С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжгийн Арчуг хааны дүрийг бүтээж буй Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрдэнэбилэгийг урьж ярилцсан. Тэрбээр энэ үеэр “Бидний сэтгэлгээ бол тасархай байсан. Гэхдээ театрын барилга байгууламж, тайз, дэлгэцээс эхлээд үнэхээр шинэчлэх хэмжээнд аль хэдийнэ хүрсэн. Ийм нөхцөл боломжид тааруулж хийнэ гэдэг хэцүү. Давж сэтгэсэн зүйлээ бололцоондоо тааруулж хийх нь харамсалтай юм даа. Хөшиг буулгахаас эхлээд бүгд гар ажиллагаатай. Одоо үүнийг болих хэрэгтэй. Тиймээс энэ далимд нэг зүйлийг заавал хэлмээр байна. Төр засаг театрын урлагийг харах цаг болсон. Бүхэл бүтэн улсын драмын төв театр нь аймгийн театраас дор байна. Нийслэл хотын “А” зэрэглэлийн бүсэд байгаа улаан байшингийнхаа тайз, дэлгэц, орчин нөхцлийг технологийн хувьд шинэчлэх хэрэгтэй. Хэддүгээр зуун билээ гэдгийг бодох цаг болсон. Ингэж байж үзэгчид таашаал авч агуу сонгодог зохиолууд мөнх амьдарна гэж ярихаас биш яг өнөөдрийн орчин нөхцөлд бол харамсалтай  дүр зураг бууж байна. Уран бүтээл, уран бүтээлчид бол тусдаа асуудал. УДЭТ, Үндэсний урлагийн их театр, Хүүхэлдэйн театр нэг байшингийн нэг нэг өрөөнд байгааг гадныхан сонсвол гайхна. Гоё хөгжүүлээсэй л гэж бодох юм.

Хийморь киног улс хийгээгүй шүү дээ. Магадгүй энд асуултын тэмдэг тавих ёстой байх. Би байдгаараа зүтгэсэн. Тэр байтугай улсыг бодлогын хэмжээнд дэмжээч гээд орж байсан. Нэрийг нь хэлээд яахав. Улсаас цалинждаг учраас филармонийг амьд хөгжим тоглоод өгөөч гэхэд хөдлөөгүй. Шат шатныхаа хүмүүс  дээр чагтлагдаад хаагдсан. Гэтэл би Номадиа пикчерстэй хамтарч байсан. Тэднийх филармонитой гэрээтэй ажилладаг гээд ярихад ямар ч асуудалгүй бүтсэн. Гэх жишээний л.

"Тамгагүй төр" бол "Херо энтертайнмент"-ын залуучууд санаачлаад жүжигчид, продюсертойгоо уулзаж тохироод хувцасны салон, төмрийн дархчуултай яриад  ямар ч асуудалгүй бүтээлээ. Эвлэлдэн нэгдэж чадвал төрийн оролцооноос үл хамаарч түмэн олны таашаалд нийцэхээр бүтээл гарч ирж байна. Гэтэл яагаад улсын юм гэхээр бүтэл муутай байдаг юм бэ. Нэгэнт салбарын яамтай болсон юм чинь ядаж улсынхаа “А” бүсэд байрлах улаан байшингаа авраач, шинэчлээч, сэмбийтэл аваад яваач гэж хүсмээр байна. Монголын нэр нүүрийг тодорхойлох ганц байгууллага шүү. Нүүр бардам байх юмсан” гэж ярилаа.  

Эх сурвалж: www.polit.mn