Ч.ЗОТОЛ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо  намрын ээлжит чуулганы хугацаанд хэрхэн ажилласан талаар тайлангаа танилцууллаа. Тус байнгын хороо  энэ хугацаанд 12 удаа хуралдаж, чуулганы  хуралдаанд 14 хуулийн төсөл, УИХ-ын  тогтоолын төсөл нэгийг батлуулжээ. Үүнд:

-БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа 4400 гаруй Монгол иргэд, Япон улсад гэрээгээр 161 иргэн ажиллаж, 6000 гаруй ур чадварын дагалдагажигчаар ажиллаж байгаа  монгол иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг 20 жилийн дараа шинэчилсэн найруулгаар баталлаа. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар:

-Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нийцүүлэн зуучлагч компани зуучлуулагчаас аливаа зуучлалын хөлс, төлбөр хураамж авахгүй байхаар,

  • Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах бодлоготой нийцүүлэн зарим салбарт ажиллах ажилтан зуучлах үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож болохоор,
  • Дотоодын хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах, мэргэжилтэй ажилтан дотооддоо бэлтгэх зорилгоор Гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлсэн ажил олгогч гадаад ажилтны 30-аас доошгүй хувьтай тэнцэх ажилтныг дагалдан сургахаар
  • Монгол Улсын иргэн гадаадад эзэмшсэн мэргэжил, ур чадвараа Монгол Улсад холбогдох байгууллагаар тогтоолгож баталгаажуулж болохоор тусгажээ.

Монгол хүний удмын санг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Энэ тогтоолоор монгол хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх, айл өрх бүр Угийн бичиг хөтлөн хэвших, цаашлаад удам судраа мэдэх, цус ойртолт, удамшлын өвчлөлөөс сэргийлэх ажлын эхлэлийг тавьжээ. Хүний геном, удмын мэдээллийг бүрэн тогтоож аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж буй шалтгааныг олж илрүүлэх, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий генетикийн лаборатори болон генийн сан байгуулах, түүнчлэн Хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, хүүхдийн тооноос хамааруулан гэр бүлд дэмжлэг үзүүлэх асуудлыг судалгаа, шинжилгээний үндэслэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлийг Засгийн газарт өгсөн байна.

Байнгын хороо хууль тогтоол батлахаас гадна хуулийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийг гол болгон ажилладаг.  Энэ хүрээнд Эрүүл мэндийн салбар 2021 оноос нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах ажлын хэсгийг  Д.Батлутаар ахлуулан, гишүүдэд П.Анужин, Б.Бейсен, М.Оюунчимэг, Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ж.Чинбүрэн, С.Чинзориг нар  гурван  сар гаруйн хугацаанд нийслэлийн дүүргүүд,  Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Орхон аймаг, сумын бүх шатлалын эмнэлэгт ажиллаж, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Засгийн газарт чиглэл өгөн ажиллажээ.

Эх сурвалж: www.polit.mn