний оролцоо хэрэггүй гэсэн хандлага  байхгүй болно. Улс төрийн соёл гэдэг ном уншаад түүнийгээ тайлбарладаг зүйл биш.  Ёс зүйн хувьд  өөртөө төлөвшүүлэх, түүгээрээ нийгмийн харилцааг бий болгох хэрэгтэй.  Гэхдээ зөв шударга үнэнч байх ёстой. Энэ нь улс төрийн соёлыг бэхжүүлэх үндэс юм.

Сүүлийн гурван долоо хоногийн турш залуучуудын хөдөлгөөн  боллоо. Өчигдөр талбай дээр болсон үйл явдал байна. Энэ бүх үйл явц сэтгэлгээний хувьд өөрийгөө  шинээр бий болгох цаг ирснийг илтгэж байгаа юм. Шинэчлэгдсэнээр  ирээдүйгээ  харах хандлагыг төрүүлнэ.  Энэ хандлага нь бусад улс оронтой ардчиллын замд хамт алхах жишиг болох юм.

Удо  Б.Баркманн: МОНГОЛЧУУД АРДЧИЛСАН ҮЗЛИЙГ  ҮНДЭСНИЙХЭЭ ОЙЛГОЛТТОЙ ХОСЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-Сүүлийн жилүүдэд өөрчлөн байгуулалтын явцыг их судалсан. Үүний тулд 1985 оноос эхлэн Монголын сонинг уншиж  судалгааны ажилдаа ашигласан.  Монголын хувьд 1990 онд ардчилсан хувьсгал дууссанаар цэг тавьдаг. Гэвч би үүнд эсрэг бодолтой болсон.  Миний бодлоор жинхэнэ өөрчлөн байгуулалтын явц  Монголд 1984-1986 оноос  эхэлсэн гэж хардаг. Энэ үеэс Монголын нийгэм  илүү нээлттэй болж шинэ ирээдүй рүү явах зам боломж нээгдсэн. Үүнтэй холбогдуулан нийгмийн бүлэгүүдийг  судалсан. Тэр үед Монголын хүн амын 60-аад хувийг залуус эзэлж байсан. Судлаачдын хувьд монгол залуучуудын туулсан замыг судлахгүй орхих боломжгүй гэж үзсэн. Үүнийг  түүхч хүний үүднээс  төдийгүй социологиийн үүднээс хийх хэрэгтэй болсон. Монголын нийгэмд анхдагч, хоёрдогч нийгэмшил байна. Нэг хэсэг үед хоёрдогч нийгэмшил нэлээд  нөлөө үзүүлсэн нь социолизмын үе. Учир нь улс төрийн бодлогыг хэрэгжүүлэхийг хүссэн. Монголд 1990 оноос эрх чөлөөний үндэс бий болж залуучуудад боловсрол олгох хэрэгтэй байсан. Гэвч эдийн засгийн байдлдаас үүдэж сайн боловсрол олгоход хүндрэлтэй үе байсан. Ихэнх залуус ганзагын наймаанд явсан үе.

Нийгмийн амьдрал, хүмүүсийн хувьд  цаг үеийн асуудлаас үүдэж их бэрхшээл туулсан. Гэсэн ч Монгол Улс энэ бүх бэрхшээлийг амжилттай даван туулж чадсан юм.  Энэ бүхнийг би судлаачийн хувьд ажигласан учраас тодорхой онцлог бий гэж харж байна. Жишээлбэл, Монголд ардчилсан системийн тухай ярьдаг болсон. Зарим хүн ардчилсан систем  хэрэггүй, нэг хүний хатуу үг арга барил байвал илүү гэж үздэг. Нөгөө хэсэг бүлэг хүмүүс заавал байх ёстой гэж үздэг. Миний бодлоор монголчууд  дундах замыг олох ёстой. Учир нь нэг талын үнэн байдал гэж байдаггүй. Монголын нийгэмд ардчилсан үзэл чухал. Гэхдээ ардчилсан үзлийг  үндэснийхээ ойлголттой хослуулах хэрэгтэй гэж бодож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 96 (6828)