Б.Ган-Очирыг “...Украиныг дэмжсэн” гээд огцруулахаар болжээ

0
хуваалцах
217
үзсэн

Б.ДАМДИН-ОЧИР

 

Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад зөвлөх нь байсан Б.Ган-Очир өдгөө Х.Баттулгын АН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилладаг. Түүнийг огцруулж мэдэхээр болсон байна. Эх сурвалжуудын мэдээллээр уржигдар тус намын даргын ойрын хүмүүс Б.Ган-Очирт“...Украиныг дэмжиж байгаа бол явж болно шүү” гэжээ. Учир нь Д.Сосорбарам руу гурил цацсаны дараа Б.Ган-Очир “...Бид ингэж болохгүй. Энэ бол ардчилсан хувьсгалын үзэл санаанаас урвасан явдал” гэчихсэн байгаа юм. Гэхдээ энэ нь шалтаг бололтой.

Харин шалтгаан нь үүнээс ондоо юм байна.  Тус АН-ын удирдах албан тушаалтнууд, даргынх нь ойрын хүрээллийнхэн тодруулбал, Ерөнхий нарийн бичгийн дарга, Хэвлэлийн албаны дарга гэсэн хүмүүс саяхнаас Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очирыгоо “...С.Эрдэнийн талд мэдээлэл дамжуулж байна” гэж хардах болжээ. Гэхдээ Х.Баттулгын хувьд Б.Ган-Очирт итгэдэг. Түүнийг дэмждэг байна. Харин хардаад байгаа нөхдүүд нь Б.Ган-Очирыг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ойрын харилцаатай, Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр нартай ч ойрхон. Тэгэхээр тэр сувгаараа С.Эрдэнийн талынханд тэдний төлөвлөж байгаа ажлуудын талаар дамжуулаад байна гээд байгаа юм байна. Ингэж үзэх бас нэг сэжим нь Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин нар нь АН-ыг авах зорилгоор ойрынхоо хүрээллээс 11 залууг бэлдэж буй гэнэ. Энэ 11 хүний нэг нь Б.Ган-Очир болж таарчээ. Түүнчлэн Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр нар залуустаа “...Намар есдүгээр сард бидэнд АН-ыг авах боломж гарч ирнэ. Тэгэхээр 2024 оны сонгуульд  бид намаа авч орно гэсэн үг. Та нар эхлээд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийг гартаа оруулж авах хэрэгтэй” гэсэн мэдээлэл тэдэнд ирсэн байна. Ийн Х.Баттулгын АН-ынхан зөрчилдөж, удахгүй Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очирыгоо огцруулж магадгүй болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 96 (6828)

Иргэн
Энэ нам үнэхээр хөл, толгойгоо олохгүй юм даа. Өөрсдөө дотроо хагаралдаад ямар ч их хугацаа өнгөрөвдөө.