Нийгмийн даатгалын сангийн менежментийг өөрчилье

0
хуваалцах
1138
үзсэн

Ц.МЯГМАРБАЯР

 

Цар тахалтай байсан хоёр жилийн хугацаанд эдийн засаг царцаж ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн. Гэтэл нөхцөл байдал ийм байхад манай НДС-ийн орлого 24 хувиар өсч сан 735 тэрбум төгрөгөөр арвижсан байна. Гэвч тэтгэвэр тогтоолгож буй иргэд нийт тэтгэвэр авагчдын арван хувийг эзэлж байна. НДС-гийн нийт хөрөнгө өсөөд байгаа тохиолдолд  тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх инфляцтай уялдуулан жил бүр тэтгэвэр нэмэгдүүлэх боломж бүрдсэнг харуулж байна. Харин ч эдийн засаг зогсож, ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн хүнд үед НДС-гийн орлого өсөх биш буурах зүй тогтолтой байтал эсрэгээр өссөн байна гэдэг нь НДС-гийн үйл ажиллагаа буруу байгаатай холбоотойг эдийн засагч тайлбарлаж байна. Цаашид НДС-гийн хөрөнгийг тухайн жилдээ баталгаатай бонд авах юм уу, эсвэл Монголбанкны үнэт цаас авах гэх мэтээр сангийн мөнгийг арвижуулаад явах нь өндөр хэмжээгээр тэтгэврээ нэмэгдүүлэх боломж бүрдэх юм гэдгийг тус сангийн хүрээнд ярьсаар ирсэн. Ахмадуудын тэтгэврийг долоон жилийн дунджаар тогтоох биш таван жил болгох, мөн тэтгэврийн зөрүүг арилгах зэрэг чухал хуулийн төслүүд ирэх хаврын чуулганаар хэлэлцэх үү гэдэг  хүлээлттэй байна.

 

Долоон жилийг  таван жил болгох нь ирээдүйд тэтгэвэр авах иргэдэд чухал хууль

 

2017 оноос хэрэгжсэн долоон жилийн дунджаар тооцох хуулийн үйлчлэл  ялангуяа эмэгтэйчүүдэд хангалтгүй байсан байна. Нөгөөтэйгүүр, таван жилийн дунджаар тогтоосноор хүртэх өгөөж нь долоон жилийнхээс ахиу ч 500 мянган төгрөгт хүрэхээргүй байгаа нь 40-50 хувийг нь хамрах юм. Тэгвэл долоон жилээр тооцсон хэвээр байвал ихэнх  хувь нь 500 мянган  төгрөгт хэрэхгүй тэтгэвэр авах нөхцөл үүсчээ. Бүр тодруулбал,  тэтгэврийн доод хэмжээ  энэ сарын 1-нээс 500 мянган төгрөг болсон хэдий ч төр болон хувийн хэвшилд ажиллаж байгаа  иргэдийн 80 хувь нь авч байгаа цалингийнхаа 45 хувиар  долоон жилийн дунджаар тооцуулахад тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөгт хүрэхгүй байхаар байна. Мөн таван жилийн дунджаар тооцуулбал дээрх 80 хувийн хэмжээ тодорхой хэмжээгээр буурах боловч 40-50 хувь нь мөн л тэтгэврийн доод хэмжээнд хүрэхээргүй байна. Иймээс төрийн албан хаагчид, эмч, багш, эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага үүсчээ.  Хэрэв дээрхи хуулиудын тохируулгыг хаврын чуулганаар  хэлэлцэж батлахгүй бол энэ нэмэгдэл нэг удаагийн шинжтэй байх магадлалтай. Тиймээс хуулиар баталгаажуулахын зэрэгцээ дагалдах хуулиудын өөрчлөлт ч мөн тодорхой болох хэрэгцээ үүсч байна. Түүнчлэн сар шинийн өмнөх тэтгэврийн нэмэгдэл нэг удаагийн тэтгэврийн зээл тэглэхтэй ижил  зүйл болох уу гэдэг эрх баригчдаас шалтгаална.

 

100 мянган төгрөгийн нэмэгдлээр тэтгэврийн зөрүү арилахгүй

 

Түүнчлэн нийт тэтгэвэр авагчдын 80  хувь нь хувь  тэнцүүлсэн болон бүрэн тэтгэвэр болох 300-350 мянган төгрөг авч байгаа юм. Саяын 100 мянган төгрөгийн нэмэгдлээр бол энэ зөрүү арилахгүй юм. Тухайлбал, 33 жил төрийн байгууллагад Төрийн сангийн удирдах албанд ажиллаж нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлж явсан Ц гэх иргэн хуулийн дагуу 2004 онд тэтгэврээ тогтоолгожээ. Гэтэл  арваадхан жил  улсад ажилласан нас чацуу найзтайгаа ижил шахуу тэтгэвэр авч байна гэдэг харамсалтай. Үүнтэй ижил олон хүн тэтгэврийн зөрүүгээс хөдөлмөрийн үнэлэмжээ дутуу үнэлүүлж ялгаварлагдсанг арилгах цаг нь аль хэдийн болсонг цаг үе шаардсаар.  Тиймээс жил бүр инфляцийн түвшинтэй уялдуулж тэтгэврийг автоматаар тухайн оны нэгдүгээр сарын 1-нээс шууд  нэмэгдэж байх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж санаачилсан байна. ОХУ, Казакстан зэрэг оронд ийм байдлаар тэтгэвэр нэмэгддэг байна. Тухайлбал Япон улсад жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тэтгэвэр нь тухайн жилийн инфляц хэдэн функтээр нэмэгдэнэ тэр хэмжээгээр нэмэгдээд явдаг хуультай. ОХУ өнгөрсөн онд инфляц нь 8.3 хувиар өсөхөд ийм хэмжээгээр тэтгэвэрээ нэмжээ. Бүрэн тэтгэврийн суурь хэмжээг 500 мянга, хувь тэнцүүлсэнг 400 мянган төгрөг болгосон ч хуулийн өөрчлөлтөөр зөрүүг арилгах нь иргэдээ ялгаварлахгүй байх үндсэн хуульд нийцнэ.                           

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  Хоёрдугаар САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 27 (6759)