Импортын бус барааны үнийн хөөрөгдөл анхаарал татаж байна

0
хуваалцах
557
үзсэн

Ц.МЯГМАРБАЯР

 

Цагаан сарын баярыг  зарим иргэд ууц тавьж, хэвийн боовоор тавгийн идээ засахгүй цомхон  хийх сонирхолтой байна. Зарим нь  хоёр жил өнжсөн баяраа хуучин ёс заншлаараа тэмдэглэхээр байгаа  нь олон нийтийн сүлжээний сэтгэгдэл болон зах, худалдааны төвөөр үйлчлүүлэгчдийн сонголтоос илт байв.  Гэхдээ  уг баяр өрхийн эдийн засгийг нэг мөсөн сэгсэрдэг гэж хэлж болно. Хил хаалттай байснаас шалтгаалж эрэлтээс  үүдэлтэй  импортын барааны үнэ нэмэгдсэн ч  импортын бус хүнсний  бүтээгдэхүүний  үнэ дагаад өсөж байгаа нь  “даарин дээр давс” гэдэгтэй утга нэг болж байна гэж "Бөмбөгөр" хүнсний зах болон  "Саруул" супермаркетаар цагаан сарын бэлтгэлээ базааж  буй иргэд ярьж байсан юм. Импортын бус бараа бүтээгдэхүүний үнэ тухайлбал, төмсний үнэ 117, хонины мах 67 хувиар тус тус өссөн байна. Энэ нь дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүн импортын барааг дагаад өссөн нь үнийн хөөрөгдөл үү гэсэн хардлага төрж байна.

Жишээлбэл, мах, төмс, талх, сонгино өндөр хувиар өссөн байгаа бол сүү сүүн бүтээгдэхүүн алтан тариан гурил бага буюу 10-42 хувиар өссөн байгаа нь харагдаж байна. Бүр тодруулбал, нэг кг цагаан будаа өнгөрсөн дөрөвдүгээр сард 4439 төгрөг байсан бол одоо 6899 төгрөг болсон байна. Өндөр өсөлттэй бас нэг бүтээгдэхүүний нэг хиам. 250 грам хиам 3600 төгрөгөөр авч байсан бол одоо  4312 төгрөг болж өсчээ. Түүнчлэн нэг литр сүү 3350 төгрөг болж оны эхний нэг сард 300 төгрөгөөр нэмэгдсэн юм.  Энэ байдлаар хоёр бүтээгдэхүүнээс бусад өргөн хэрэглээний бүх барааны үнэ өссөн байна. Ургамлын тос ОХУ-аас импортолдог алимны жүүсний үнэд өөрчлөлт ороогүй байгаа аж. Инфляцийн түвшин болон хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 2021 онд 13.4 хувьтай гарсны 5.6 хувь нь 41.8 хувь нь хүнсний бараа ундаа усны үнийн өсөлтөөс ийнхүү шалтгаалсан юм. Импортын бус бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт  анхаарвал зохих асуудал болж байна. Учир нь 2018 оноос хойш цалин, тэтгэвэр тэтгэмж, хүнсний бүээгдэхүүний үнийн өсөлт шиг 50 хувь хүрч өсөөгүй байгаа нь ард түмний амьжиргааг улам дордуулахаар болж байна. Хамгийн сонирхолтой нь импортолдоггүй дотоодоос бүрэн хангадаг махны үнийн өсөлтөөс дээрх өсөлт  шууд хамаарсан гэж болно. Өөрөөр хэлбэл, малчид махаа үнэтэй зарж эхэлсэн гэсэн үг. Учир нь малчдын өдөр тутамдаа худалдан авдаг хүнсний барааны үнэ өссөнтэй холбоотойгоор махны үнээ өсгөсөн гэсэн шалтгаан харагдаж байгаа юм. Өвлийн идэшээ нөөцөлсөн энэ цаг үед уг нь махны үнэ өдийд хамгийн тогтвортой байдаг.  Гэтэл махны үнэ хамгийн их буюу 45 хувиар өссөн  статистик мэдээг харж болно. Түүнчлэн экспортын тахиа, гахайн махны үнэ нэмэгдсэн нь  махны үнэд нөлөөлжээ.

 

Иргэд ууц тавихгүй цагаан идээгээр тавгаа засах сонирхолтой байна

 

“Цагаан сар ба Монгол бараа 22” үзэсгэлэнд оролцогчид  хонины ууцны эрэлт хэрэгцээ  энэ жилийн тухайд бага байгаа  нь  ууц тавих өрх багасантай  холбоотой гэлээ. Гэхдээ хэвийн боовны ширхэгийн үнэ 5000-7000 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2000 төгрөгөөр нэмэгдсэн гэж байв. Харин цагаан идээгээр шинийн тавгаа засах сонирхолтой иргэд олон байгааг цагаа идээ борлуулагчид хэлж байсан юм. Гэхдээ эрэлтээ дагаад  үнэ өссөнг мөн  худалдан авагчид хэлж байна. 

Цагаан идээгээр дундаж хэмжээтэй  тавгийн идээ засахад 180-200 орчим мянган төгрөг болж байгаа аж. Энэ нь  өмнөх онтой харьцуулахад 40 орчим хувиар нэмэгдсэн гэж байв. Энэ мэтчилэн дотоодын бүтээгдэхүүний үнэ эрэлтээ дагаад  өссөнг онцлоё. Түүнчлэн , Ялалтын талбайд нээгдсэн Архангайн малчдын боловсруулсан цагаан идээний үзэсгэлэнд худалдан авагчдын хөл хөдөлгөөн их байв. Энд  нэг кг ааруул  20-30 мянган төрөгийн үнэтэй байв.  Гэхдээ шар тос, цагаан тос, айраг, аарц, өрөм, хайлмаг зэргийн үнэ өмнөх оноос нэмэгдсэн ч Улаанбаатарын бусад худалдааны төвийнхөөс  хямд байгааг хэлж байлаа. Иймээс Засгийн газар импортын бус бүтээгдэхүүний  үнийн хөөрөгдлийг анхаарах хэрэгтэй гэдгийг үүгээр уламжилж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 17 (6749)