"Алтанбулаг- Замын-Үүд"-ийн хурдны замыг барихдаа олон улсад нээлттэй тендер зарлана

0
хуваалцах
371
үзсэн

С.УЯНГА

 

Засгийн газрын хуралдаанаар зам тээврийн салбартай холбоотой хэд хэдэн  чухал асуудал яригджээ. Энэ талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар “Төрөөс төмөр замын талаар хэлэлцэж Засгийн газраас гарсан 28 дугаар тогтоолыг эрчимжүүлэх тухай асуудлыг баталлаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан баруун бүсийн босоо чиглэлийн болон зүүн бүсийн босоо чиглэлийн төмөр замыг барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэйгөөр Монголын төмөр зам компанид үргэлжлүүлэн олгож, энэ ажлыг эрчимжүүлэх тухай шийдвэр гарсан. Баруун босоо чиглэлийн төмөр зам нь Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км зам юм. Харин зүүн босоо чиглэл дээр Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлд 420 км зам баригдахаар төлөвлөж байна.  Төсөл хэрэгжиж дууссаны дараа манай улс 4700 км урттай төмөр замын сүлжээтэй болох бөгөөд шинээр баригдах нь 2700 км орчим байх юм. 2022 оны эхний хагаст Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийг явуулахаас гадна Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг мөн ашиглалтад оруулна. Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлэх, Улаанбаатар төмөр замын суурь бүтцийн шинэчлэл дээр төр мөнгөө гаргаж, бодлогоор үргэлжлүүлээд явах юм” гэлээ.

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан Алтанбулаг- Замын-Үүд чиглэлийн хурдны замын асуудлыг Засгийн газар хэлэлцэж, олон улсад нээлттэй тендер зарлахаар болжээ. Өмнө нь энэ чиглэл дээр нэг бус удаагийн тендер зарлагдаж байсан ч гүйцэтгэл тааруу байсан учраас гэрээ цуцлагдаж байжээ. Энэ оны хоёрдугаар сарын 15-ны дотор олон улсын тендер зарлах чиглэлийг Ерөнхий сайд өгчээ. Тиймээс төрийн худалдан авах ажиллагааны газар ойрын хугацаанд материалыг боловсруулаад тендер зарлах юм байна.

“2020 онд Монголын авто замчдын холбооноос санаачилж, Алтанбулаг- Замын-Үүд чиглэлийн хурдны замын техник эдийн засгийн урьдчилсан тооцоог гарган ҮАБЗ, Засгийн газарт танилцуулж байсан. Засгийн газрын хуралдааны үеэр зарим ачааны замын урсгалыг нэмэх шаардлагатай гэсэн санал гарсныг Монголын авто замчдын холбоонд чиглэл болгон өгч байгаа” гэдгийг салбарын сайд хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 14, 15 (6745, 6746)