Ч.ОЛДОХ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Covid-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,  хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц, зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл, агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээ, төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай зэрэг 34 асуудал хэлэлцжээ.  Хуралдааны дараах мэдээллийн цагаар салбарын сайд нар хэлэлцсэн асуудалтай холбоотой  мэдээлэл өгч байна.  Хяналты шалгалтын асуудлаар  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  "Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл буюу гурван жилийн хугацаанд үйлчилнэ. Тодруулбал, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Гааль, татварын шалгалт, Эрүүл мэндийн үйлчилгээний болон нийгмийн даатгал, хүүхэд хамгааллын чиглэлээрх шалгалт зогсохгүй. Харин эдгээрээс бусад буюу ААН, байгууллагын үйл ажиллагаа, бизнес эрхлэхтэй холбоотой төлөвлөгөөт хяналт шалгалтууд дээрх хууль батлагдсанаар зогсоно. Гэхдээ иргэдийн гомдол саналд үндэслэсэн шалгалтууд хийгдсээр байх болно" гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn