“Үндсэн хуулийг үндсээр нь өөрчил”

0
хуваалцах
361
үзсэн

Ч.ОЛДОХ

Хөдөлмөрийн үндэсний намаас өчигдөр эхлүүлсэн  “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэсэн уриатай жагсаал энэ  зуны сэдэв болж, төв талбайд хөл хөдөлгөөн тасрахгүй бололтой. Үүнийг нэг талаас Т.Доржханд гишүүний 2024 онд гарч ирэх сонгуулийн PR гэж хардаж болох. Гэтэл иргэдийн  гартаа барьсан уриа, лоозонгоос “Өөрчлөхгүй бол тэмцэнэ” гэсэн хатуу байр суурь уншигдаж байна. “Залуусын санал гээгдэж байна”, “Жалганы гишүүд залуусыг бодохгүй”, “МАН гарч ирдэг  мажоритар тогтолцоог хал”, “Малчид энэ улсын иргэн биш юм уу?” гэсэн уриа лоозонгууд  нэг ёсондоо  “Үндсэн хуулиа өөрчил”  гэсэн шаардлага болж УИХ руу чиглэжээ. Тав хоногийн дотор УИХ хариу өгөхгүй бол тайван жагсаалын хэлбэр өөрчлөгдөж мэднэ гэх үгс ч бас цухалзаж байсан юм. Жагсаалд Монголын залуучуудын холбоо, түүний салбар зөвлөлүүд, МУИС, ШУТИС-ийн оюутан залуус түлхүү оролцсон. Улс орны  урагшилдаггүй хөгжил, иргэд сонгогчдын сайжирддаггүй амьдралын  элдэв бэрхшээлд бухимдсан ахмадууд ч төв талбайд гарч ирсэн байлаа.

Хөдөлмөрийн Үндэсний намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд энэ үеэр   “Берлиний ханыг нураахад долоо хоног бүр иргэд гарч  жагсдаг байсан. Эхний удаа мянга, хоёр мянга, дараагийнхад 10-20 мянга, тэгээд 100 мянгуулаа  жагсдаг байсан юм. Тэгж байж тэр ханыг  нураасан. Үр дүнд нь Германы иргэд эрх чөлөөгөө олж авсан. Түүнтэй адил бид жагсч чадна. Үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө энэ улс орныг өөрчлөх хэрэгтэй. Иргэдэд талх чихэр, боов боорцог тараах бус бодлого баталдаг, урт хугацааны төлөвлөгөө баталж хэрэгжүүлдэг шинэ Монголыг бий болгох ёстой. Монголдоо сайхан амьдаръя. Залуустаа боломж өгье. Өөр 30 жилийг өнөөдөр бий болгоё” хэмээн чуулганы танхимд сууж буй УИХ-ын  75 гишүүнээс гуйж байгаагаа Сүхбаатарын талбайд гарч ирж учирласан. Түүнтэй  хамт тэмцэхээ илэрхийлсэн намын дэд дарга  Б.Найдалаа  “Нүдэнд юм орвол усаар угаадаг. Тэгвэл хэдхэн  хүн төрд бугшиж, ужгирч , дархлагдаж, хулгайч болоод суугаад байгааг яаж цэвэрлэх вэ. Үүнийг цэвэрлэхийн тулд саармагжуулах хэрэгтэй. Яаж саармагжуулах вэ гэвэл тэдний тулж байгаа таягийг хугалах хэрэгтэй. Сонгуулийн тогтолцоог нь өөрчлөх хэрэгтэй.

Энэ бол цорын ганц зөв шийдэл. Үүний араас бүх гарц, зөв шийдэл бий болно. УИХ-ын дарга гарч ирж иргэдийнхээ  шаардлагыг хүлээж авах хэрэгтэй. Шийдлийг хүлээж ав, тэгээд  өөрчил. УИХ-аа хуралдуул. Бусад жижиг, сажиг төслүүдээ хойшлуулж байгаад  Үндсэн хуулиа өөрчил, үндсээр нь өөрчил” хэмээн мэдэгдсэн юм. Жагсагчдын  байр суурийг хүргэе.

 

Б.Цацралтуяа: Сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүйгээр өөрчлөлт ирэхгүй

-Жагсаалын уриа “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэж байгаа. Бид яагаад сонгуулийн тогтолцоог өөрчилж,  Үндсэн хуулиа шинэчилье гэж байгаа вэ гэвэл төрд удсан улс төрийн хүрээнийхэн өөрсдөдөө ашигтай, олонхид ашиггүй системээр сонгуулиа явуулж ирсэн. Тиймээс залууст  саналаа өгөх итгэл үнэмшил төрөхгүй байна. Ийм ядарсан тогтолцоогоор явбал сонгуульд идэвхтэй оролцсон ч, саналаа өгсөн ч байдлыг өөрчилж чадахгүй.  Тогтолцоог өөрчилчих юм бол цөөнхийн бус олонхийн санал түлхүү тусна. Олонхийн санал гэдэг дотор залуус жин дарна. Олонхийн саналаар давамгайлсан төлөөлөл төрд орж ирвэл төрд бугшсан хуурамч, хулгайч хүмүүс дахиж гарах бололцоо хаагдана. Ингэж үндэс суурийг нь өөрчлөхгүй бол бид нэг юм уу, хоёр удаа жагсаад өөрчлөгдөхгүй. Иймээс Үндсэн хуулиа өөрчлөх зайлшгүй шаардлага бий.

 

Б.Бат: Нийгмээ шинэчлэх цаг ирсэн

-Ард түмэн намайг  сонгосон гээд  төрд гарч ирсэн хүмүүс юу яриад сууж байгааг та бүхэн харж байгаа байх. Бодлого ярьж байна уу. Улс орноо зөв хөгжүүлэх талаар юу хэлэв. Ингэж  асуудлыг томоор  харж ярьж байгаа хүн байгаа юм уу. Байхгүй байгаа учраас энэ байдлыг өөрчилье гэж бид жагсч байгаа юм. Өөрчлөхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Тэгж байж нийгмээ шинэчилнэ. Тэр цаг ирсэн гэж бодож байна.

 

Д.Тулга: Сонгогчдыг хулхиддаг системээ  хал

-Сонгуулийн системийг пропорциональ болгоё, Үндсэн хуулиа өөрчилье  гэсэн саналуудыг  дэмжиж жагсаалд  оролцож байна. Ингэж байж өөрчлөлт бодитой хийгдэнэ. Монголын төр, засаг иргэдээсээ холдсон. Ард түмний амьдрал түүний толь юм. Энэ байдлаа өөрсдөө өөрчил, чадахгүй бол тар гэж шаардаж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт хүртэл жагсаал, тэмцэлд оролцоно гэж шийдсэн. Яагаад залуусын санал дандаа гээгддэг юм бэ. Яахаараа сонгогчид дандаа хулхидуулдаг юм бэ.Ийм байж болохгүй.

 

П.Наранбаяр:Үндсэн хуулийн өөрчлөлт бол маш том шинэчлэл юм

-2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт дэвшилттэй зүйлүүд байгаа ч дутуудсан. Цэцийн шийдвэрт  ард түмэн шууд сонгоно гэсэн үгийг  мажоритар гэж ойлгосон байдаг нь учир дутагдалтай. Энэ бол хувь тэнцүүлсэн тогтолцоо руу орж болно. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр холимог тогтолцоог тусгай заалт болгож оруулах ёстой. Эс тэгвээс өнөөдөр хүн амын 40-н хувийн саналыг авчихаад 80 хувьд нь засаглаад сууж байдаг, УИХ-д 60 хувийн суудалтай байдаг гажуудал эмгэгтэй болсон. Гишүүд өөр өөрийн тойргийг ярьдаг. Жалга дов ярьдаг, залуусыг боддоггүй. Ахмадуудаа боддоггүй, хүүхдүүдийг тоодоггүй. Ид ажиллаж байгаа идэр насны иргэдээ анхаардаггүй. Иймээс сонгуулийн тогтолцоог яаралтай өөрчилж, Үндсэн хуулиа шинэчлэх шаардлагатай. Ард түмний санал, тэдний дуу хоолой амьдардаг сонгууль хэрэгтэй, тэгтэл одоо залуусын санал  гээгдэж “үхэж” байна. Энэ асуудал хар машинд биш тогтолцоонд байгаа.

 

Н.Галбадрах: Хариуцлагагүй уул уурхай  Үндсэн хуулийг зөрчиж байна

-Үндсэн хуульд газрын хэвлийн баялаг ард түмний өмч гэж бий. Гэтэл хаанаас ч хэн ч хамаагүй ирээд ухдаг болсон. Үүнийгээ бол гэж шаардахаар миний бие  Өвөрхангай аймгийн тарагт сумын Туяа багаас ирж жагсаалд оролцож  байна. Хууль бус хариуцлагагүй уул уурхай, тендерийн булхайг нь малчин хүн хэлсний төлөө өөрөө ганцаарддаг. Нэг ёсондоо нутаг орондоо амьдрах аргагүй болж хөөгдөж байна. Бүтэхгүй юмны араас хөөцөлдлөө гэж биднийг хэлдэг. Гэтэл буруу болгон чинь төрд өөрт нь байна. Буруу тогтолцоонд байгаа гэж өнөөдөр нийгэм даяараа шуугиад эхэллээ. Одоо л гажуудал хаанаа байгааг бүгд ойлгож эхэлж байна. Харин УИХ шаардлагыг хүлээж авах уу гэдэг асуулт дагуулж, хүлээлт үүсгэж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 91 (6823)