Ч.Баяржаргал: Модны навчис сэрчигнэх хүртэл хөөмийн нэг хөг эгшиг

0
хуваалцах
655
үзсэн

Ч.ГАНТУЛГА

 

Энэ удаагийн дугаарын зочноор хөөмийч, урлаг судлаач Ч.Баяржаргалыг урилаа. Тэрбээр Монголын цөөхөн эмэгтэй хөөмийчийн нэг юм.

 

-Эмэгтэй хөөмийч гэхээр их сонирхолтой санагдаж байна. Ер нь хөөмийлдөг эмэгтэй хүн цөөхөн байдаг байх шүү?

-Монголд эмэгтэй хөөмийч цөөхөн бий. Ихэнх нь гадаад уран бүтээл хийдэг. Би 2007 оны эхээр СУИС-д Урлагийн гавьяат зүтгэлтэн Б. Одсүрэн багш дээрээ шавь орсон. 2012 онд манай ангийг найман банди нэг охин төгссөн нь би байсан. Бидний хувьд тухайн үедээ гурав дахь төгсөлт нь болж байлаа. Тэр үеэс өнөөдрийг хүртэл зөвхөн хөөмийлөөд зогсохгүй судалгааны ажил хийж байна.

-Та аль нутаг усны хүн бэ. Таны удамд хөөмийлдөг хүн байв уу?

 -Би Завхан аймгийн уугуул. Аав минь эмч, ээж минь үйлчилгээний ажилтан байлаа. Хүүхэд нас минь малчин айлын хүүхдийн адил байгаль дэлхий, таван хошуу малтайгаа ойр өссөн. Ялангуяа нүүдлийн амьдралтай. Бид эгч дүү дөрвүүлээ. Үүнээс гурав нь яг урлагийн чиглэлээр ажиллаж байна.Нэг нь аавын мэргэжлийг өвлөсөн. Ер нь монгол хүн учир багаасаа л ардын урлаг, өв соёлоо биширч, бахархаж өссөн дөө. 

-Эмэгтэй хүнд тохирсон олон мэргэжил байхад ямар шалтгаанаар хөөмийч болохоор шийдсэн тань сонин байна?

 -Анх том эгч маань Соёлын коллежид сурдаг байлаа. Амралтынхаа өдрөөр Улсын их дэлгүүрт жуулчдад зориулсан тоглолтод оролцдог байсан юм. Тухайн үед би эгчийгээ дагаад хотод ирчихсэн “Женко” клубт барилддаг байлаа. Нэг өдөр гэрийнхээ түлхүүрийг мартчихаад авах гээд эгч дээрээ очсон юм. Гэтэл эгч тоглолт дуусгаад хамт явья гэхээр нь хүлээгээд сууж байтал нэг тийм үгээр илэрхийлэхийн аргагүй сонин аялгуу чихэнд сонсогдсон. Дуу гэхэд дуу биш, хөгжим юм байна гэхэд бас л биш. Яагаад ч юм би тэр аялгууг гаргаж чадах юм шиг санагдсан. Түүнээс хойш тэр эгшиглэн миний дотроос ерөөсөө гараагүй. Удаан бодсоны эцэст эгчдээ хэлсэн л дээ. Харин эгч минь намайг дэмжээд СУИС-д хөөмийн анги байдаг юм байна гэж хэлснээр анх багштайгаа уулзаж шавь сургалтад нь хамрагдаж байлаа. Хэсэг хичээллээд албан ёсоор шалгалтыг нь өгөөд мэргэжлийн ангид нь элссэн.

-Таниас өөр яг мэргэжлийн ангийг нь төгссөн эмэгтэй хөөмийч  байдаг юм уу?

-Бакалаврын хөөмийн анги  нээгдэж эхний эмэгтэй хөөмийчөөр төгссөн. Харин шавь сургалтаар сурсан эмэгтэй хөөмийчид байдаг юм билээ. Гэхдээ гарын таван хуруунд багтахаар цөөхөн байсан. Харин саяхнаас миний араас хэдэн хөөмийч төгссөн гэж сонсогдсон. Одоогоор Өвөрмонгол Хятадаас олон оюутан ирж хөөмий сурч байгаа гэсэн шүү.

-Мэргэжлийн хөөмийчөөр төгсөөд ажлын байр хэр элбэг байв?

-Дөнгөж төгсөөд шууд чөлөөт уран бүтээлч болчихсон. Гэхдээ нэгэнт л сурсан мэргэжил учир орхиж чадаагүй. Тиймээс уран бүтээл хийе гэж зориод анхны  “Үлэмжийн чанар” бүтээлээ хийж дүрсжүүлж байлаа. Энэ бүтээлийг ярихад “Монгол костьюмс”-ийн хамт олныг дурсахгүй өнгөрч болохгүй. Загвар өмсөгчид болон монгол үндэсний хувцсаар намайг үргэлж дэмждэг. Энэ хамт олонтой хамтарч хоёр ч уран бүтээлийн ард гарсан. Анхны юм бүхэн алдаа оноотой байдгийн адилаар оносон бас алдсан. Үүнээс их урам авч, туршлагажсан даа.

-Таныг хөөмийн тоглолт хийж байсан гэж сонссон. Хүмүүс хэр их үзсэн бэ?

-Нэгэнт л өөрөө дурлаж сурсан учир зүгээр сууж ерөөсөө чадахгүй юм билээ. Урлагийнхаа буянаар олон сайхан газраар явж хөөмийгөө сурталчилсан. Тэгээд 2014 онд “Цаст уулын цуурай” гээд анхны бие даасан тоглолтоо хийсэн юм. Хүмүүс их сайхан хүлээж авч, баяр хүргэж байлаа.

-Хөөмий гэдэг үндэсний томоохон урлаг. Үүнийг өвлүүлнэ гэдэг яг л таны хийх ажил байх даа?

-Монголын соёлын өв болсон энэ том үндэсний баялгийг үргэлж түгээн дэлгэрүүлэхсэн, хүмүүст ойлгуулж, хүүхдүүдэд зааж, өвлүүлэхсэн гэсэн бодол миний сэтгэлд уяатай явдаг юм. Тиймээс өөрийнхөө чадах хэрээр Завхан аймгийнхаа хүүхэд багачуудад сурталчлан таниулах үүднээс Их-Уул, Тосон, Тэлмэн,Идэр, Шилүүстэй, Отгон, Цагаанхайрхан сумын 1-12 дугаар ангийн бүх хүүхдүүдийг хамруулж сургалт, тоглолтоо, хийж байлаа. Өөрөө хөгжим техникээ үүрээд замын унаанд дайгдаад олон ч газраар явж хөөмийгөө сурталчилсан байна.

-Хүүхдүүд ер нь хэр дуртай, сонирхож хүлээж авдаг вэ?

-Хүүхүүд их дуртай хүлээж авдаг шүү. Зөвхөн хөөмийлөхөөс гадна Монголын уламжлалт хөгжмүүдийг тоглохоор бүр сонирхоно. Монголчуудын ардын урлаг, соёл бүгд нарийн учир шалтгаантай гэж би боддог. Дор хаяж л ээж аав минь бага байхад тараг уусан аягаа байнга долоож бай гэж захидаг байсан. Энэ нь эрүүл мэнд талаасаа хоолой өвдөхгүй, хоолойн мах ургахгүй гээд олон талын ач холбогдолтой байжээ. Одоо ч орчин үеийн эцэг эхчүүд эртнээс уламжилж ирсэн энэ ардын ёс заншилаараа хүүхдүүдээ хүмүүжүүлээсэй гэж захимаар байна.  

-Та чинь уг нь  жүдоч болно гээд “Женко” клубт бэлтгэл хийж байсан хүн. СУИС-д ороод амьсгалын дасгал хийхэд ямар ч хүндрэлгүй байсан уу?

-Жүдо бол хүнд асар их тэвчээр, сэтгэлийн хат сургадаг спорт. Намайг анх шавиа болгосон багш маань МУГТ. Ш.Цэвэлмаа гэж хүн бий. Одоогийн дэлхийн аварга У.Уранцэцэг, Д.Сумъяа хоёрын анхны багш нь. Миний хувьд байнгын амьсгалын дасгал, бэлтгэл хийдэг байсан учир хөөмийлөх,  амьсгалаа зөв хувиарлахад тийм ч хүндрэлтэй байгаагүй. Анх багш маань барилддаг гэдгийг минь сонсоод мөрийг минь барьж үзээд хөөмийлж болох  юм байна гэж урам өгч байсан. 

-Бусад уран бүтээлчдийг бодоход хөөмийн урлаг хаана ч давтаж, бэлдэж болдог учир амар байдаг байх даа?

-Тэр үнэн шүү. Гэртээ,  гадаа хаана ч очоод бэлдэхэд ямар ч асуудалгүй. Ялангуяа хөдөө яг байгалд  очоод хөөмийлөхөд ямар сайхан гээч. Миний хувьд уул модонд очоод усны намуухан урсгал сонсч байгаад хөөмийлөх дуртай. Энэ үед их гоё амьд мэдрэмжийг мэдэрдэг юм.

-Эмэгтэй хүний хувьд эрэгтэй хөөмийчөөс ялгарах онцлог гэж байдаг уу?

-Жүдо бол эмэгтэй нь эмэгтэйтэйгээ гээд хүйсийн ялгаагаар өрсөлддөг шүү дээ. Хөөмий бол жендерийн хувьд ямар ч ялгаа байхгүй. Эрэгтэй хүмүүстэй яг л адилхан дуугарах ёстой. Уралдаан тэмцээнд орсон ч тэнцүүхэн л өрсөлдөх учиртай.

-Таны хувьд олон улсын уралдаан тэмцээнд хэр оролцож байв?

-Сургуулиа төгсөөд Торгоны замын тэмцээнд ОХУ, Улаан-Үдээр явж байсан. Мөн гадны хэд хэдэн оронд аялан тоглолт хийж байлаа.Гадны уран бүтээлчдийн хувьд ямар ч үед үндэсний урлагаа л тэргүүн эгнээнд тавьдаг. Үүнийгээ дагаад бодлого нь ч өөр байдаг юм билээ.

-Гадны тайзан дээр хөөмийлөхөд үзэгчид хэр хүлээж авдаг вэ?

-Үзэгчид их гайхаж хүлээж авдаг. Зарим нь бүр тоглолт дууссаны дараа амандаа хөгжим хийчихсэн юм уу гээд ирж үзэж байсан удаатай. Ер нь зөвхөн хөөмий ч биш Монголын бусад язгуур урлагийг ч их хүндэтгэлтэй,  биширч хүлээж авдаг юм. Тиймээс энэ их өв болсон урлагаа улам дэлгэрүүлээсэй гэж хүсдэг. Ялангуяа дунд сургуульд бие даасан ардын урлагийн боловсрол олгох цогц хөтөлбөртэй болчихвол хүүхэд багачууд илүү их сонирхох байх даа.

-Гадны хөөмийчдөөс монгол хөөмийчийн ялгарах давуу талыг юу гэж харсан бэ?

-Манай монгол хөөмийчид хоолойны цар хүрээний хувьд илүү хүчтэй байдаг. Энэ нь үргэлж мах иддэгтэй нь холбож тайлбарлаж болох юм. Бид энэ урлагаа дэлхийд таниулахын тулд эхлээд өөрсдөө сайн судлах ёстой. 21 аймагтаа дэлгэрүүлж чадвал дэлхийн тавцан ойрхон байна даа.

-Таны хувьд нэлээд судалгаа хийсэн гэж ярьж байсан. Судлах явцад хөөмийн урлагтай холбоотой олон сонирхолтой баримт гарч ирсэн үү?

-Миний хувьд жил бүрийн дэлгэр цагт хөдөө ижий аавдаа очиж тусладаг уламжлалтай. Өглөө эртхэн босч үнээ малаа саачихаад голын эрэг дээр нарийн исгэрээ хархирах дуртай. Тэгэхэд голын ус их гоё нүргэлээд ирдэг. Хонь ямаагаа хариулангаа хад асган дээр гараад хөөмийлөхөд бас өөр мэдрэмж төрдөг. Миний хөөмийлөхийг сонссон ямаа хөлөө хаяад л. Ишиг нь ижийгээ тойрч тонгочих жишээтэй. Тэгэхээр бидний энэ урлаг чинь байгаль эх, таван хошуу малтайгаа салшгүй холбоотой гэж  боддог юм. Усны чимээ бол хөөмийний нарийн хархираа. Салхины аясаар модны навчис сэрчигнэх хүртэл хөөмийн нэг хөг эгшиг юм даа.

-Үндэсний урлагийг орчин үед оруулна гэдгийг та хэр зөв гэж боддог вэ?

-Орчин үеийн хөгжмийн урлагт оруулах нь зөв гэж боддог. Гэхдээ язгуур чанарыг нь л алдуулахгүй авч яваасай гэж хүсдэг юм. Өнөөдөр дэлхийд “The Hu”  хамтлагийг мэдэхгүй хүн алга. Тэд ямар гоё уран бүтээл хийж байна вэ. Энэ бол амжилт шүү дээ. Яг л энэ замаар олон залуус дэлхийн тавцанд монгол ардын урлагаа сурталчилаасай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 21, 22 (6753, 6754)