Г.Уянгаа: Стресс зөвхөн тархинд нөлөөлөх бус биед бичигдэж байдаг

0
хуваалцах
584
үзсэн

С.УЯНГА

 

Австрали улсад ажиллаж, амьдардаг нийгмийн сэтгэл судлаач Г.Уянгаатай ярилцлаа.

 

-Стресс нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон. Гэтэл хувь хүнээс гадна нийгмийн стресс бий боллоо. Энэ хоёр ямар ялгаатай вэ?

-Стресс нь  хүн орчин, нийгэмтэйгээ харьцах явцад аюул, шударга бус зүйл, бэрхшээлтэй байгаа үед илэрч байгаа сэтгэл зүйн илрэл л дээ. Жишээлбэл, тайван, амарсан, нийгмийн эрүүл харилцаатай, аюул мэдрэхгүй, гаднаас ирэх дарамтгүй үед тархины урд хэсэг ажиллах нөхцөл бүрэлдэж нарийн дүн шинжилгээ хийх, төлөвлөх, тооцоолох, ойлгомжгүй зүйлтэй тулгарвал түүнийг  танин суралцаж хөгжих төлөвт орж бүтээмжтэй ажиллах боломж бүрддэг. Харин нийгмээрээ стресс төлөвт орж байгаа бол магадгүй нийгмийн бүлгийн гишүүдийн дундаа мэдэрч байгаа аюул, тулгамдаж байгаа асуудал нь дундынх байж болно. Жишээлбэл, хүлээн зөвшөөрдөг нийгмийн хэм хэмжээ, зохистой харилцаа, үнэт зүйлс, шударга байдал доголдож байгаагийн илрэл. 

Бас түүхэндээ мэдэрсэн зүйлс чухал нөлөөтэй байдаг. Коллектив траума нийгэмдээ бичигдсэн байдаг. Энэ нь илаарших процесс явагдахгүй нийтээрээ мэдээлэл хүртэхгүй харанхуй, түгшүүрийн байдалд орж байгааг илтгэж болно. Жишээлбэл,  хөл хорионы үеэр талбай дээр очиж өөрийгөө шатаасан залуугийн харамсалтай түүх байна. Бид иргэнээ алдаж байгаа энэ харамсалтай үйлдэл нь нийгэмдээ цочроо өгч, юу болсныг мэдэхийг хүссэн ч,  залуугийн  олон нийтэд мэдээлэл өгөөгүй нь бидний дунд үл ойлгох дундын гашуудал болон үлдэх жишээтэй.

-Стресс халдварлах нь орчиндоо ч юм уу ямар сөрөг үр дагавартай вэ?

-Стресс халдварладаг. Гэхдээ халдварлах нь үгний хувьд жаахан сөрөг утгатай. Стресстэй хүнээсээ эхтэй мэт. Хэрэв стресстэй үедээ бусдад уураа гаргаж байгаа бол нөгөө хүнийг сөрөг нөлөөнд оруулж, дамжуулж байгаа хэлбэр. Тэгвэл харилцаагүй нөхцөлд стресс халдварлах болов уу. Хоёулаа хамт төсөөлж үзье. Та ажлаа тараад гэрийн зүг алхаж байтал таны алхдаг зам дагуу нэг өвөө нүүрээ дараад ганцаараа чимээгүй уйлж байгаатай таарлаа. Танд ямар мэдрэмж төрж байна. Үүнийг сонсоод таны сэтгэлд гуниг мэдрэгдэж байна уу.

Бид хүний юу туулж байгааг хараад хэлэх боломжгүй. Юу тохиолдож стресст орсныг хараад мэдэх боломжгүй. Гэхдээ алсаас тэр өвөөг хараад магадгүй таны дотор гуниг, харамсал, туслах юмсан гэх хариу бодол төрж байгаа байх. Халдварлах уу гэж асуусан даа. Хүн өөр хүнийг мэдэрч ойлгох чадвартай. Тэгэхээр стресстэй байгаа хүний нүүр, биеийн хөдлөлийг хараад хэцүүг нь хамт мэдэрч байдаг. Нөгөө хүнээ уншиж, юу мэдэрч байгааг нь мэдрэх энэ чадвар зарим хүнд өндөр байдаг. Ийм хүнийг эмпати өндөртэй гэж ярьдаг даа. Тэгэхээр стресстэй хүн өөр хүнд уураа гаргаж стрессээ дамжуулахгүй ч, өөр хүн хөндлөнгөөс хараад хүний суурь өрөвч сэтгэлээрээ мэдрэх боломжтой.

Сонирхолтой нь зарим хүн албан тушаал, эрх мэдэл нэмэгдэхээр эмпати буюу хүнийг ойлгож мэдрэх чадвар буурдаг. Үүнийг улс төрийн болон нийгмийн сэтгэл зүйд нийгмийн дарангуйлал хэлбэрт оруулан судалдаг.

-Стресс тэгэхээр нийгмээрээ мэдэрдэг байх боломжтой байх нь?

-Стресс нь зөвхөн тухайн хүнээс эхтэй бус. Хүний оршиж байгаа нөхцөлөөс, туулсан амьдралаас хамаарна. Мөн мэдээж бие физиологийн байдлаас ч хамаарна. Жишээлбэл, нойр дутуу бол стресс даах чадвар буурдаг. Ер нь биеийн хэвийн ажиллах горим доголдож эхэлдэг. Нойр ханаагүй дутуу үедээ өглөө эрт сэрээд хүүхдээ бэлдэж, хооллоод цэцэрлэгт хүргэх гэтэл хүүхэд нь халуунтай, гэртээ харахаас аргагүй байдалд орж ажил руугаа утасдаж учраа хэлэхэд эмпати муутай дарга байж таараад уурлаж, уцаарлавал шантарч ч мэднэ. Энэ нь бидний орчноосоо авч байгаа ачаалал өндөр, хүлээлт төлөвлөгөө бүтэхгүй болж стресст орж байгаа хэлбэр. Тэгвэл бид нийгмээрээ ийм нөхцөлд орох давтамж  сүүлийн жилүүдэд ихсэж байна. Үүний энгийн жишээ бол  цар тахал. Цар тахалтай холбоотой уялдаагүй бодлого, утаанаас үүдэх хүндрэл, сургууль, цэцэрлэг, нийтийн тээврийн хүртээмжгүй байдал, түгжрэл, хэрэгцээнд тохироогүй явган замын зохион байгуулалт гэх мэт. Энэ мэтээр нийгмийн зохион байгуулалт, хөгжүүлэлтийн доголдол биднээс хамаараагүй хэрнээ бүгдэд нь нөлөөлдөг.

-Стрессийг даван туулах, ангижрах янз бүрийн арга бий. Хор уршиггүйгээр хэрхэн  стрессийг даван туулах вэ. Зарим үед бухимдлаа илэрхийлж байгаа арга нь нийгэмд хор уршигтай, гэмт хэргийн шинжтэй болж хувирах тохиолдол ч байна?

-Хүн өдрийн турш сэтгэл зүйн олон төлөвт орж байдаг. Уурлана, хийх дуртай зүйлдээ төвлөрч ажлын өндөр бүтээмж гардаг “flow” байдалд орно. Хайр хүрнэ, гомдоно, төлөвлөсөн зүйл нь бүтэхгүй стрессдэнэ. Харин түгшүүр, айдас, уур, гутрал, гашуудал удаан хугацаанд мэдрэгдэж байгаа бол сэтгэл зүйн туслалцаа авах хэрэгтэй. Хүүхдэд стресс даван туулахад биеийн хөдөлгөөн чухал. Учир нь  стресс зөвхөн толгой оюун ухаанд нөлөөлж байдаггүй, биед бичигддэг. Үүнийгээ хүн хөдөлж гаргах  эсвэл дуртай зүйлдээ төвлөрч цаг гаргавал амьдралын чанарт эерэг нөлөөтэй. 

Харин бухимдлаа нийгэмд хэр хэмжээнд гаргах вэ гэдэг олон хүчин зүйлээс хамаарна. Мэдээж паталогийн шинжтэй хүнийг тусгаарлах байх, миний хувьд клиник сэтгэлзүйч биш учраас энэ талаар тайлбар хийх боломжгүй. Миний мэргэжлийн чиг нийгмийн соёл нь хүний ширүүн догшин авирыг хүлээн зөвшөөрч, толгойг нь илээд уг агрессив үйлдлийг хэрхэн хэвийн мэт болгож байгаа талаас нь хардаг. Жишээлбэл, бидний дунд “архи уугаад чамд агсам тавина” гэдэг хэллэг сонсогддог доо. Тэгэхээр архи уусан хүний ширүүн авир, хэрцгий үйлдлийг зөвшөөрөөд өөгшүүлээд байгаа хэлбэр болох гээд байгаа биз. Энэ нь бүр урьдчилан бэлдэж, энэ төлөвтөө орвол архинд бурууг өгч  үйлдлээ зөвтгөж болно гэсэн дундын ойлголтын хэм хэмжээ нь гэмт хэрэгт хөтлөх боломжтой. Өөрөөр хэлбэл,  хүний агрессив зан үйл нь нийгмийн сурцтай байдаг. Англид энэ судалгааг маш сайн хийдэг. Эрх мэдэл, нөлөөтэй улстөрч  арьс өнгөөр ялгаварлаж байгаа зүйл хэлсний дараа энэ төрлийн гэмт хэрэг нэмэгддэг нь судалгаагаар гарч ирдэг. Тэгэхээр ардчилсан улсад иргэдээ төлөөлж байгаа шийдвэр гаргагчдад иргэд шүүмжлэлтэй хандаж, зан үйлийг  хянаж байх механизм байдаг нь учиртай байгаа биз. Төр, засаг үе үе иргэдийн дуу хоолойг хумих оролдлого хийдэг. Уг нь бол иргэд биш нөлөө ихтэй байгаа бүлгээ Үндсэн хуулийн хүрээнд, зарчмаа барьж байна уу гэдгийг хянаж, хэрсүү байх нь чухал. Эсрэгээрээ нөлөө багатай иргэдээ хянах бол дарангуйлал юм.

-Стресс даамжирч эцэстээ тулбал яах вэ. Хэрхэн удирдаж сурах вэ? 

-Стресст орсон хүний бие түгшүүрийн дохио дуугаргаж байдаг. Тэгвэл  байн байн түгшүүрийн байдалд орвол нөөц, хүч тэнхээгээ барж, эргэн хэвийн байдалдаа орж чадахгүй туйлдаж эхэлнэ. Энгийн зүйлсээ хийхэд хүндрэлтэй болж, депресст орж орчноосоо таашаал мэдрэх чадвар унтарч, айдаст автах, яахаа мэдэхгүй болох байдлаар илэрч болно. Мэдээж энэ нь хүний хэвийн амьдрах чадварт шууд нөлөөлж, хүнд цохилт болно. Энэ төлвөөсөө гарах гэж олон сар, жил ч зарцуулж болно. Бие өвдөх, ажлын чадвараа алдах, ходоодны шархаас эхлээд нийгмийн харилцаанд ороход бэрхшээлтэй санагдаж эхэлдэг.

Надад хэлмэгдүүлэлтээс өмнөх үеийн Монгол Улс сэтгэцийн эрүүл мэндийн хувьд их өндөр төлөвт байсан болов уу гэж бодогддог. Гоё төвлөрөөд ажиллах урлангууд байж, түүнийгээ заадаг сургуулиуд, ном хурж бусдыг тайван, сэтгэцийн хувьд хамгийн креатив, комплекс сэтгэлгээ хийх төлөв байдалд оруулах нөхцөл байж. Нийтээрээ баяр тэмдэглэж, Майдар баяр болж, бүрээ үлээж, Майдар бүжиг хийх гэдгээрээ одоо орчин үед барууны “Mindfullness” гэж заадаг зүйлсийг өргөн хүрээнд хийдэг байсан санагддаг. Жишээлбэл, Монголын тэр үетэй төстэй улс гэвэл Бутан байна. Бутан сэтгэцийн эрүүл мэнд, амьдралаас таашаал аз жаргал мэдрэх чадварын судалгаагаар нэгдүгээрт жагсдаг. Харин аж үйлдвэрийн хөгжилтэй Австрали улсад хүнийг хөгжлийн, нийгмийн оролцооны бэрхшээлд оруулж байгаа нөхцөлийн хамгийн том нөлөөлөгч нь сэтгэцийн эрүүл мэнд байх жишээтэй. Тэгэхээр бидний сүм хийдэд очиж ном сонсох, мөргөл үйлдэх соёл нь нийгэмдээ хэрэгтэй. Хүн заавал бүрэн шүтлэгтэй байж очих албагүй. Очоод орчинд нь ороод сууж, хүмүүсийг харж, наранд нүүрээ ээх нь хүртэл хүнийг тайвшруулж болно. Түр ч болов орчны стрэссээсээ гарч төлөв байдалдаа орох боломжтой санагддаг.

-Нийгмийн стресс гэдгийг хэрхэн ойлгож таних вэ. Ангижрах боломж бий юу. Тухайлбал, Монголд утаа, түгжрэлийн асуудал иргэдийг үнэхээр бухимдуулж байна?

-Санал нийлж байна. Түгжрэлээс болж төлөвлөсөн ажлаасаа хоцрох нь айдас, бухимдал үүсгэнэ. Нялх хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гээд явж байгаа ээж түгжрэлд ороод, хүүхэд нь уйлаад байвал ямар их бухимдах бол. Тэгэхээр энэ нь бидний дундаа мэдэрч байгаа бэрхшээл болж байна. Үүнд нэг шинэ хүчин зүйл нэмэгдэж байгаа нь урт хугацаанд төлөвлөх боломжгүй нөхцөл бий болсон.  Цар тахал үүслээ, араас нь төр, засгийн урт хугацааны бодлого гэхээсээ гэнэтийн сюрприз мэт амьдралд шууд нөлөөлөх шийдвэрүүд нь ойлгомжгүй нөхцөл үүсгэж байна. Энэ ойлгомжгүй зөрчилдөөнтэй байдал нийтээр нь бухимдуулдаг. Ардчилсан улсад төр, засаг нь иргэдээ ийм нөхцөлд оруулж болохгүй л дээ. Удирдлага  нь гарч ирж тайлбар хийж яриа өрнүүлж, юу болоод байгааг ойлгуулах ёстой. Шийдвэр гаргаж байгаа бол нөлөөг нь тооцож, хариуцлагын механизм нь ажиллаж байх шаардлагатай. Тэгэхээр бидний амьдралыг сайжруулна, нийтийн эрх ашгийн төлөө ажиллана гэсэн бүлэг нь ажлаа ойлгож хийх хэрэгтэй. Амьдралынхаа ихэнх хэсгийг ямар улс бүтээх гээд байгаа нь ойлгомжгүй нөхцөлд өнгөрүүлэх хэцүү биз дээ. Уг нь Үндсэн хуульдаа хүнлэг энэрэнгүй, амьдрахад таатай нийгэм гэж тунхагласан шүү дээ.

Нийгмийн стресс хувь хүний мэдэрч, тулгамдсан асуудлаас үүдэх шантрал, гадна орчны нөлөө, нийгмийн нөлөөн дээр суурилж бухимдуулж, ширүүн төлөвт оруулж байна. Үүн дээр засаглал, институцийн болчимгүй ширүүн үйлдэл бүр хурцатгадаг. Хурцадсан бол иргэдийн бухимдал өргөн хүрээнд мэдрэгдэж, дундын стресс болон хувирч байдаг. Коллектив дургуйцэл мэдээж дундын хөдөлгөөн үүсгэдэг.

-Нийгмийн бухимдлаас зайлсхийх арга зам нь юу байж болох вэ. Шударга бус байдал газар авсан үед хүн болгон бухимдахаас аргагүй байна л даа. Тухайлбал, гэмт хэрэг үйлдээд хариуцлага хүлээдэггүй нийгэм  эргээд стрессийг “үйлдвэрлэж” байна?

-Шударга бус байдал маш том фактор. Мөн дээр хэлсэнчлэн өнгөрсөнд болсон зүйлд тайлал авах, ирээдүйдээ итгэлтэй байх боломж бүрдүүлэх. Шударга бус байдал өдөр бүр олон давтагдаад байвал ямар төлөвт орох вэ. Хүүхдээ харах, амьдралын чанарт цаашлаад хоолны амт мэдрэх чадварт хүртэл нөлөөлнө.

Мөн олны дунд гарч байгаа гэмт хэрэгт хариуцлага тооцохгүй байх нь нийгэмдээ хүчирхийлэл бол байж болдог зүйл мэт мессеж өгч,  айдаст автуулна. Хууль даргад нэг янзаар, иргэнд нэг өөрөөр үйлчлээд байдаг нь нийгэмд урт хугацааны бухимдал нэмж байгаа хэрэг. Тэгэхээр нийгмийн бухимдлыг бууруулахын тулд ардчилсан нийгэм бүтээж байгаа гэдгээ шийдвэр гаргах түвшинд байгаа хүмүүс өөрсдөө ойлгож, үлгэрлэж байх нь чухал.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 73 (6805)