Б.ДАМДИН-ОЧИР

 

Хотынхон маань хоёр, гурван жилийн өвлийг утаа багатай өнгөрөөсөн. Энэ өвөл тэгсэнгүй. Утаа гэнэт нэмэгдсэний хариуцлагыг Ерөнхий сайд албан тушаалтнуудтайгаа тооцож байна. БОАЖЯ-ны удирдлагыг багаар нь солив. МХЕГ-ын даргыг шилжүүлэн томиллоо. Хотын дарга ч утаа хариуцсан орлогчоо, агаар орчны бохирдол хариуцсан агентлагийн даргын хамт чөлөөлжээ.

Ер нь бол хотын утаа нэмэгдсэнтэй холбоотойгоор албан тушаалаа орхих хүмүүсийн жагсаалт үргэлжлэх юм байна. Учир нь энэ жил хотын утаа яагаад нэмэгдсэн бэ гэдгийн учир шалтгаан одоо л тодорч буй бололтой.

Хотынхныг түүхий нүүрснээс салгаж, шахмал түлш түлүүлэх засгийн бодлого 2019 онд гарсан. Тэр жилийн намар аравдугаар сараас нь одоогийн энэ “Тавантолгой түлш” ХХК-ийн хийсэн сайжруулсан шахмал түлш худалдаанд гарч, хотынхны түлээ болж эхэлсэн түүхтэй.

Тэр түлшнийх нь 95 хувийг “бүтээдэг” түүхий эд болох мидлинг буюу угаасан эрчим хүчний нүүрсийг “Энержи ресурс” компани “...Нийгмийн хариуцлагын хүрээнд таван жилийн хугацаатай нийлүүлнэ” гэж гэрээ байгуулсан байдаг. Одоо гурав дахь жилдээ нийлүүлж байна.

Тодруулбал, тухайн үед “Энержи ресурс” ХХК-д хандсан Засгийн газрын албан бичгүүд цахим сүлжээнд тарсан. 2018 оны нэгдүгээр сарын 26-нд ЭХЯ-ны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүү “Дэмжлэг хүсэх тухай” 4/333 дугаартай бичиг, дөрөвдүгээр сарын 22-нд Ерөнхий сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Б.Энх-Амгалан “Хүсэлт гаргах тухай” Х/260 дугаартай бичиг, 2018 оны тавдугаар сарын 15-нд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Гэрээ байгуулах тухай” 0/1780 дугаартай албан тоот, 2018 оны долдугаар сарын 2-ны “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар “Гэрээ байгуулах тухай” 01/32 дугаартай бичиг, 2018 оны аравдугаар сарын 19-нд БОАЖ-ын сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат “Төлөвлөгөө ирүүлэх тухай” 2018/185 дугаартай бичгийг тус тус “Энержи ресурс” ХХК-д илгээжээ.

2019 оны аравдугаар сарын 10-нд “Энержи ресурс” ХХК албан ёсоор тайлбар гаргасан. Түүндээ “…Төр, засгийн удаа дараагийн хүсэлт, шаардлагын дагуу нийт 800 мянган тонн угаасан эрчим хүчний нүүрсийг 100 хувь төрийн өмчит “Тавантолгой түлш” ХХК-д үнэ төлбөргүйгээр нийлүүлсэн” Мөн тус компанийн захирал Г.Батцэнгэл “…Засгийн газрын хүсэлтийн дагуу манай компани угаасан эрчим хүчний нүүрс үнэ төлбөргүй “Тавантолгой түлш” ХХК-д нийлүүлсэн. Өөрийн цахилгаан станцад ашигладаг, дотоодын цемент шохойны үйлдвэрт нийлүүлдэг, мөн Хятад руу экспортод гаргаж борлуулдаг өндөр илчлэгтэй эрчим хүчний нүүрс юм” гэж “жиргэсэн” байдаг.

Харин энэ жилийн тухайд тус компаниас ирж байгаа мидлинг нь асуудалтай байгаа тухай эх сурвалжууд жиг жуг хийгээд эхэллээ.

Урьд жилүүдэд дээр хэлсэнчлэн баяжуулсан эрчим хүчний нүүрс өгдөг байжээ. Тэр нь илчлэгийн хувьд 6000-аас дээш калоритай байжээ. Харин энэ жил угаагаагүй, түүхий нүүрс ирэх болсон аж. Түүхий нүүрсний чулууг шигшихээс эхлээд ажил нэмэгдэж, тэр хэрээр чанарын асуудал яригдаж эхэлсэн байна. Хамгийн гол нь илчлэгийн тухайд 4000 калориос дээшлэхгүй болсон байгаа юм.

Хотын утаа нэмэгдсэний гол шалтгаан нь энэ болчихсон бололтой юм. Гэтэл “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар л гэхэд энэ талаар “дээш” нь, олон нийтэд хэлж чадаагүй байна. Айгаад, бас мидлинг үнэгүй өгч байгаа “Энержи ресурс”-ийг гомдоочихно гэж үздэг ажээ. Гэхдээ “...Угаагүй нүүрсээр түлшээ хийдэг болсон. Тэрнээс болсон гэж хардаж байгаа” гэж өөрөө ярина лээ. Гэсэн атлаа “...Үнэ хөнгөлснөөс болоод айлууд асар ихээр нь авч түлээд утаа нэмээд байна” гэх хөгийн мэдээлэл илгээж, сая Н.Уртнасан сайд л гэхэд тэрэнд нь итгээд “..Дрон нисгэж хянана” гэж мэдэгдээд айл руу зөвшөөрөлгүй орсон гэх мэтээр “обьект”-оо буруу сонгож дайраад уначихлаа.

М.Ганбаатарт янз бүрийн ашиг сонирхол, ярихгүй байх шалтгаан байсан гэж бодъё. Тэгвэл шахмал түлшний ийм түүхий эд буюу мидлинг ирээд байхад хяналт тавих ёстой субьектууд нь юу хийж байсан бэ гэдэг асуулт гарч ирнэ.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Уртнасанг сая чөлөөллөө. Н.Уртасангийн хувьд үндэсний хорооны даргын хувиар “Агаарын бохирдлыг бууруулах уур амьсгалын өөрчлөлт хөтөлбөр”-ийн төсвөөс шахмал түлшний үйлдвэрлэл, хяналт зэрэгт хангалттай мөнгө шийдэж өгчээ.

Тухайлбал, 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн А/12 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар 49.2 тэрбум төгрөг гаргасан байна.

- МХЕГ-ын дарга Т.Гантулгын мэдэлд “...Түүхий нүүрсийг хориглох шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хот руу орох гол чиглэлийн замууд дээр хяналт тавих, агаар бохирдуулах эх үүсвэрт хяналт тавихад дэмжлэг үзүүлэх” чиглэлтэйгээр 1.139.960.000 /Нэг тэрбум нэг зуун гучин есөн сая есөн зуун жаран мянга/ төгрөг,

-Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн мэдэлд “...Гэр хорооллын өрхийн цахилгааны шөний тарифийн хөнгөлөлтөд шаардагдах санхүүжилт” болох 15.853.100.000 /Арван таван тэрбум найман зуун тавин гурван сая нэг зуун сая/ төгрөг,

-“Тавантолгой түлш” ХХК-ийн М.Ганбаатарын мэдэлд “...Шаардлага хангасан сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх” зориулалтаар 26.012.200.000 /Хорин зургаан тэрбум арван хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг,

-Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазарын мэдэлд “...Орчны бохирдол бууруулах ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд хяналт тавих 4500 хүнийг найман сарын туршид ажиллуулах урамшуулал” гэж 2.7 тэрбум төгрөг

-НЗДТГ-ын мэдэлд “...Сайжруулсан түлш нөөцлөх, цэгт хүргэх тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлэх” хэмээн 511.900.000 /Таван зуун арван нэгэн сая есөн зуун мянга/ төгрөг зэргээр шилжүүлжээ.

Эндээс харахад ажлын хариуцлага хамгийн түрүүнд яригдах ёстой хүн нь “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар гэж болохоор байна. Тэрбээр гүйцэтгэх захирлын ажилтай. Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, төсөв санхүүг зарцуулдаг.

Бас энэ компанид ТУЗ байдаг. ТУЗ-ийн дарга нь одоогийн НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, гишүүдээр нь О.Одбаяр, Ш.Батсайхан, Л.Гүнбилэг, Н.Дэмбэрэл, С.Зоригт, Ц.Пүрэвхүү, Л.Одхүү нар ажиллаж байв. Он солигдоод юу болсныг бүү мэд. Нэг үгээр хэлбэл, хотын утаа нэмэгдсэнд хариуцлага хүлээх учиртай албан тушаалтнууд үлдчихээд байна.

Нөгөө талаас, төрийн хүнд суртал, авлига, албан тушаалын асуудалтай бараг л дайн зарлаж байгаагаа мэдэгдсэн Ерөнхий сайдын “хариуцлагын жагсаалт”-д хэр олон албан тушаалтан байгаа вэ, хаа хүртэл үргэлжлэх вэ гэдэг анхаарал татаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 14, 15 (6745, 6746)