"Зууны мэдээ" сонин МЗЭ-ийн Судлал, шүүмжийн Үндэсний төвтэй хамтран Утга зохиолын судлал, шинжлэл буланг уншигчдадаа хүргэж байна.

Домог зүйн шинжлэл нь эрт үеэс үүсэлтэй бөгөөд уран зохиол задлалын дэг сургуулийн хэмжээнд хүрсэн үе нь ХYIII зууны сүүл үеэс эхэлсэн хэмээн үздэг байна. Эртний Грекийн их сэтгэгч Аристотель домгийн (поэтика) туурвил зүй нь “байгалийг дуурайхуй” бөгөөд уран сэтгэмжийн шинжтэй гэж үзсэн байдаг. Харин XYIII зууны соён гэгээрүүлэгчид домгийг сөрөг байдлаар буюу худал хуурмаг зүйл хэмээн үзэж байсан байдаг. Соён гэгээрүүлэгчдийн энэхүү сөрөг хандлагын эсрэг романтик хандлага бий болгосон соён гэгээрүүлэгч нь И.Г.Гердер бөгөөд тэрбээр домог бол ард түмнүүдийн эртний мэргэн ухааны тусгал гэж үзжээ. Түүнээс хойш домог зүйн талаар Ж.Вико, М.Мюллер, (Харьцуулсан домог зүй”,1856) Э.Тейлор, (Хүй нэгдлийн соёл”, 1871) А.Шопенгауэр, Ф.Ницще, (домгийн тогтвортой, гоо сайхан аполлон эхлэлийн цаана байгалийн, тогтворгүй зан үйл бүхий балар эртний дионис эхлэл нуугдаж байдаг) антропологич, домог зүйч Ж.Ж.Фрэйзер, антропологич, угсаатны зүйч Б.К.Малиновский, (Балар эртний сэтгэл зүй дэх домог”, 1926) Э.Дуркхайм, (Шашны амьдралын анхдагч хэлбэрүүд, Elementary Forms of Religious Life) Л.Леви-Брюль, К.Леви-Стросс, К.Леви-Стросс, (Домгууд, 1971, 4 боть) А.Ф.Лосев нарын зэрэг өрнөдийн олон эрдэмтдийн бүтээл гарсан бий. 

Монголын уран зохиол судлалд домог зүйн талын нэлээд судалгаа хийгдсэн ба Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нараас эхлээд аман зохиол судлалын чиглэлээр ажиллаж ирсэн эрдэмтэд домог зүйн судалгаанд ямагт анхаарал хандуулж ирсэн байдаг. Тэдгээрийн дотроос энэ талаар дагнан судалж дорвитой бүтээл туурвисан эрдэмтэн бол профессор С.Дулам юм. Профессор С.Дулам «Хүй нэгдлийн үеийн хүний сэтгэлгээ нь бүхэлдээ домог зүйн сэтгэлгээ байсан юм. Иймд “домог зүй” гэдэг үг нь дэлгэрэнгүй утгаар бол зөвхөн ардын аман зохиолын нэг зүйлийг биш хүй нэгдлийн үеийн хүн төрөлхтний оюун сэтгэлгээг бүхэлд нь хэлдэг байна. Энэ утгаараа бол урлаг, шашин, гүн ухаан, ёс зүйн төсөөллийн аль нэгийг дангаар төлөөлөхгүй, харин хүний оюуны соёлын эл бүхий л салбарын үүсвэрийг хадгалсан нийлэг сэтгэлгээ юм. Домог зүй бол тухайн зохиогдож байсан цаг үеийнхээ хүний ертөнцийн тухай үзэл төсөөлөл нь ч мөн болой» гэж домог зүйг тодорхойлсон байдаг билээ. Тэрбээр домог зүй болон бэлгэдэл зүйн талаар далайцтай судалгаа хийж домог зүй болон бэлгэдэл зүйн цуврал бүтээлүүд туурвисан. Манай бусад судлаачид ч домог зүйн талаар судалгаа хийж, домог зүйн шинжилгээ хийхийн зэрэгцээгээр гадны зарим үндэстний домог зүйн талаар орчуулга хийх, өөрийн үндэсний домогтой харьцуулах, учир зүйг нь тайлан тайлбарлах зэргээр нэлээд ажилласан байдаг. Тухайлбал философич Ч.Ган-Өлзий, орчуулагч Ж.Отгонбаяр, Х.Мэргэн хийгээд Ц.Цэрэн, М.Саруул-Эрдэнэ нар эртний Грек, Ромын домгуудыг орчуулах, харьцуулан тайлбарлах чиглэлд ажилласаар ирэв. Мөн судлаач С.Соёлмаа домгийг бүтэц зүйн үүднээс судлан монгол ардын аман зохиолын эхүүд нь тодорхой нэг загварт шинжид үл зохирч байгааг дурдаад «Ийнхүү монгол аман зохиолын бичвэр нь тодорхой нэг загварт тохирохгүй шалтгаан нь тэдгээрийн утга далд хэлбэртэй бөгөөд үйл явдлын үр дүн нь эерэг, сөрөг эсэх нь тодорхой бус байдагт оршиж байна. Домог нь дараах хэд хэдэн онцлог шинжтэй байна. Үүнд, давталтад шинж, хувилбарт шинж, зуучлагчийн зөрчлийг шийдвэрлэх чадвар (амин чухал зөрчлийг амьдралд ойр, өдөр тутмын үйл ажиллагааны зөрчлөөр солих замаар) мөн эмгэнэлт шинж, бодит байдлыг далд байдлаар тусгасан шинж, гол баатрын дээд ертөнцийн шинж, тасралтат шинж, тогтолцоот шинж гэх мэт» гэж дүгнэсэн байна.     

ХХ зууны бас нэгэн суутан З.Фройд “Онгон шүтлэг ба хорио цээр” номдоо “Эдипийн цогцолбор”-ын суурь ойлголт болох хөвгүүдийн “эцгээ хөнөөхүй” сэтгэлгээ нь эртний овог аймгууд хийгээд тэдний онго шүтлэгт гүн гүнзгий нэвчсэн зуршмал шинжтэйг бичсэн байдаг. Тухайлбал «Онгон шүтэх ёсны баярын зоогийн үйл явцад хандсанаар бид хариулт өгөх бололцоотой болж байна, тухайлбал, нэгэн сайхан өдөр хасагдаж хөөгдсөн ах дүү эрчүүд нэгдэж нийлээд, эцгийг хөнөөн, идэцгээдэг, тэгснээр эцгийн сүрэгт төгсгөл болдог. Тэд тус тусдаа байхдаа хийх боломжгүй байсан зүйлийг хамтарснаар зориглон хийцгээлээ. Соёлын дэвшил, шинэ зэвсэг эзэмших ур чадвар зэрэг нь тэдэнд давуу байдлаа мэдрэх боломж олгосон байж болох юм. Түүнээс гадна тэд амь эрсэдсэн этгээдийг иддэг нь махчин-зэрлэгүүдийн хувьд бүрнээ жамын үйл юм» гэсэн байдаг. Эцгээ хөнөөн идэгсэд түүнийг амьд байхад нь юунд саад болоод байсан билээ, тэдгээрийг нь хорио цээр болгоод “хожуу дуулгавар” гэх сэтгэцийн задаргааны төлөвт шилжирсэн гэж үздэг. Ингээд «Тэд эцгийг орлогч онгон шүтээнийг алж болохгүйг мэдэгдээд тэрхүү үйлдлийг зогсоож халсан бөгөөд чөлөөлөгдсөн эмэгтэйчүүдээс татгалзангаа түүний үр хүүхдээс татгалздаг. Тийм байдлаар, тэд хүүгийн гэм буруугийн ухамсраас онгон шүтэх ёсны үндсэн хоёр хорио цээрийг (табуг) бүтээжээ, тэдгээр нь ийм учраас эдипын комплексын түрэгдсэн хоёр хүсэл дуртай давхцах ёстой байна. Хэн үүний эсрэг үйлдэл хийнэ, тэрбээр примитив нийгмийн санаа зовних зүйлийг бүрдүүлэгч зөвхөн хоёр гэмт үйлдэлд буруутгагдаж байлаа» гэжээ. Эдгээр хоёр хорио цээр гэдгийн нэг нь онгон шүтээнийг үл хөнөөхүй эсвэл түүнийг хөнөөж түүнээс илүүгээ нотлохуй, нөгөө нь цус үл ойртохуй юм, угтаа онгон шүтээн гэдэг нь онгологдон, дүрчлэгдэж улмаар бурханчлагдсан эцгийн орлуулга агаад энэ нь чухамдаа хүн төрөлхтнийг мянга мянган жилийн туршид үл амрааж ирсэн эцгийн комплексийн л үр дагавар. Энэхүү эцгийн комплекс нь шашин уруу ч зөөгдөн бурхан гэдэг ойлголтод хүрсэн билээ.

Баларлаг цаг үеийн хүмүүн гэгчийн сэтгэлгээ, мэдрэмжүүд нь гагцхүү урлаг, уран зохиолд уламжлан үлдсэн байх магадлал бүхий. Эцгийн комплексын дараагаар хүмүүнийг мянга мянган жилээр зовоох болсон хайр сэтгэлийн тухай ухагдахуун, түүний анхан үеийн мэдрэмжийн үлдцийг эдүгээх яруу найргаас бэдэрч үзэлтэй. Өөрөөр хэлбэл баларлаг үеийн хүмүүсийн эсрэг хүйстээ татагдах мэдрэмж, улмаар хайр сэтгэл гэх ихээхэн соёлжингуй ойлголтын тухай асуудал нэн сонирхолтой. ХIII зуунаас шууд уламжилж ирсэн “Алтан ордны үйсэн дээрх бичиг”-т:

«Эх элбүр, эх минь ээ!

Өлөнгийн өвс гундахад хүрэв

Өрөг нутагтаа буцсу!...

Уулын өвч гандахад хүрэв

Ах дүүс буцахад хүрэв

Ахуйяа суух нутагтаа очсу!» хэмээн өгүүлсэн нь хэдийгээр эх үрийн харилцаа боловч цаг улирлын дүрслэл нь сонирхолтой. Тодруулбаас намрын цаг ирэхүйеэ буцах харих тухай санаашран буйгаар өгүүлсэн байна. Яруу найрагч В.Гүлранс “Дундад намрын усны дуулал” шүлэгтээ:

«Гэгээн саран аль цагт илэрснийг

Хэтэрхий хандан тэнгэрээс асууваас

Үггүй хөх огторгуй мэлийгээд

Өнгөрөх галууны уяралтай дуун сонсдмой

Салхийг дагаж жихүүн ордноо зорьсугай гэхүл

Санамсаргүй хасын асрын хүйтэн ёсноо ормой» гэж шүлэглэн намрын улирлын гунилант аясыг дуулсан буюу. Мөн яруу найрагч В.Гүнначүг “Намарт уйтгарлав”, В.Сүнвэйданзан “Намарт гунив”, В.Инжинаш “Сэрүүн намар” шүлэгтээ дээрх зуршмал санааг гаргасан байдаг.    

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч хэмээгдэх Д.Нацагдорж “Дөрвөн улирал” (1935) гэх нэгэн шүлэг бичсэн. Уг шүлэг нь экватороос алслагдсан, хатуу ширүүн уур амьсгал бүхий дөрвөн улиралтай, төв Азийн өндөрлөгт бичигдсэн болохын хувьд хавар, зун, намар, өвөл гэсэн мөчлөгүүдтэй. Шүлгийн “Хавар” мөчлөгт:

«Хөхөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадах дор

Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана» гэх буюу

«Эелдэг урьхан амьсгал ариухнаар үнэртээд

Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ» гэсэн байдаг. Харин “Зун мөчлөгт:            «Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаах дор

Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биесээ бодно» гэсэн байна.

Эдгээр баримтуудад хавар буюу зуны улирал Алтай, Хангай, Хэнтийн уулс, Хэрлэн, Онон, Орхон, Туулын савд ирэхүйеэ хайр сэтгэл эхлэх буюу хүний сэтгэлийн цаадтай нуугдсан байсан ямар нэгэн хүсэлт мэдрэмж «пур пураар» сэргэн буй мэтээр дүрсэлсэн нь сонирхолтой. Харин “Намар” мөчлөгт:           «Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсах дор

Түүний дотор саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ» гэх буюу

«Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулах дор

Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө

Шарласан модны навч хоёр нэгээр унах дор

Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно» гэх мэтээр бичсэн байгаа ба мөнөөхөн хаврын найртай улирал ирэх дор эхэлж байсан наалинхай мэдрэмж нэгэнт улиран үлгэр болж, бүр уйтгарт явдал санагдаж буйгаар дүрсэлсэн буй. Мөн Д.Нацагдорж “Мөрөөдөл” (1931) шүлэгтээ:

«Хаврын найртай улирал бас дахин,

Бургасны мөчрийг цэцэглүүлэн эхлэв.

Хайртай янаг чи хэзээ хүрч ирж

Миний зүрхийг баясгуулан цэнгүүлэх буй?» гэсэн нь мөн л хавар ирэхүйеэ амрагийн явдал эрхбиш санагдан буйг өгүүлсэн мэдрэмж. Дараа үеийн яруу найрагч Б.Явуухулан “Нүүдэлчний намар” шүлэгтээ:

«Айлууд нүүгээ л,

Амрагууд холдоо л,

Аяа хөөрхий, нүүдэлчний намар аа гэж!» гэх мэтээр бичсэн буй нь дээр дурдсан намар цаг болоход хагацал ирэх мэт мэдрэмжийг л давтжээ.  Мөн яруу найрагч Д.Нямсүрэн “Дөрвөн цаг” мөчлөг шүлгийнхээ намрын дүрслэлд:

«Дэлхийн чулуунд хяруу цавцайх сайхан

Дэрсээр дээр нь шүлэг бичих сайхан

Дээвэр дэвэх салхинд сэтгэл гэгэлзэх нь сайхан

Дэндүү ойрын хайраас холд байх нь сайхан» хэмээн бичсэн ба сайхан гэсэн хэр нь л нэг гуниглангуй өнгийг бүтээсэн нь сонирхолтой байдаг бол хаврын дүрслэлд:

«Цас хайлж, ханзрах сайхан

Цаг ирэх сайхан

Чамайг хүлээх сайхан

Цаг харах сайхан» гэхэд цаг ирэх тухай дүрслэл буй нь сонирхолтой агаад хавар болоход ямар нэгэн жаргалтай сайхан цаг ирэх, мэт болоод намар болоход улиран өнгөрөх мэт мэдрэмж хэвшмэл дүрслэгддэг нь мөн давтагджээ. Ийм санаа нь зөвхөн эртний уран зохиол, орчин үеийн уран зохиолын эхэн үеийн бүтээлүүдээр тогтохгүй, бүх л найрагчдын шүлэгт бий. Тухайлбал яруу найрагч Г.Аюурзанын “Миний дургүй сарууд” гэх нэгэн шүлэг бий. Уг шүлгийн “Найман сар” мөчлөгт:   «Найман сар...

Зун ер нь миний дуртай улирал биш.

Зун дуусахад бүх юм дуусчих шиг болдог» гэсэн байгаа бол “Арван сар” мөчлөгт:

«Арван сар...

Аравдугаар сар миний хамгийн дургүй сар.

Яагаад би түүнд дургүй гээч?

Аравдугаар сард хамгийн олон навч,

Аравдугаар сард хамгийн олон шувуу,

Аравдугаар сард хамгийн олон морь,

Магадгүй хамгийн олон хүн үхдэг» гэсэн байгаа бол Эртний Хятадын Тан улсын үеийн яруу найрагч Ли Бо “Сарны саруулд ганцаар согтохуй-1” шүлэгтээ:

«Сар, сүүдэр, бидэн, - гэлээ ч үй зайгүй

Сайн нөхөд бололцоод, хаврын шөнөжин наргив.

Намайг ая барихуйд, сар дэмнэн намилзана.

Намайг хөгжин бүжихүйд, сүүдэр дагаж биелнэ» гэжээ. Мөн Тан улсын үеийн Хятадын яруу найрагч Дү Фү “Намрын анхны өдөр” шүлэгтээ:

«Сая өнгөрсөн шөнө

Зун намрыг зааглажээ.

Өвсөн дунд царцаа

Зогсоо чөлөөгүй шагширч,

Үүрээр алтан хараацай

Өмнийг зорин нисжээ

Ууланд гагцаар даяанчлахыг

Насан туршаа хүссэн сэн.

Урьдын энэ мөрөөдлөө

Гүйцээх цаг үлдсэнгүй дээ» гэж мөн л уйтгарт мэдрэмжээр шүлэгсэн байна. Тэрчлэн Оросын яруу найрагч А.С.Пушкин намрын улиралд ихэд дуртай байсан бөгөөд ихэнх бүтээлээ намар туурвисан гэдэг. Тэрбээр “Намар цаг” найраглалдаа:

«Харуусал уйтгарын цаг! Хараа нүдийг гэвч булаамуй!

Хагацлын үзэмж чинь сэтгэлд минь таалагдмуй.

Уран байгалийн их баян хагдралд ану, би дуртай,

Улаан, шаргал нөмрөгтэй ойд ану, би дуртай,

Ойн нөмрийн салхин исгэрээ, цэвэр агаарт ану, би дуртай,

Ороолдсон битүү хар үүлтэй тэнгэрт ину, би дуртай» гэж шүлэглэн уйтгарт энэ улиралд дуртайгаа нээсэн буй. Мөн Оросын яруу найрагч  Георгий Иванов:             

«Харвасан од мөс цөмлөн унахад

Хагархайн гүнээс сүнс нь дэгдэнэ

Дэндүү хурдан дэгдэгч тэрбээр

Энгүй ялдамхан хавар цаг аж

Өндийж баяр баясгаланг тэмтрээд

Өөрөө тэр баяр баясгалан болно» гэх мэтээр шүлэглэсэн байгаа ба цөм л хавар болоход нэгэн сайхан зүйл, тэр дундаа хайр сэтгэл эхэлж байгаа мэт болоод намар болоход дуусаж байгаа мэтээр шүлэглэн бичсэн байдаг нь ерөнхийдөө зуршмал мэдрэмж юм, зөвхөн яруу найрагчдаар ч зогсохгүй хүн бүрд л ийм мэдрэмж төрдөг нь ажиглагддаг. Мөн Канадын утга зохиол домог судлаач Н.Фрай XIX-XX зууны өрнөдийн утга зохиолын гоо зүй, онолын судалгаандаа шог зохиолыг хаврын домог, баатарлаг туужийг зуны домог, эмгэнэлт жүжгийг намрын домог, харин элэглэлийг өвлийн домог гэж нэрлэснийг эргэн санаваас инээд хөөр бүхий шог зохиолыг хаврын домог гээд, харуусал нулимс бүхий эмгэнэлт жүжгийг намрын домог гэсэн нь мөнхүү хаварт баясах, намарт гуних зуршмал мэдрэмж нь зөвхөн экватороос хойших газар зүйн бүс, бүслүүрээр зогсохгүй өрнийн уран бүтээлчдэд ч давтагддаг болох нь харагдаж байна.  

Баларлаг үеийн хүмүүсийн сэтгэл хөдлөлийн байдлыг судлаачид янз бүрээр тогтоосон бий. Харин нэгэн цагт хүмүүн бид дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны нөлөөндөө гүн автмал буюу орооны цагтай байсан нь эргэлзээгүй бололтой. Учир нь бид бол амьтад, амьтдад орооны цаг гэж байдаг учир бидэнд ч бас байсан байж таарна. Өөрөөр хэлбэл хүний ороо хаврын сүүл, зуны эхэн үед ороод, намарших тусам буурсаар өнгөрдөг байсан ба мөн үед жирэмсэлсэн эмэгчид жилийн турш хүүхдээ тээгээд дараа жил нь төрж дараагийн орооны үе ирдэг байсан байж болох уу? Тэрхүү баларлаг цаг үеийн мэдрэмж өнөөгийн урлаг түүний дотор хүн төрөлхтний хамгийн зөн совинтой, онгодлог хэсэг болох яруу найрагчдын бүтээлд уламжлан илэрч байж болох мэт. Эцгийгээ хөнөөн идэх нь баларлаг үеийнхний хувьд бүрнээ жамын үйл байсан юм чинь бие биесээ өм хазалдан, ноололдож, байж ядан тэчьяадаж бүлгээрээ хурьцдаг ороо, охооны үетэй байсанд нь гайхах зүйл үгүй.

Мөн түүнчлэн хавар төрсөн хүүхдийг жам ёсны цагтаа төрсөн, ирж байгаа цагт төрсөн хэмээн үздэг байсан бөгөөд тухайлбал их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн талаарх нэгэн хууч ярианд «Луузангийн Ваанжил нь Д.Нацагдоржтой төрсөн ах дүүгийн хүүхэд бөгөөд бага наснаас айл байж, хамт тоглож, их ойр өссөн болохоор олон чухал мэдээ өгүүлсэн байна. Түүний эх Норжмоо Нацагдоржийг “Хавар ирж байгаа цагт төрсөн болохоор үйсэн будаа нь өсдөг гээд цайнд шар будаа үйлгэдэг байсан” гэнэ» зэрэг баримтууд нь сонирхолтой юм. Урт удаан хөгжлийн явцад ороо охооны цагийн амьтанлаг мэдрэмж нь биологийн хүчин зүйлсийн хувирал, цацраг идэвхт бодисын нөсөө, цахилгаан соронзон орны үелзэл, давтамжийн өсөлт, нийгмийн хийгээд суурьшлын өөрчлөлт, галтай болсны үр дүн, болгосон хоол тэжээл, давс, хүчиллэг бодисын хэрэглээ.., гээд биологи, физиологи, газар зүй, цаг уурын үй олон хүчин зүйлсээс шалтгаацан суларч, эдүгээ зөвхөн онгодлог мэдрэмж бүхий урлагт үлдэцт хэлбэрээр илэрч байж болох билээ. Тэрчлэн хүний оюун ухаан хөгжиж, ухамсаржин хайр сэтгэл гэдэг ойлголт бий болж, тэрхүү шинэлэг мэдрэмж нь мөнөөхөн орооны үеийн мэдрэхүйтэй нийлэгжин, өдгөөгийн байдалд хүрсэн байхыг үгүйсгэх аргагүй. Мэдээж энэ хооронд ихээхэн урт хугацаа шаардагдсан байж таарна. Хайр сэтгэл гэдэг нь эволюци дэх зорьсон хайр буюу эхийн хайрын хаягдал бүтээгдэхүүн, гэм хоргүй ургацаг гэж (Д.Прехт, Герман) бичсэн байдаг. Мөн баларлаг үеийн хүмүүсийн бүлгээр хурьцах үйлийн тухай судлаачид олонтаа дурдсан буй. Тухайлбал «...гэрлэгсдийн ариун ёс, өөдлөн дэвжиж буй (буюу хувьсан буй) хөрөнгөтний загалмайт шажны, хосоор гэрлэх ёсны эсрэг тал болох баларлаг үеийн бүлгээр хурьцах ёсны тухай ойлголтыг тойрсон улигт мэтгэлцээн эхлэхийн шалтгаан болжээ» гэхэд дурдсан буй бүлгээр хурьцах ёс нь тодорхой орооны үед үйлдэгддэг байсан байж болох билээ.

Хүний болоод амьдралын хувьслын нөлөөгөөр олон зүйл тэр дундаа биологийн хүчин зүйлс ч өөрчлөгддөг болохыг судлаачид тогтоожээ. Монгол адууны зүсийг судалсан доктор Л.Мөнхтөр амьтны өнгө зүс хүний нөлөөгөөр өөрчлөгддөг болохыг дурдаад зэрлэг амьтан бол нэг л төрлийн зүстэй байдаг, харин гаршуулж, гэршүүлсэн амьтдын зүс өөрчлөгдөж олон янз болдог байна гээд адууны зүсийг бусад хээрийн амьтадтай харьцуулжээ. Угтаа адуу бол хээр зүстэй байсан агаад монголчууд хээрээс олсон амьтан гэдэг утгаар хээр гэж нэрлэж байсан, хүнтэй хамт өнгөрүүлсэн урт удаан хугацааны хөгжлийн явцад адууны зүсэнд өөрчлөлт орж 250 орчим янзын зүстэй болжээ гэж дүгнэсэн буй. Хүмүүн бидний нөлөөгөөр олон амьтны ороо отооны мөчлөг тухайлбал нохойн ороо өөрчлөгдөж байгаа ба тодорхой хугацаанд буюу намар оройхон ороо нь ордог байсан нохой гэдэг амьтан эдүгээ тодорхой орооны цаггүй болж байх шиг. Хэдийд ч хамаагүй үржилд орж хэдийд ч хамаагүй гөлөглөх нь нэгэнт хэвийн үзэгдэл болжээ.

Сүүлийн үеийн судалгаанаас хүмүүний гэр бүлийн орчин өөрчлөгдөж үй олон хорио цээр бүхий моногами гэр бүлийн бүтэц үндсэндээ шавхагдах хандлагатай болж буй нь харагдаж байна. Хоёр эрэгтэйгээс, хоёр эмэгтэйгээс, нэг эмэгтэй хүүхдээс (хүүхдүүдээс), эсвэл ганц бие.., гээд гэр бүлийн олон хэлбэрүүд улам бүр нийтлэг болж, секс хүүхэлдэйн борлуулалт нэмэгдэн, (Японы засгийн газраас залуустаа хандан идэвхтэй сексийн талаар уриалга гаргасан Г.Б.) цахим орчинд амьдрагчид олширч, ганц бие амьдралын синдром нэмэгдэх тусам хүмүүсийн хоорондын амьдлаг харилцаа улам бүр бүдгэрсээр байх ажээ. Энэ мэт нийгмийн эмгэгүүд, шизофренилэг хандлагуудыг саармагжуулж, амьдлаг харилцааг дэмжих бодит боломж гагцхүү урлаг түүний дотор уран зохиолын боловсролд л бий билээ. Учир нь уран зохиол хүнийг амьдралд хайртай байхад сургадаг. Эцэст нь дараах гурван дүгнэлтэд хүрч байна. Үүнд:

1. Домог зүй гэдэг нь хүн төрөлхтөний баларлаг цаг үеийн мэдрэмжүүдийн хадгаламж, эрдэмтдийн олонтаа дурдсанчлан оюун санааны археологийн нөөц юм. Тэрхүү археологийн олдворууд нь урлаг, уран зохиолын ертөнцөөс олдох боломжтой бөгөөд орчин цагийн хэм хэмжээлэг хүн нь баларлаг үеийн хүний мэдрэмжүүдийг ухамсаргүйгээр өвлөсөн, мэдээлэл дамжуулагчид мөн.

2. Урлаг түүний дотор уран зохиол нь ухамсаргүйгээр буюу онгодоор бүтээгддэгийн хувьд хүн төрөлхтний баларлаг үеийн археологилог мэдээллүүдийн илрэн гарах хамгийн тохиромжтой талбар ба үүгээр талбарлахуйн мөн чанарыг таних, орчин цагийн уран бүтээл дэх баларлаг үеийн үлдцүүдийг нээн илрүүлэхүй нь домог зүйн шинжлэл болно. 

3. Тийн үзвээс хаврын улиралд бичигдсэн шүлгүүдэд байх сайхан зүйл, эсвэл хайр сэтгэл эхэлж буй мэт мэдрэмжүүд нь угтаа хүний орооны цаг эхэлж буй үеийн мэдрэмжийн үлдэц мэт байгаа бол намрын шүлгүүдэд буй өнөөх сайхан зүйл дуусан улирч буй мэт гуниглангуй мэдрэмж нь хүний орооны цаг дуусах үеийн мэдрэмжийн ухамсаргүй дэх үлдэгдэл түлхцийн өгөгдөл хэмээн үзэж болох юм.

Уран зохиол шинжээч Г.БАТСУУРЬ /МУБИС/

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 16 (6748)