Сургуулиудад 1.2 тэрбумаар цахим контент бүтээх бичил студи байгуулна

0
хуваалцах
220
үзсэн

С.УЯНГА

 

Баасан гаригийн чуулганд Боловсол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар" танилцуулав.

Цар тахлын улмаас сургууль хаагдсанаар дэлхийн 190 орны 1.6 тэрбум хүүхэд буюу сургуулийн насны нийт хүүхдийн 90 хувь нь танхимаар суралцах боломжгүй болсныг ЮНЕСКО мэдээлсэн. Үүнээс үүдэн 24 сая хүүхэд сургууль завсардах, 370 сая хүүхэд үдийн хоолгүй, 17 их наяд доллар ирээдүйн орлогоос алдагдаж, есөн сая хүүхэд 2022 онд хөдөлмөр эрхлэх нөхцөлд хүрээд байна. Хэрэв цар тахлын хоригийг боловсролын салбарт үргэлжлүүлбэл хүн төрөлхтний нэг үе ирээдүйд амьдралын чанар, бүтээмж, орлогоор бусад үеэс хоцрох эрсдэлтэй байгааг Дэлхийн банк  тайландаа дурджээ. Танхимын сургалт урт хугацаагаар хаагдаж, зайн, цахим хэлбэрт шилжсэн энэхүү үзэгдлийг ЮНЕСКО дан ганц хичээл, сурлагын хоцрогдол бус, айдас, түгшүүр, сэтгэл санааны хямрал давхацсан “Нэгэн үеийн сүйрэл” хэмээн тэмдэглэж байгааг  Боловсролын сайд нарын өндөр хэмжээний уулзалтын үеэр тодорхойлжээ.

Зайн сургалтын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Зайн, цахим сургалтад шилжсэн цаг үед тэгш, хүртээмжтэй боловсролын үйлчилгээг хүүхэд бүрд хүргэхэд багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчийн хамтын ажиллагааг дэмжихэд бүх талын оролцоо, дэмжлэг чухал байсан. Гэхдээ хүүхдийн амьдарч буй орчин, байршил, гэр бүлийн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, амьдрах хэв маягаас шалтгаалан зайн, цахим хичээлийн хүртээмж, чанар бидний бодсон шиг байж чадсангүй. Тухайлбал, эрчим хүчний хангамж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хүртээмжгүй байдал болон бусад шалтгаанаар алслагдсан бүс нутагт амьдарч байгаа өрхийн 178.5 мянган сургуулийн хүүхэд теле болон цахим сургалтад хамрагдах боломжгүй байдалд хүрсэн.  Энэ нь биднийг цахим, зайн сургалтаас гадна өөр хувилбаруудыг бий болгох хэрэгтэйг илтгэж байна. Цахим, зайн сургалтын чанар хангалтгүй байсныг эцэг эх, асран хамгаалагч шүүмжилж байна. Багш нарын мэдээлэл харилцаа, технологийн ур чадвар, сургалтын нэгдсэн дэд бүтэц харилцан адилгүй байсан нь чанар хангалтгүй байхад нөлөөллөө. Яамны зүгээс боловсролын цахим шилжилтийн хүрээнд сургалтын нэгдсэн платформыг хөгжүүлэх, багш нарын цахимаар ажиллах чадавхыг сайжруулах, цахим агуулга, хэрэглэгдэхүүний стандарт, шаардлагыг боловсруулахаар ажиллаж байна” гэв.

Үндэсний хэмжээнд цахим сургалтын платформ бий болгож түүгээр дамжуулан бүх нийтэд зориулсан цахим контент боловсруулах, сургалтад ашиглах зорилгоор MEDLE.mn платформыг өнгөрсөн оны зургадугаар  сараас эхлэн хөгжүүлж байна. Одоогийн байдлаар энэ платформд 1-12 дугаар ангийн 419 хичээл байршиж, 1.0 сая иргэн хандсан. Цахим контент бэлтгэх, цахим хичээлийн санг бүрдүүлэх, баяжуулах, сургалтад мэдээллийн технологийг бүрэн ашиглах, гэнэтийн болон давтагдашгүй хүчин зүйлийн үед хичээл, сургалтын бэлэн байдлыг хангах зорилгоор улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 21 аймаг, нийслэлийн боловсролын газар, ерөнхий боловсролын 45 сургуульд цахим контент бүтээх бичил студи байгуулах ажлыг эхлүүлээд байна гэдгийг Л.Энх-Амгалан сайд мэдээлэлдээ дурдав. Мөн хоцрогдлыг нөхөх арга хэмжээг 3R буюу эргэн холбох, нөхөх, тогтворжуулах гэсэн гурван  шатлалтайгаар 2021-2023 онд хэрэгжүүлэх юм. Энэ арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 373.0 тэрбум төгрөг шаардагдаж байгаа аж.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  гишүүдийн асуултад хариулахдаа “2021 оны хичээлийн жилийн онцлог нь “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгосонтой холбогдуулан 1-5 дугаар ангийн 371 мянган хүүхдэд үдийн хоолоор үйлчилж эхэлсэн. Нэг хүүхдэд ногдох хоолны зардал 900 төгрөг байсныг Засгийн газраас 1500 төгрөг болгосон. Гэхдээ нэг хүндрэл байгаа. Ялангуяа нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 70 гаруй хувь нь түрээсийн гал тогоотой байна. 1500 төгрөгт тооцоо судалгаа хийж үзэхээр 800-900 төгрөг нь түрээслэгчдийн халаасанд орж байна. Үүнийг шат дараатайгаар сайжруулна” гэдгийг хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 6 (6738)