УБТЗ-ын газрын дарга Ж.Пунцагийг яллагдагчаар татжээ

0
хуваалцах
163
үзсэн

С.САРУУЛ

АТГ-аас "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг шалгаж байгаа юм. Энэ талаар АТГ-ын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсээс "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг мөрдөн шалгаж, хуульд заасан үндэслэл нь тогтоогдсон тул 48 цаг цагдан хорьсон. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хойшлуулашгүй үйл ажиллагаагаар баривчилж, давхар мөрдөн шалгасан. Энэ хүнд холбогдох үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Уг саналыг прокурор үндэслэлтэй байна гэж үзсэн учраас түүнийг мөрдөн шалгаж байна. Энэ хүний албан тушаал бол улс төрийн албан тушаал биш. Төрийн оролцоотой хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгжийн орлогч дарга. Тэгэхээр авлига албан тушаалын хэрэгт холбогдсон улстөрчийг дахин сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалт бий. Цаашид үргэлжлүүлж цагдан хорьж, саатуулахын тулд хуулийн дагуу тодорхой дөрвөн үндэслэл тогтоогдсон байх шаардлагатай. Хуульд заасан үндэслэл нь тогтоогдоогүй бол бид ямар ч хүнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй. 2002-2017 он хүртэл хэрэгжиж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ бол гэмт хэргийн нийгэмд учруулах аюулаас хамаарч, цагдан хорих үндэслэл болдог байсан. 2017 оноос хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар энэ заалт хуульчлагдаагүй. 48 цагийн хугацаатай баривчлагдаад, суллагдсан эсвэл цагдан хорих арга хэмжээ авч, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ рүү шилжиж, гадуур мөрдөн байцаалтад орох нь хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажил дууссан гэсэн үг биш” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn