П.АМГАЛАНБАЯР

Нийгмийн даатгалын сангийн санхүүд гарч буй алдаа дутагдалын талаар МЗХ-ны ерөнхийлөгчийн зөвлөх Г.Хонгор мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд  эрүүл мэнд, тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын асуудлыг байнга хөндөж ирсэн сэдэв. Гэвч дорвитой чанарын өөрчлөлт гардаггүй. Арилжааны банканд тэтгэвэрийн  даатгалын сангийн мөнгө байршуулдаг ч энэ нь  эргээд  үнэлгээ багатай үл хөдлөх хөрөнгө болдог. Тиймээс нийгмийн  даатгалын санг удирдан, хэрэгжилт үйл ажиллагааг зохион байгуулдаг, хууль тогтоомжийг боловсруулдаг газруудад анхаарал хандуулахыг хүсэж байна. Өнөөгийн нийгэмд хамгийн орхигдсон  нь  тэтгэвэр, эрүүл мэндийн даатгал болж байна.  

2021 оны Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тайланд  Монгол Улсын ерөнхий аудит дүгнэлт хийхэд хязгаарлалттай гэсэн дүгнэлт гарсан байна.Тодруулбал,  133 тэрбум төгрөгийн 120 ширхэг  алдаа  зөрчил илэрсэн. Үүнээс  117 тэрбум, 379 сая төгрөгт  34 албан шаардлагыг Үндэсний аудитын газраас хүргүүлж, 12 тэрбум 400 сая төгрөгт  алдаа зөрчил гарч,  56  зөвлөмж өгсөн. Үүнээс  харахад жилд 365 хоног буюу 52 долоо хоног байдаг. Үүний ажлын 250 гаруй ажлын өдрөөс нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс үндсэн ажлаа зохион байгуулахдаа 120 алдаа зөрчил гаргасан байна. Өөрөөр хэлбэл,  нэг өдөр өнжөөд л алдаа гаргадаг гэсэн үг. Монгол Улсын Их хурлын нийгмийн бодлогын байнгын хороод  нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс ирүүлсэн тайланг харахад зөвхөн үйл ажиллагааны тайлан бус үнэлгээний тайланг хүргүүлсэн.  Мөн Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын удирдлага бүтцийг авч үзэхэд есөн хүн  гурван сая иргэдийн амьдралын асуудлыг шийддэг. Засаглалтын хувьд хоцрогдсон арга барилтай. Тиймээс тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэндийн асуудал, үндсэн шалтгаанаа тодорхойлж чадахгүй яваад байх уу гэсэн асуудал гарч байна” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn