Шинэ сэргэлтийн бодлогын төсөл хөтөлбөрүүдийг Хөгжлийн банк санхүүжүүлнэ

0
хуваалцах
277
үзсэн

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир “Зууны мэдээ” сонинд ярихдаа “Хөгжлийн банкууд үйл ажиллагаа явуулах мөчлөгийн хугацаандаа олон төрлийн сорилттой тулгардаг. Тэр дундаа зээлийн болон зах зээлийн эрсдэл хамгийн тулгамдсан асуудал байдаг. Учир нь Хөгжлийн банк улсын төсвөөс болон хувийн сектороос бие даан санхүүжүүлэх боломжгүй томоохон хэмжээний төсөл, арга хэмжээг санхүүжүүлдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, Засгийн газрууд өртгөө нөхөх боломжгүй, нийгмийн ач холбогдолтой төсөл, арга хэмжээг улсын төсвийн орлогоор санхүүжүүлдэг бол хувийн сектор буюу арилжааны банкууд өртгөө нөхөх, барьцаа баталгаагаар 100 хувь хангагдсан эрсдэл багатай төслүүдэд санхүүжилт олгодог. Харин Хөгжлийн банк эдгээрийн хооронд үүсэх орон зайд санхүүжилт олгодог буюу нийгэм, эдийн засгийг дэмжих үүрэгтэй бодлогын байгууллага юм.

Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлс, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засгийн түгжээг арилгахын тулд Хөгжлийн банк  бодлогын банк гэдэг утгаараа нэн тэргүүнд шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тодорхойлсон томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Нөгөө талдаа уул уурхайн бус экспортыг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, гадаад худалдааны санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх, олон улсын түвшинд хүргэх чиглэлээр экспортлогч компаниудад хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг олгох зорилттой байна. Ингэхдээ банк нь санхүүжилт хүсэгч, зээлдэгчийн үйл ажиллагаа, бизнесийн мөчлөг, санхүүжилтийн зориулалт, өрсөлдөх чадвар, санхүүгийн болон эрсдэл даах чадамжид нийцсэн санхүүжилтийн төрөлжсөн арга хэрэгслийг ашиглах буюу төслийн хөгжүүлэлт бойжуулалтаас эхлэн схемийг тодорхойлж санхүүжүүлнэ. Мөн салбарын уялдааг харж кластер байдлаар, хамтын санхүүжилт, синдикат хэлбэрээр санхүүжүүлнэ” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn