Дарханы замын ослын хохирлыг гүйцэтгэгч компани хариуцна

0
хуваалцах
340
үзсэн

Ч.ОЛДОХ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар  “Олон Улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай  Засгийн газраас  өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх үеэр  Дарханы замын асуудал  дахин хөндөгдлөө.

Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авахад УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Манай улс олон улсын гэрээнд нэгдэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ бид дотооддоо чанар стандартаа хангаж чадаж байгаа юу гэдэг нь эхний асуудал. Нөгөө л Дарханы зам. Гол магистраль замаа дөрвөн жил самарчихаад сууж байна. Байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн асуулт байна. Уншиж танилцуулахад, Дарханы авто замын эдврэл гэмтэлтэй холбогдуулан иргэд албан байгууллагад учирч буй хохирлыг хэн хариуцах вэ. Хохирлын үндсийг тавьсан анхны үнэлгээний хороо, тодруулбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хийж буй төслийн II, IV  багцыг Хятадын бүтэлгүй компанид хамгийн эхэлж өгсөн үнэлгээний хороог АТГ, хууль хяналтын байгууллагад шалгуул гэдэг хүсэлтийг Л.Халтар сайдад гурван удаа тавьсан. Та гурван удаа татгалзсан” гэлээ.  Гишүүний асуултад  Зам тээврийн сайд Л.Халтар хариулахдаа  “ Г.Дамдинням гишүүнээс хүсэлт ирсэн. Цаад утгаараа ЗТХЯ, Азийн Хөгжлийн банкийг шалгуулахтай агаар нэг болчихоод байна. Тиймээс би танд хүсэлт тавьсан. УИХ-д байгуулсан ажлын хэсгийн зүгээс  ЗТХЯ, Азийн хөгжлийн банкийг АТГ-д өгчхөөч ээ. Тэрнээс биш олон жил ажиллаж ирсэн Азийн хөгжлийн банктай хамтраад шалгаруулсан тендерийг буцаагаад шалгуулах нь ёс зүйн хувьд таатай биш. Цаашдаа Азийн хөгжлийн банк Монгол Улсын зам тээврийн салбартай хамтраад ажиллаад явах байх. Тэр утгаараа яам Азийн хөгжлийн банкийг АТГ-д шалгуулах нь ёс зүйн хувьд учир дутагдалтай. Дарханы замын асуудалд Тээврийн цагдаатай ярьж байгаад саяын хэлсэн хоёр  багцын түр зам дээр цагдаагийн пост ажиллуулж байгаа. Гүйцэтгэгч нарт нэг л зүйлийг тавьж байгаа. Түр зам дээр хурд хэтрүүлэхээс бусад шалтгаанаар замын асуудлаас болж иргэний амь нас, эд материалын хохирол, эрүүл мэндийн хохирвол гүйцэтгэгч компани хариуцна. Олон улсын гэрээнд уг заалт бий. Мөн ЗТХЯ-ны байгуулсан гэрээнд уг заалт орсон. Тиймээс Дарханы хоёр, дөрөвдүгээр зам дээр техникийн бүрэн бүтэн байдлаас бус, замын улмаас хохирол үүсвэл Тээврийн цагдаагаар баталгаажуулаад гүйцэтгэгч компаниас нэхэх бүрэн үндэслэлтэй”  гэв.

Эх сурвалж: www.polit.mn