Ц.МЯГМАРБАЯР

 

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар тус банкны  Гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцав. 

 

-Хөгжлийн банкийг Эксим банкны хэлбэрээр ажиллуулах болсон. Түүнчлэн байгуулагдсанаас хойш олгосон зээлийн 50 орчим хувь нь чанаргүй ангилалд орсон гэлээ. Зээлээ төлж чадахгүй байгаа хуулийн этгээдүүдийг хэзээ зарлах вэ. Барагдуулах талаас нь банкны зүгээс ямар ажлуудыг хийж байна вэ?

-Хөгжлийн банкийг цаашид Эксим банкны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахын тулд муу  активтай зээлүүдийг төлүүлж банкны хувьд эрүүл болох ёстой. Хөгжлийн банкийг 2011 онд байгуулсан.

Энэ хугацаанд  том үнийн дүнтэй, цөөн зээлийг санхүүжүүлсэн. Нийт 74 зээл олгосноос 53 хувь нь чанаргүй байна.  Монголбанкнаас  хийсэн шалгалтын дараа дээрх дүгнэлтэд хүрсэн. Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлүүдээ цэгцлэх шаардлагатай болсон. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд одоо мөрдөгдөж буй хуулиар зохицуулахад цаг хугацаа нэлээд шаардагдахаар байна. Өөрийн цахим хуудаст удахгүй муу зээлүүдийн талаарх мэдээллийн жагсаалтыг ил тод тавина. Банкнаас шүүхэд ханддаг. Нэлээд удаж байгаад шүүх хурал болдог. Үүний дараа давж заалддаг. Дараа нь Дээд шүүх рүү шилждэг. Гэтэл буцаагаад гомдол гаргах байдлаар анхан шатны шүүх рүү шилжүүлдэг. Ингэж явсаар эцэст нь Дээд шүүхээс шийдвэр гардаг. Хамгийн сүүлд буюу энэ сарын 14-нд  “Кью Эс Си” ХХК-тай холбоотой шийдвэрийг Дээд шүүхээс гаргасан. Үндсэн зээл, үндсэн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар буюу нийт 192.5 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд олгуулах шийдвэр гарсан. Ингэснээр дахиж давж заалдах эрхгүй болж байна гэсэн үг. Одоо уг шийдвэр 30 хоногийн дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар руу шилжиж улмаар гүйцэтгэх ажиллагаагаа хэрэгжүүлж манай өрийг төлүүлэх арга хэмжээ авна. Банкны зүгээс маш их санаа зовж байна. Нэлээн том дүнтэй олон жил болсон зээл. “Кью Эс Си” компани Засгийн газартай концессийн гэрээ хийсэн. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн бүх бүтээгдэхүүнийг зарж борлуулахаар ажилладаг. Уг нь концессийн гэрээгээр бол  Дарханы төмөрлөгийн үйлдвэрт Гангийн үйлдвэр  байгуулахыг гэрээгээр хүлээсэн юм билээ. Гэтэл энэ ажлаа огт хийгээгүй. Одоогоор төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь урагш гаргадаг. Сүүлийн жилүүдэд төмрийн үнэ өндөр байсан. Тэгэхээр нэлээд ашиг хийсэн гэж бид харж байгаа. Хуулийн хүрээнд Шүүхийн процесс явагддаг болохоор банкны зүгээс ийш тийш хэдэн бичиг цаас шидэхээс өөрөөр хурдлуулах  боломжгүй байна.  

-Цаашид танай банк үйл ажиллагаагаа хэрхэн эрчимжүүлэх вэ?

-Экспортыг өсгөхийн тулд бусад банктай хамтран санхүүжилт олгоод явна. Мөн мах, ноос, ноолуур гэх мэт экспортын бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шугамын чухам хаана нь гацаа үүсэж байгааг илрүүлэхэд анхаарч ажиллана.  Тухайлбал,  махны экспортыг нэмэхэд вакцинжуулалт, лаборатори, тээвэрлэлт гацаа үүсгэж байвал эдгээрийг шийдвэрлэх төслийг санхүүжүүлнэ. Барилгын салбарын тухайд арматур, цонх, шилээ импортолдог тул эдгээрийг дотоодод үйлдвэрлэх төслүүдийг дэмжих бодлого баримтална. Энэ мэтээр банкны үндсэн чиг үүргээ гүйцэтгээд явна. Гэхдээ арван  жилийн хугацаанд хуримтлагдсан чанаргүй активыг арай өөр хууль эрх зүйн зохицуулалтаар хийж дуусгах шаардлага үүсч байна.

Компани байгуулах амархан ч нөгөө талдаа компани дампууруулах процесс хүндрэлтэй гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлдэг. Өөрөөр хэлбэл, “икс” тайлан гаргадаг олон  компани байдаг. Татан буулгах гэхээр болдоггүй. Үйл ажиллагаа явуулах гэхээр бүртгэлтэй байдаг.  Үүнтэй адил банкны системд ийм байдал үүсчихсэн. Ялангуяа Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийн тал хувь нь  муудчихсан. Энэ нь  янз бүрийн шалтгаантай. Заримд нь авлигын хэрэг үүсэж АТГ шалгаж байгаа бол нөгөө нь  хэн нэгэн  нөлөө бүхий хамааралтай этгээдүүдтэй холбогдсон гээд шийдвэрлэхэд  хүндрэлтэй байдал үүссэн. Тэгэхээр энэ бүгдийг цэгцлэхгүйгээр банк үндсэн ажлаа хийх боломжгүй болж байна. 2023 оноос Самурай бондын өрийн эргэн төлөлт эхэлнэ. Олон улсын зах зээл рүү  бондын эргэн төлөлтөө хийж эхлэх ямар нэгэн  акц хийх боломжгүй болж байна. Мэдээж активын 53 хувь нь чанаргүйдсэн банкийг ямар ч олон улсын байгууллага хүлээж авахгүй байх магадлалтай.

-Актив удирдлагын компанийн  тухай хууль батлагдахгүй хойшилсоор байна?

-Сангийн яамтай хамтарч зөвхөн Хөгжлийн  банканд зориулсан  Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг боловсруулж бэлэн болгосон. Энэ хуулийг дагалдуулж Шүүхийн процессийн хууль, Хөгжлийн банкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Хуулийн гол санаа нь Засгийн газрын өмчид тусгай эрхтэйгээр шүүхийн хугацаа шаардсан байдлыг халж шууд барьцаа хөрөнгийг хурааж авч зарж борлуулах акцыг шуурхай хийж муудсан зээлийг хурдан шийдвэрлэх эрхтэй компани байгуулагдах юм. Ийм хуульгүйгээс  өнөөдөр манай банкны хууль эрх зүйн хүрээнд хийх ажил хумигдмал. Их цаг хугацаа алдахаар байна. Нөгөөтэйгүүр, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийх ажилд оролцож чадахгүй. Мөн ирэх онуудад төлөх бондын эргэн төлөлтийг барагдуулах дэлхийн зах зээлийн тааламжтай  цонх үеийг ашиглах боломжгүй болж байна. Ялангуяа, дэлхий дахинд инфляц үүссэн энэ үед  АНУ-ын Төвбанк хүүгээ өсгөх магадлалтай байгаа. Хэрэв энэ хүү өсвөл олон улсад бондуудын хүү нэлэнхүйдээ өсөх магадлалтай. Тэгэхээр энэ үйл явцыг эхлэхээс өмнө бид хурдан хөдлөх шаардлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 14, 15 (6745, 6746)