Ц.Ишган: Бүх нисдэг тэрэг, сөнөөгч онгоц агаарт хөөрөх ёстой

0
хуваалцах
320
үзсэн

Х.НЯМДОРЖ

 

“Хурдан удаан байх нь хамаагүй, гол нь зогсолтгүй урагшлах хэрэгтэй” хэмээн агуу сэтгэгч, гүн ухаантан Күнз сургасан энэ үг өнөөдрийн энэ бичвэрийн минь эзэнд зориулсан юм шиг санагддаг юм.

Тэр бүхий л амьдралынхаа туршид аливаа эрсдэлд бэлтгэлтэй байхыг  хамтран зүтгэгч, гэр бүл гээд эргэн тойрны бүх хүмүүстээ үлгэрлэн амьдарсан нь түүний эзэмшсэн мэргэжилтэй холбоотой гэж ойлгомоор...

Түүнийг Цэдэнхүүгийн Ишган гэдэг.  Олон ястны өлгий гэгддэг Монгол орны баруун хязгаар Ховд аймагт 1950 оны өвөл мэндэлжээ. Тэрээр 1967 онд Нийслэлийн 21 дүгээр дунд сургуулийг төгссөн жилээ цэргийн албанд мордож, цэргийн амьдралтай хувь заяагаа холбосон. Улмаар Киев хотын Зенит артиллерийн дээд сургуулийг “Пуужингийн харвах суурийн тоног төхөөрөмжийн инженер” гэсэн мэргэжлээр таван жил суралцан онц дүнтэй төгсөж улаан дипломыг өвөртлөн эх орондоо эргэн ирж ажил амьдралын гараагаа эхлүүлжээ.   

Монголын Ардын Армийн зэвсэглэлд цохилтын шинэ хэрэгсэл болон хөгжиж ид хаваа гайхуулж байсан пуужинт цэрэгт онц чухал боловсон хүчин болон бэлтгэгдсэн түүнийг 028 дугаар ангид харвах тоног төхөөрөмжийн инженер албан тушаалд томилжээ.  Залуу насны эрч хүчээр үүрэгт ажлаа түүртэлгүй хийж, дөрвөн жилийн дараа БХЯ-ны 14 дүгээр хэлтэст байлдааны бэлтгэл хариуцсан ахлах офицероор тушаал ахин  томилогдсон байна. Удирдах байгууллагын арвин туршлагатай шилдэг дарга нарын дэргэд ажилласан нь түүнд  “алтны дэргэдэх гууль шарлах”-ын адил өгөөжтэй цаг хугацаа байсныг одоог хүртэл бахархан ярих аж.

Суралцаж төгссөн Киев хотноо  агаарын довтолгооноос хамгаалах цэргийн академид суралцахаар явсан нь түүний амьдралд бас нэгэн шинэ хуудсыг нээжээ. Өмнө нь төгссөн дээд сургууль нь цэргийн академи болж өргөжсөн байв. Угийн сурлага сайтай, хичээнгүй сонсогч байсан тул сургуулийнхаа төдийгүй  Киев хотод монголчуудын сурч байсан цэргийн гурван сургуулийн Үндэсний группийн даргын хариуцлагатай албыг хашиж байв.  Сонсогчдын сурлага, сахилга, тэдний дунд зохиох соёл болон түмний ажилд бага бус цаг заваа зориулан ажиллаж байсан нь олон нийтийг удирдах, манлайлах ур чадварыг суулгасан болов уу.

Академиа мөн л онц дүнтэй, гал улаан дипломтой төгслөө. Алтан медаль зүүж сургуулийнхаа хананд эх орон, эцэг эхээс хайрласан алдар нэрээ мөнхлөх боломж, тийм хүлээлт байсан хэдий ч хамт суралцаж байсан Герман офицер тэр эрхийг авсан юм билээ.

Мэргэжлийнхээ академийг төгссөн гялалзсан хошууч Ц.Ишганыг цэргийн удирдах албан тушаалд төвд томилох талаар хэлэлцэгдэж байсан ч, тэрээр өөрөө аль нэг хорооны штабт томилж өгөөч гэсэн хүсэлт тавьснаар цэргийн командлал түүний хүссэнээр болгож Эрдэнэтийн дивизид Зенит артиллерийн 213 дугаар ангийн штабын даргаар ...онд томилсон байна. Ангийн захирагч нь Гүрдарамын Оросоо гэх тулхтай, түшигтэй удирдагч байжээ. Гурван жил гаруй ангийн захирагч, хамт олонтойгоо гар, сэтгэл нийлэн ажилласны эцэст дахин өөр газарт томилогдон ажиллах тушаал авав. Цэргийн хүн тушаалыг заавал биелүүлэх хуультай учир Радиотехникийн тусгай батальон буюу 225 дугаар ангийн захирагчаар ажиллах болсон байна.

Цагаан хуаранд байсан ангийг Төмөр замын 4-р зөрлөг буюу “Хоолт” гэх нэртэй газарт авчран төвхнүүлэх гэж чамгүй зүтгэсэн байна. Зах, замбараагүй их ажилд ханцуй шамлан зүтгэсээр 7 жилийн дараа гэхэд аж ахуйн аргаар спорт заалтай хүртэл болж, Жадамбаа генерал тэргүүтэй удирдлага нээлтэд ирж оролцож байсныг бодоход онцгой үйл явдал байсан гэдэг нь тодорхой. Армийн тэргүүний ангийн болзол хангаж байсныг сонсоход үеийнхнээ манлайлж, амжилт бүтээлээр дүүрэн байсныг илтгэнэ.

БХЯ-аас дуудлага ирж БХЯ-ны коллегийн хуралд ирснээр хүрч очвол 137 дугаар ангийн захирагчаар томилох талаар яриа өрнөөд явчхав. Мэргэжил ондоо учир, сайн хийж чадах эсэхдээ эргэлзэж буйгаа хэлж татгалзсан боловч, удирдлагууд хүлээж авсангүй томилж орхижээ. Цэргийн хүн тушаалын дагуу л ажиллах хуультай тул хэчнээн эсэргүүцээд нэмэргүй байлаа.

Нисэхийн Городокт байрлаж байсан зөвлөлийн цэргүүд нутаг буцсан тул, байлдааны нисдэг тэрэгний 256 дугаар ангийг Налайх руу татаад авчирчихсан, хангалт үйлчилгээний анги, радиотехникийн батальон гээд дөрвөн ангийг нэг малгай дор нийлүүлээд 137 дугаар тусгай хороо болгосон үе байв. Ангиуд нэгдэнэ гэдэг нэг хэсэгтээ л тал бүр тийшээ харж явдаг төвөгтэй ажил болдгийг гадарладаг хашир удирдлага дундаас нь биш, харин гаднаас өөр мэргэжлийн хүнээр захируулах шийдэлд хүрсэн бололтой. Анх удаа л долоон орлогчтойгоор анги захирч үзсэн тухайгаа Ц.Ишган гуай дурсахдаа мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхдөө ихэд дурсан ярьж байв. Түүний итгэлт туслах, хамтрагчдаар Гагарины академийг төгссөн шинэхэн хошууч Т.Дашдэлэг, улс төрийн орлогч хошууч Ч.Ганболд, 2 дугаар эскадрилийн захирагч хошууч Ц.Хүрэлбаатар, ар талын орлогч Санжид, техникийн орлогч хошууч Раднаабазар, радиотехникийн батальоны захирагч хошууч Ц.Доржхүү нар байж, сэтгэл зүтгэлээ нэгтгэн ажиллаж байжээ.

Нисэхийн тусгай хороо 1200 хүнтэй байв. Өмнө ажиллаж байсан 225 дугаар ангиа мэргэжлийн бүрэлдэхүүнтэй болгосон туршлага дээрээ тулгуурлаж хугацаат албаны дайчидгүй болох бүтэц, орон тоог боловсруулж батлуулсан байна. Ингэснээр ажлын уялдаа холбоо, ачаалал нягтарч 800 хүнтэй болгожээ.

Офицерууд мэргэжилдээ  дуртай, нисэхэд бүхий л итгэл үнэмшлээ өгсөн болохыг тэрээр олж харжээ. Үүнийг нь түшиж ажиллавал амжилт олж болох юм байна гэж бодогдсон гэдэг. Хамт олон ч өөр мэргэжлийн хүн байна гэж чамлангуй байсан биз. Гэтэл шинэхэн захирагч “Бүх нисдэг тэрэг, сөнөөгч онгоц агаарт хөөрөх ёстой” гэсэн зорилт тавьж, ажиллаж эхлэв. Энэ  зорилт, энэ тушаал бие бүрэлдэхүүний загатнасан газар маажих мэт хамт олныг урмаар тэтгэжээ.

Өдөр, шөнийн төлөвлөгөөт нислэг, сургуулийн буудлага, бөмбөгдөлд хийж орос ах нарыг нутаг буцааснаас хойш анх удаа Городокийг нойрноос сэрээв. 12 сөнөөгч бөмбөгдөгч МиГ-21 онгоц хөөрч агаарын шоу хийж ЗХЖШ, Нисэхийн хэлтсийн удирдлага, Налайх дүүргийн дарга, нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүнийг урьж үзүүллээ. “Михайлд нэг бодол бий” гэдэг шиг захирагч Ишган хавар болох ангийнхаа сайдын шалгалтын тусгай бэлтгэлийн дүнг энэ үеэр тавиулж “нэг сумаар хоёр туулай буудсан” аж. Ингээд Сайдын шалгалтаар “Армийн тэргүүний анги”-ийн алдрыг түүхэндээ анх удаа хүртлээ.

Ангийн бүх онгоц, нисдэг тэрэг агаарт хөөрч Чойрын Баянтал, Сайншандын хээрийн аэродромд бууж, Баянжаргалангийн полигонд бөмбөгдөлт, пуужингийн харвалт хийж нисэхийн ангийнхаа ид хавыг гайхуулж гарав. Сургуулийн нислэг үйлдэж яваад онгоц осолдож, эрдэнэт хүний амь амь эрсэдсэн гашуун үйл явдал ч тохиолдсон байна.

БХЯ-ны коллегийн хуралд дахин дуудлаа. Энэ удаад түүнийг ангийн захирагчаас чөлөөлөх асуудлыг хоёр минутын дотор хэлэлцэж шийдвэрлэв. Ядаж үг хэлэх боломж олгосонгүй. Сүүлийн жилүүдэд ээлжийн амралтаа эдэлж амжаагүй учраа боловсон хүчинд хэлээд гарлаа. Амарч байх хойгуур түүнийг албан тушаал, цалин буурахгүй албанд томилох тухай ярьжээ. Гэсэн ч сэтгэлд жаахан гоморхол байсан байх. 1993 онд өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарсан гэдэг юм билээ.

Түүний орлогч асан Ц.Бямбажав дэслэгч генерал цол хүртэж ЗХЖШ-ын даргаар, штабын даргаар нь ажиллаж байсан Т.Дашдэлэг бригадын генерал болж Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчийн албан тушаалыг хашсанаар бахархаж явдаг хэмээн хурандаа Ц.Ишган онцолсон. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, бригадын генерал Т.Дашдэлэг нар түүнд хурандаа цол олгож, дурсгалын сэлэм, ёслол албаны бүрэн хувцас гардуулж хүндэтгэл үзүүлсэнд тэрээр баярлаж талархсанаа илэрхийлсэн юм.

Цэргийн хүний хэзээд бэлэн байдаг, шийдвэртээ үнэнч байдаг, хариуцлага хүлээж чаддаг, шударга, шулуухан гээд бүхий л зан чанар нэвт шингэсэн энэ эрхэм өнөөдөр  70 насны босго давсан хэдий ч мөн л 50 гаруй хүнийг ажлын байраар ханган, тэр хэрийн гэр бүлийг дааж хариуцаж явна. Анх харсан хүн нэвт шувт ширтэх ширүүн харц, дүрлэгэр нүд, том бие, сүртэй хоолойноос гэрэвшиж, сүрдмээр хэдий ч илүү их мэдэх бүр хэчнээн уян, холыг бодсон ухааныг хүндэлж биширдэг юм. Бэлтгэл хурандаа маань “Ишган трейд”ХХК-ийг 2001 онд анх байгуулжээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл  50 шахам хүнийг ажлын байраар хангаж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж цэргийн хүн байлдах тулалдахаас гадна энх цагт бизнесийн салбарт ч хөлөө олоод явж чадна гэдгийг харуулж яваа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 14, 15 (6745, 6746)