Б.БЯМБАЖАРГАЛ

 

“Өвлийн олимпод үгээ дамжуулж, ирээдүйг хамтдаа угтая” дүрс бичлэгийн уралдааны шилдэг бүтээлийг танилцуулах ёслол зохион байгуулагдлаа. Уралдаанд 230 гаруй хүүхэд, залуус өөрсдийн бүтээлээрээ оролцсоноос нэгдүгээр байранд М.Мөнхцэцэг, хоёрдугаар байранд Б.Анхбаяр, Г.Цэрэнпагма нар шалгарав. Уралдааныг “Хил хязгааргүй нэг дэлхий санаачилга” НҮТББ, БНХАУ-ын Олон улсын харилцааг дэмжих нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан юм.

Шилдэг бүтээлийг танилцуулах арга хэмжээний үеэр шилдэг оролцогчид өөрсдийн мэндчилгээг дэвшүүлж уралдаанд оролцохдоо өвлийн олимп нь хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны бэлэгдэл, түүх, соёлын чухал наадмын төдийгүй “Бээжин-2022” өвлийн болон паралимп нь анх удаа нэг улс зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтойг судалж мэдсэн гэдгээ онцоллоо. Түүнчлэн өөрсдийн бүтээлд олимпийн наамдын утга учир, Хятад, Монгол хоёр улсын найрсаг харилцааг өөрсдийн уран санаагаар илтгэн харуулахыг зорьсон талаар уралдааны шилдэг оролцогчид дурдсан юм.

“Өвлийн олимпод үгээ дамжуулж, ирээдүйг хамтдаа угтая” дүрс бичлэгийн уралдаан нь БНХАУ, Монгол Улсын хамтын ажиллагаа цар тахлын үед ч өргөжин үргэлжилж буйгаараа онцлогтойг зохион байгуулагчид хэлэв. Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Монгол Улс болон Хятад улс хил хязгаарын хөршөөс гадна эдийн засаг, соёлын болон бусад талаараа хамтран ажилладаг найрсаг харилцаатай хөршүүд юм. Цар тахлын нөлөөгөөр улс хооронд зорчих соёлын арга хэмжээ зохион байгуулахад хүндрэлтэй байгаа боловч манай хоёр улс цар тахлын үед ч төрийн дээд хэмжээний айлчлал зохион байгуулж хамтын ажиллагаа өрнүүлж байгаад талархалтай байна. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 24 дэх өвлийн болон паралимп эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Энэ олимп нь цар тахлын үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлог.

“Бээжин-2022” өвлийн олимпийн нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр оролцсноор хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарч улам өргөжнө гэж бодож байна. Мөн дүрс бичлэгийг бүтээхэд олон талын авьяас шаарддаг учраас энэ төрлөөр уралдаан зохион байгуулагдах нь нэг талаасаа хүүхэд, залуучуудад кино, соёлын өргөн ойлголтыг өгч нөгөө талаараа хоёр улсын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлж байна гэж харж байгаа” гэж шилдэг бүтээлийг танилцуулах арга хэмжээний үеэр хэлэв.

Түүнчлэн Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны сайд Сун Тао уралдааны шилдгүүдэд баяр хүргэж “Бээжин-2022” өвлийн олимп дөхөж байгаа энэ үед “Өвлийн олимпод үгээ дамжуулж, ирээдүйг хамтдаа угтая” дүрс бичлэгийн уралдаан болон энэхүү арга хэмжээг зохион байгуулж буйд талархалтай байна. “Бээжин-2022” олимпийг ХКН-ын дарга Ши Зиньпин болон Намын төв хорооны удирдлагын дор зургаан жил бэлдсэн. Тиймээс өвлийн олимпийг товлосон ёсоор зохион байгуулна. Ингэснээр цар тахлын үед товлосон хугацаандаа зохион байгуулагдаж буй анхны олимп болох юм. 2014 онд Ши Зиньпин дарга түүхэн айлчлал хийснээс хойш хоёр улсын гадаад харилцаа хурдацтай замд орсон. Үүнээс хойш цар тахал дэгдсэн цагаас хоёр талын Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмцсэн. Мөн “Өвлийн олимпд үгээ дамжуулж, ирээдүйг угтъя” дүрс бичлэгийн уралдаан болон энэ арга хэмжээнд монгол залуус идэвхтэй оролцсон нь Хятад, Монголын харилцаа илүү гүнзгийрснийг харуулж байна. Өвлийн олимпийг хоёр дах удаагаа зохион байгуулж буй анхны орны хувьд гайхамшигт олимпийг зохион байгуулж цар тахлыг даван туулахад эрч хүч оруулна гэдэгт итгэлтэй байна” гэдгээ онцлон хэллээ.

Уралдааныг нэгдүгээр сард зарлаж бүтээлийг хүлээж авснаас хойш 230 бүтээл ирсэн байна. Түүнчлэн шилдэг бүтээлийг танилцуулах арга хэмжээний үеэр шилдэг бүтээлүүдийн түүврийг цахимаар толилуулсан юм. Уралдаанд оролцогсдын зураг, бичлэг, уран бичлэг, дуу хөгжмийн бүтээлүүдийн зохиогчийн эрх зохион байгуулагчдад хадгалах аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 21, 22 (6753, 6754)