Торгуулиа төлөөгүй бол жолооны үнэмлэх сунгуулах, гадаад паспорт авах эрхийг хязгаарлана

0
хуваалцах
283
үзсэн

Ч.ОЛДОХ

 

УИХ-ын чуулганы өчигдрийн  нэгдсэн хуралдаанаар  “Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Олон улсын гэрээнд нэгдэх нь зүйтэйг  гишүүдийн олонх дэмжсэн. Ингэхдээ юуны өмнө  дотооддоо чанар стандартаа хангаж чадаж байгаа юу гэдэг нь чухал болохыг анхаарууллаа.  Тухайлбал, Г.Дамдинням гишүүн  Дарханы замын асуудалд анхаарал хандуулахыг хүсч “Гол магистраль замаа дөрвөн жил самарчихаад сууж байна. Дарханы авто замын эвдрэл гэмтэлтэй холбогдуулан иргэд албан байгууллагад учирч буй хохирлыг хэн хариуцах вэ” гэж асуусан. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хариулахдаа “ Дарханы хоёр, дөрөвдүгээр зам дээр техникийн бүрэн бүтэн байдлаас бус, замын улмаас хохирол үүсвэл Тээврийн цагдаагаар баталгаажуулаад гүйцэтгэгч компаниас нэхэх бүрэн үндэслэлтэй” гэсэн хариулт өглөө.

 Мөн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

-Цахим орчинд гүтгэх, доромжлох асуудал уг хуулиар зохицуулахаар орж ирээгүй. Мэдээлэл өгөхөд Засгийн газраас өчигдөр өргөн барьсан Эрүүгийн хуульд доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэх асуудал орж ирж байгаа. Нэр бүхий гишүүдээс гүтгэх, худал мэдээлэл тараахтай холбоотой Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан, хэлэлцүүлгийн шатанд явж байгаа”-г тодотгов.

Ш.Адьшаа:

-Сануулах шийтгэлийг зарчмыг дэмжинэ. Харин ял наймаалахыг Зөрчлийн хуульд дахин оруулж ирж байгаа нь ямар учиртай вэ. Эрүүгийн хуулиас хасчихаад Зөрчлийн хуульд оруулж ирж байгаа нь ойлгомжгүй.

М.Оюунчимэг:

-Гэр бүлийн хүчирхийлэл их гарч байна. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг яагаад оруулж ирэхгүй байгааг иргэд асууж байна.

Ц.Туваан:

-Иргэд Зөрчлийн тухай хуулийн талаар сөрөг мэдээлэлтэй байна. Иргэдэд ирж буй дарамт их байна гэж бухимдаж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын нийт 6.6 сая зөрчил бүртгэгджээ. Энэ дээр онцгой анхаарч тусад нь шийдчихвэл яасан юм бэ. Ямар хүмүүс нь торгууль хүлээгээд ямар нь хүлээхгүй байна вэ. Мөн нэгдүгээр эгнээгээр зорчсон жолооч нарыг камераар хянаж чадаж байна уу. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Хотын дарга нэгдүгээр эгнээний камер ажилладаггүй талаар хэлсэн. Түүнийг би техникийн хувьд шалгаагүй. Камерын ашиглалтын зардал улсад байдаггүй. Арга буюу торгуулийн орлогын тодорхой хувийг камерын ашиглалтад зарцуулдаг. Уг хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ. Хууль батлагдсанаар тухай аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал торгуулийн орлогыг камер ашиглалтад зарцуулдаг журмыг оруулж ирж байна. Ингэснээр зөрчлийг бүрэн хянах боломж бүрдэнэ. Торгуулиа төлөхгүй бол жолооны үнэмлэх нөхөж авах, сунгахыг хязгаарлана. Гадаад паспорт авах, төрийн албаны шалгалт өгөх эрхийг хязгаарлана. Өөрөөр хэлбэл, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчмын хүрээнд явж байгаа. Зарим хэсэг нь эрх зүйн зөрчил гаргаад торгууль шийтгэлээ төлдөг, зарим нь 20, 30 жилээр төлддөгүй байж болохгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 91 (6823)