Ч.ҮЛ-ОЛДОХ

 

“Зууны мэдээ” сонин  Цагаан сарын баярыг угтан  “Амьдралын тойрог” буландаа Монголд ажиллаж, амьдарч буй Францын иргэн  Стив Эрик Дел Морэлийг урьсан юм. Түүний өөрийнх нь хэлснээр морин хуур хэмээх увдислаг хөгжимд татагдаж Монгол Улсад ирсэн тэрбээр Монголын язгуур урлагийг дэлхийд таниулах том мөрөөдөлтэй.  Монголыг төлөөлөн Азийн урлагийн наадамд  Дарьгангын “Жаахан шарга”-аар оролцож гуравдугаар байр эзэлж байсан  нэгэн.  Түүнчлэн  “Хувьсал” продакшны бүтээл  “Тэнгэрээс буусан од” уран сайхны кинонд дүр бүтээж шаггүй жүжигчин болохоо харуулснаар нь, морин хуурын “Уугуул төв”-ийг нээн  багшилж байгаад  цар тахлын жилүүдэд морин хуурын онлайн сургалт явуулах болсноор нь, цахим орчинд түүний хөтлөн хүргэдэг  “Морин хууранд шингэмүй” нэвтрүүлгээр нь  үзэгч, уншигчид мэдэх билээ.

 

ФРАНЦЫН ЖИРИЙН АЙЛЫН ХҮҮ 

 

Стив Морэл Францын жирийн айлын хүү. Дээрээ нэг ахтай, эцэг эхээс хоёул ажээ. Түүний аав мужаан,     галт тэрэгний интериор дээр ажилладаг. Ээж нь уран  дархан байсан.  Хожим  ажиллаж байсан  дарханы газар  нь хаагдсан учир  шууданд ажиллах болжээ. Тэд одоогоос  5 -6 жилийн өмнө нь тэтгэвэртээ  гарчээ. 

Багадаа байгальд дуртай,  хөгжилтэй хүү байсан ч ахаас нь шалтгаалж  аав, ээж нь түүнийг  хаалттай  орчинд  өсгөснөөр баахан  зожигдуу болжээ. Гадуур дураар гарах боломжгүй, иймд  хүү олон цагаар  компьютерийн ард сууж  өдрийг өнгөрүүлнэ. Энэ бүхнээс үүдэн эцэг эхтэйгээ тийм ч сайн харилцаатай байсангүй. Ингээд 18 нас хүрээд гэрээсээ явснаар   бие  дааж, Парис хотноо  компьютер графикийн компанид   ажиллах болжээ. Энэ нь түүний өөрийгөө  нээх,  хорвоо дэлхийг  таних эхлэл байв. Харин тэрбээр 26 настайдаа  морин хууртай танилцсан байна. Тухайн үед хамт  ажилладаг байсан ажлын газрынх нь ах цомог өгснийг нэг өдөр сонсоод үзтэл  тува аялгуу  байсан бөгөөд нэг л онцгой сонин мэдрэмжийг төрүүлжээ.  Эндээс эхлэн тэрбээр морин хуур тоглож сурахаар шийдсэн бөгөөд Стив  “Морин хуур  маш увдислаг хөгжим. Морин хуур намайг Монголд авчирсан юм”  хэмээн хэлэх дуртай. Тэр бас   “Хорвоогийн хамаг явдлыг

Хоёрхон чавхдасаар ярьдаг

Хосгүй нэгэн овог

Азийн цээжинд нутагтай" гэсэн шүлгийн мөрүүдийг унших дуртай ажээ. Түүнийг 2014 онд Монголыг зориход аав ээж нь тийм ч дуртай байсангүй. Хол газар, хэлийг нь  мэдэхгүй орон руу явах гэж байгааг нь дуулаад “битгий яв” гэсэн ч Стив  жуулчны виз өвөртлөн  зорьсондоо хүрэхээр сэтгэл шулуудсан байна.

 

МОНГОЛЫН ЯЗГУУР УРЛАГИЙГ ДЭЛХИЙД СУРТАЛЧИЛНА

Тэрбээр Монголд анх ирээд хэлний бэрхшээлээс болж эхний гурван жил ихээхэн хэцүү  байсан гэнэ. Хүмүүстэй сайн ойлголцож чадахгүй, өөрийгөө ойлгуулж бас чадахгүй. Дээр нь агаар, хөрсний  бохирдол их, өвөлдөө утаатай. Иймд  бараг л Франц руугаа буцмаар санагдах үе тохиож байж. Харин ганц л зүйл уяад байсан нь өнөөх л морин хуур сурах хүсэл нь байжээ. Ийнхүү илүү ихийг сурах мэдэх гэсэн хүсэл мөрөөдлөөр тэрбээр Монголд амьдарч байна.  Бэрхшээлийг сөрж давсаар хэцүү зүйлүүд ч бас ард нь хоцорчээ. Харин нэг зүйлийг онцлоход монголчуудыг байгалиа хайрлаасай, усаа гамнаасай, орчноо бохирдуулахгүй байгаасай гэж боддог. Хүмүүст ч бас энэ талаар  хэлдэг. Өдгөө анх ирснийг бодвол  байдал өөрчлөгдсөн. Залуусын хандлага өөр болж, байгаль дэлхийтэйгээ зөв харьцах, хайрлаж хамгаалах талаас өөрчлөгдөж  байгааг хараад баярладаг. Хүн болгон хичээж байна, үүнээс цааш бүр ч өөр болох байх хэмээн ярьж байна. Ирсэн даруйдаа морин хуурын сургалтын төв нээх, хамтдаа суралцах  хүсэл төрж байсан ч өөртөө тийм ч  итгэлтэй байсангүй. Сүүлийн жилүүдэд “Уугуул” төвийг нээн Монголд байгаа гадаадын ганц хоёр  иргэн, монгол хүүхдүүдэд морин хуур зааж эхэлсэн ч цар тахлын улмаас 2020 онд  хаагджээ. Иймд  цахим ертөнцөд  олон улсын сүлжээгээр морин хуурын хичээл заах болсноор бараг 400 орчим хүн нэгджээ.  Ингэснээр язгуур соёлын тухай мэдээлэл хуваалцах өргөн талбар бүрдсэн байна.Өдгөө Стив Морэл “Уугуул”  website дээр  морин хуурын видео хичээл хөтлөн явуулдаг.  Үүнээс ч  өмнө буюу  2016 оноос хойш интернетээр морин хуурын тухай мэдээлэл хуваалцдаг болсноос өнөө хүртэл  100 гаруй аялгууг хүмүүст хүргэжээ.

Анх морин хуур сурахаар ирж байсан бол  судалж, суралцсаны эцэст  Стив  Монголын язгуур урлагийг дэлхийд сурталчилна гэсэн хүсэл мөрөөдлөөр тэмүүлж явах болжээ. Морин хуур өөрөө увдислаг чанартай, хуураа татаж суухад өргөн талаар аялж, өндөр уулын оргилд гарч, тэнгэрийн уудамд нисээд эргэж ирэх мэт мэдрэмж төрдөг. Яг л бясалгаж байгаа юм шиг. Амар амгаланг цогцлоосон асар их хүч морин хуураас мэдрэгддэг. Дээр нь уртын дууг нэмчихээр бүр ч шидлэг. Уртын дуу  хүмүүсийн сэтгэл санаа, хийморь болоод  орчны энергид шууд нөлөөлдөг учраас туультай адил хүчтэй хэмээн тэрбээр ярив.

Мэдээж түүний гол сонирхол нь  морин хуур болоод  икэлтэй холбоотой ёс заншил болон зан үйл юм. Харин сүүлийн үед уртын дуу, тууль сонирхон судлах болжээ. Дууны шүлэг,  туульсын  яруу найраг  нь тэр чигээрээ гүн ухаан, далд утга, бараг л амьдралын зөвлөгөө буюу сургалт болдог учраас түүнд таалагддаг гэнэ.   Иймд  уртын дуунуудын үгийг  орчуулж тайлбарлахыг  хичээж байгаа аж. Энэ урлагийг дэлхийд  танилцуулж түгээн дэлгэрүүлэхийн тулд судлах учиртай.  Мэдээж монголчууд язгуур урлагаа дэлхийд сурталчилж хүргэж байгаа түүн дээр  нэмээд өөрийн зүгээс жаахан ч гэсэн хувь нэмрээ оруулах сан хэмээн ийнхүү хичээн зүтгэж байгаа ажээ. Мөн тэрбээр уртын дууг сайхан дуулж сурахыг хүсч байгаа ч  олон жилийн дараа биелүүлэх байх хэмээсэн юм.

 

МОНГОЛЧУУД БОЛ СУПЕР БААТРУУД

 

Монголоос эхнэр авч, монгол оронд амьдрахыг хүсдэг хэмээн тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан нь бий. Түүнээс “Монгол хүний ямар зан чанар танд илүү таалагддаг вэ” гэхэд “Монголчууд үнэхээр зоригтой, маш хатуужилтай ард түмэн. Та нар бол  зүгээр л супер баатрууд. Ялангуяа  эмэгтэйчүүдийнх нь  тэсвэр тэвчээр агуу. Монголчуудад ямар ч зовлон ирсэн тоохгүй.  Маргааш нь дахиад  л босоод ирнэ. Ёстой өөрсдийнх нь  үзэл баримтлал байсаар ирсэн, үлгэр туульдаа шингээн үр хойчоо сурган хүмүүжүүлж ирсэн  “Сүүн далайг гаталж, Сүмбэр уулыг давах” зориг, эрмэлзэл бүхий  маш том  тэсвэр хатуужилтай, урам зориг дүүрэн  ард түмэн. Жишээлбэл, захын  малчин айл зуд  турхан болж  мал сүрэг нь ширвэгдлээ  гэхэд огтхон ч сэтгэлээр унадаггүй. “За яах вэ, болгоно доо, бүтээнэ дээ”  гэдэг. Хэдий тийм  байсан ч гэсэн бие биедээ тусалж,  урам өгч,  аз жаргалтайгаар инээж эрч хүчээ нөхөөд цааш  явцгаадаг.  Маргааш дахиад л хичээх юм бол малтай болж чадна гэсэн тийм л агуу бодолтой ард түмэн шүү дээ би ингэж боддог" гэлээ.

 

“ЦАГААН САРААР ДЭЭЛЭЭ ӨМСЧ БАГШДАА, БАС БАЙРНЫ ЭЗЭНД ЗОЛГОДОГ”

Бидний яриа Монголын уламжлалт баяр Цагаан сарын өмнөхөн товлогдсон болохоор энэ сэдвээр эхэлсэн юм. Стив  Морэл 2014 онд Монголд анх ирснээс хойш  7-8 жил өнгөрчээ.  Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад сүүлээ  өргөн одож буй  үхэр жил онцгой сайхан бөгөөд дулаахан жил байлаа хэмээн тэрбээр ярьж байна.

Цагаан сарын баярыг угтан юу хийж, амжуулж буйг асуухад “Та нарын л нэгэн адил  гэрээ сайхан цэвэрлэж, бүх зүйлээ эмхэлж цэгцлээд ургаж буй усан  бар жилийг угтахад бэлтгэж байна даа” гэв. Түүний хувьд Монголд анх ирсэн даруйд  Цагаан сараар  15-20 айлд очих нь сонирхолтой санагдсан гэнэ. Олон айлаар орж цайлуулж дайлуулах нь сайхан ч  миний гэдэс үнэхээр дийлэхгүй байсан. Нэг дор хэт их идэх нь хэцүү санагдсан. Гэхдээ надад  олон сайхан дурсамж үлдээж,  бас олон зүйлд  сургасан. Өнгөрсөн хоёр жил дараалан цар тахлын хүнд хэцүү нөхцөлд монголчууд Цагаан сарын баярыг даруухан тэмдэглэх болсон. Иймд миний хувьд ч гэсэн  гэрээс бараг  гараагүй. Гэхдээ  ёс заншлыг гүйцэлдүүлж гэртээ  ганцаараа ч гэсэн сар шинийн баярыг уламжлалын дагуу  тэмдэглэсэн. Битүүний өдөр л гэхэд гэртээ  сайхан хоол иднэ. Мэдээж хэдэн хуушуур хайрч, бууз жигнэнэ. Тэгээд  айргаа уучихаад морин хуураа авч гэрийнхээ жаврыг үргээнэ. Хүмүүст сайн сайхан жил гараасай, тэр дотроо монголчуудын хийморь өөдөө байгаасай хэмээн  хүсч хуураа татдаг хэмээн хуучилж байна.

Энэ жилийн хувьд  байдлыг харна,  хэрэв очиж болно гэж зөвшөөрөх аваас шинийн 1-ний өглөө  дээлээ өмсөөд  багшдаа болон  байрны эзэнд, мөн ойр дотны хэдэн айлд очиж   золгоно  байх.  Сэтгэлийн бэлэг болгож морин хуур тоглож, гэрийнх нь  жаврыг  үргээж өгнө хэмээн  нийтлэлийн зочин  маань ярилаа. Стив Эрик Дел Морэл морин хуурч болохоор тэр үү, ямартай ч энд тэнд монгол дээл өмссөн яваа харагддаг. Энэ тухайгаа  “Надад есөн  дээл бий.  Ер нь бол өдөр болгон дээл өмсдөг, ганц Цагаан сараар ч  биш.  Харин зуны улиралд  халууцаад байдаг  болохоор  монгол  цамц өмсдөг” гэв.

 

БАР ЖИЛД  ЯГ ТҮҮН ШИГ УРАГШАА ТЭМҮҮЛЖ ИХИЙГ БҮТЭЭНЭ

Стив Морэл одоогоор  магистр хамгаалахаар хичээж байгаа. Цаашид доктор хамгаалах бодолтой яваа гэв.  Мөн уртын дуу болон тууль орчуулах хүсэлдээ хөтлөгдөн уншиж, судлах зүйл их байгаа бол  морин хуур, икэлийн есөн татлага зохиосноо удахгүй  бичиж эхлэх гэж байна. Бар жилд шинэ   цомог гаргахаар ч төлөвлөөд амжжээ. Энэ бүхэнд түүнд хэлний бэрхшээл учирч байгаа. Хэдийгээр Монголд ирээд хэл гайгүй сурсан ч  ерөөлч магтаалч шиг уран цэцэн  ярих бас бичих  талдаа сайн биш, гэхдээ сайн багш нарын ачаар удаан ч гэсэн цэгцэрч байгаа  хэмээн ярилаа. 

“Ургаж байгаа бар жилд монголчуудад хандаж ямар ерөөл хэлж, юу хүсч ерөөж байгаагаа манай сониноор дамжуулна уу?” гэсэн бидний асуултад  Стив Морэл “Би өөрөө бар жилтэй. Тиймээс энэ жил миний жил ч  юм шиг. Ер нь жаахан чанга бай, зоригтой бай. Бэрхшээлийг сөрж амьдар” гэсэн жил юм уу гэж ойлгосон. Амьдрал бүхэлдээ тэмцэл байдаг хойно  сонирхолтой, сайхан жил гарлаа  бодож байна.  Та бүхэндээ:

Шим ертөнцийн сайхан бүхнээс амсаж

Шинэ сарын нэгэнтэйгээ

Ахин дахин золгож байхын

Ашдын ерөөлөөр дүүрэн  жаргахын

Өлзийтэй ерөөлөө

Өргөн дэвшүүлж баръя аа” хэмээн ерөөл өргөсөн юм. Морин хуурын увдист татагдан Монголыг зорин ирсэн, монголчуудын язгуур урлагийг өөрөө сурч, дэлхий нийтэд түгээх чин хүсэл өвөрлөж яваа Стив Морэлд судалгаа шинжилгээний их үйлсэд нь, удахгүй хамгаалах докторын ажилд нь амжилт ерөөе. Хуурын хос чавхдасаар хорвоог уярааж яваарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 23, 24 (6755, 6756)