ХӨСҮТ: Халдварын 90 хувийг омикрон эзэлж байна

0
хуваалцах
308
үзсэн

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Манай улсад коронавирусийн дөрөв дэх давалгаа эхэлж сүүлийн 24 цагт 3088 тохиолдол бүртгэгджээ. Тэгвэл PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудын 90 хувийг коронавирусийн шинэ хувилбар болох омикрон эзэлж байгааг ХӨСҮТ-ээс мэдээлэв. Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан “Өдөрт бүртгэгдэх халдварын тоо өмнөх оны сүүл үеэс дөрөв дахин өслөө. Тухайлбал, оны өмнө PCR шинжилгээгээр эерэг илрэх хувь 4-5 байсан бол одоо 20 хувь болж өссөн. Тиймээс халдварын тархалтын эсрэг авах хэмжээг өөрчиллөө. Өнгөрсөн онд эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ буюу зөөвөрлөгдсөн тохиолдол илрүүлэх зорилгоор тусгаарлан ажиглах байруудад хяналт тавьж ажиллаж байсан. Харин одоо дотоодын халдвар ихэссэнтэй холбоотойгоор эрсдэл бүхий хүн амд чиглэсэн тандалтын хариу арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Халдвар авсан нь батлагдсан нийт тохиолдлын 80 гаруй хувь нь ажлын газар, гэр бүлээсээ авсан байгаа юм. Мөн эерэг тохиолдлын сүүлийн таван өдөрт явсан маршрутаас харахад эмнэлэг, эмийн сан, худалдааны төвүүдээс халдвар авах эрсдэлтэй байна. Иймд эдгээр газраар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах шаардлагатай. Мөн ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу N95, мэс заслын чанарын шаардлага хангасан амны хаалт хэрэглэх хэрэгтэй. Ажлын газар, гэр бүлийн хүрээнд халдвар авч байгаа учир хүн хоорондын зайг баримтлах нь зүйтэй” гэв.

Хурдацтай тархаж буй омикрон вирусын халдварын эрсдэлийг бууруулах үүднээс ХӨСҮТ-ээс УОК-т халдварын эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, саналаа хүргүүлжээ. ХӨСҮТ-ээс хийсэн судалгаагаар халдварын тархалт нэгдүгээр сарын сүүл, ирэх сарын эхээр оргилдоо хүрэхийг тооцоолсон байна. Тодруулбал, халдварын оргил үе цагаан сарын баяр болон хичээл сургууль эхлэх үетэй давхцаж байгаа юм. Мөн тэрбээр “Хувилбарын тандалтын шинжилгээгээр ямар төрлийн вирусээр үүсгэгдсэн болон тархалтыг тогтоодог. Хувилбарын тандалтын хамгийн сүүлийн мэдээллээр оны өмнөх шинжилгээгээр нийт эерэг тохиолдлын 1-3 хувь нь омикрон байсан. Харин энэ сарын эхний долоо хоногт 40-50 хувь, дараагийн долоо хоногт 60-70 хувь болж өсөөд байна. Энэ сарын 17-ны шинжилгээгээр омикроны тархалт 90 хувьд хүрсэн” гэлээ.

Одоогийн байдлаар нийт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 30 орчим хувь нь хөнгөн, 60 орчим хувь нь хүндэвтэр, 10 хувь хүнд, 0.7 хувь нь эмнэл зүйн нэн хүнд ангиллаар эмчлүүлж байгаа аж. Харин эрсдэлтэй, хүндрэх эрсдэл өндөр 395 иргэнийг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж байгаагаас үүний 10 орчим хувь нь хөнгөн, 60 орчим хувь хүндэвтэр, 30 хувь нь нэн хүнд эмчлүүлж байгааг мэдээлэв. Түүнчлэн омикрон хувилбарын халдвар авч хэвтэн эмчлүүлж буй суурь өвчтэй иргэдийн биеийн байдал альфа, дельта хувилбаруудтай харьцуулахад үндсэн өвчин нь хүндэрч байгаа аж. Үүнээс зүрх судас, чихрийн шижин, уушгины архан өвчин, таргалалттай иргэд омикрон хувилбараар өвчлөхөд хүндэрч байгааг анхаарууллаа. Омикрон хувилбараар өвчилсөн иргэдэд илэрч буй нийтлэг шинж тэмдэг нь амьсгалын дээд замын халдварын үед илэрдэг шинж тэмдэгтэй адилхан байгаа аж. Тухайлбал, хуурай ханиалгах, хоолой хөндүүрлэж сэрвэгнэх, хамар битүүрэх, халуурах шинжүүд давамгай илэрч байгаа юм байна. Тэгвэл омикрон халдварын үед уушигны хатгаа болж амьсгалын дутагдалд орох нь өмнөх хувилбаруудтай харьцуулахад бага байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн Эмчилгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр мэдээлэв.

Халдварын тархалт эрчимжиж өдөрт бүртгэгдэх батлагдсан тохиолдлын тоо 3000 давсан тул ХӨСҮТ-ээс салбар хоорондын эрсдэлийн үнэлгээг хийжээ. Эрсдэлийн үнэлгээгээр омикроны тархалт маш өндөр эрсдэлтэй дүн гарчээ. Үнэлгээний дүнг харгалзаж салбар бүрт хамаарах асуудлаар 13 заавар, зөвлөмжийг гаргасан байна. Түүнчлэн хөл хөдөлгөөнийг 50 хувь бууруулвал халдварын тохиолдол хоёр дахин буурах тооцооллыг гаргаад байгаа аж. Тиймээс омикрон хувилбарын халдвараас сэргийлж дархлаа сэргээх тунд идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 14, 15 (6745, 6746)