Б.ДАМДИН-ОЧИР

 

Хэдэн жил яригдсан Орос Хятадын байгалийн хийн хоолой Монголоор дамжих асуудал шийдлээ олж эхэллээ. Өнгөрсөн оны сүүлчээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Орост айлчлахын өмнө тодорой яригдаж, ТЭЗҮ боловсруулах ажилдаа орсон.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орост очиж, 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд тус улсын ерөнхийлөгч В.Путинтай уулзсан.

Тэр үеэр “...Оросоос Хятадад байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлэхээ нотолсон” талаар талууд албан ёсоор мэдээлсэн. Улмаар Хамтарсан тунхаглалдаа “...Талууд ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлнэ” гэж оруулжээ. Тэгвэл манай Ерөнхийлөгчийн Орост хийсэн айлчлалаас яг сарын өмнө 2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд Хятадын Jinzhou News Media Industry /Group/ Co.,Ltd-ийн албан ёсны сайтад хийн хоолойн талаарх нэгэн нийтлэл хэвлэгджээ.

“..Хятад Оросын байгалийн хийн төсөл эцэслэн шийдэгдлээ. Харин Оросын зүгээс хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулахаар зүтгэж байна. Энэ ямар учиртай вэ” гэсэн гарчиг бүхий уг нийтлэлд хийн хоолойг Монголоор дайрах болсноос хойш урд зүгээс гарах болсон мэр сэр мэдээлэл, мөн энэ талаар дуугардаг бусад байр суурьтай ижил байсан нь анхаарал татсан юм.

Нийтлэлийг утгачилбал “...Эрчим хүч бол дэлхийн бүх улс орны хувьд чухал нөөц боллоо. Ялангуяа цар тахлын дараах эдийн засгийн хөгжлийн үед, бас байгаль орчныг хамгаалахтай холбоотойгоор улс орнуудын байгалийн хийн эрэлт хэрэгцээ улам эрчимжиж байна. Өдгөө дэлххийн хэмжээнд эрчим хүчний хямрал нүүрлээд байна. Манай улс /Хятад/-ын хувьд өмнө нь ийм асуудалтай тулгарч байсан. Гэвч Оросоос томоохон тусламж үзүүлж тэрхүү хямралыг намдаасан. Одоо Хятад, Оросын байгалийн хийн төсөл эцэслэн шийдэгдээд байна. Ингэснээр манай улс руу илүү их байгалийн хий нийлүүлэх болж байгаа юм. Харин Оросын тал хийн хоолойг заавал Монголоор дамжуулахаар зүтгэж байгаа нь ямар учиртай вэ” гэж “асуусан” байна.

Ингээд “..Хятад Оросын эрчим хүчний хамтын ажиллагаа”-ны талаарх дэд хэсэгтээ “...Сүүлийн жилүүдэд Орос эдийн засгийн хувьд Америзийн дарамтад ихээр өртсөн. Гэвч Оросын экспортолдог эрчим хүчний үнэ хямд учраас олон улстай тогтвортой худалдаа хийж ирсэн. Энэ нь тус улсыг эдийн засгийн уналтад орохоос сэргийлсээр ирсэн юм.

Гэсэн хэдий ч Орос Европын орнуудтай эрчим хүчний худалдаа хийх явцад Украинаар дамжин өнгөрдөг хийн хоолой үргэлж ямар нэг асуудал дагуулдаг. Украин нь Америкийг дэмжигч орон. Тиймээс энэ хоолойгоор дамжуулан Орос руу “арслан” амаа томоор ангайж болзошгүй. Энэ нь Орос, Европын хоорондын эрчим хүчний худалдаа өргөжин тэлэх боломжийг боомилж буй. Одоо Орос, Европын хооронд “Хойд урсгал” нэртэй байгалийн хийн хоолой тавигдсан. Үүнийг хоёр талын эрчим хүчний худалдааны нэг гол суваг болгох аж.

Харин Хятад улс Оросын хөрш орны хувьд хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай. Тиймээс эрчим хүчний томоохон хамтын ажиллагаатай. Дэлхийн эрчим хүчний хямралын үед ч Оросоос манай улсад удаа дараа их хэмжээний байгалийн хий нийлүүлж байв. Чухамдаа энэ л манай улсыг байгалийн хийн хямралаас гарахад тусалсан. Тэр үед Европын орнууд байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг Оросоос удаа дараа хүсч байв. Ийм үедээ Оросын тал Хятад руу байгалийн хий тээвэрлэх хоёр дахь хоолойг барих талаар чухал мэдээ дуулгасан юм. Хэрвээ энэ хийн хоолойг амжилттай ашиглалтад оруулж чадвал Хятад, Оросын эрчим хүчний худалдаа мэдэгдэхүйц нэмэгдэх болно” гэжээ.

Мөн “...Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулах гэж зүтгээд байна вэ” гэсэн дараагийн хэсэгтээ “...Оросын тал дээрх хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулна гэж зүтгэсэн. Ийм шаардлага тавьсан гэхэд болно. Гэтэл өнгөрсөн хугацаанд Орос, Европын байгалийн хийн хоолой гуравдагч орон болох Украинаар дамжсан. Энэ нь олон асуудал дагуулсан. Хийн хоолой гуравдагч орноор дамжих нь тийм ч сайн зүйл биш гэдгийг харуулсан. Тэр утгаараа Хятад, Оросын хооронд хийн хоолойг шууд барих нь харьцангуй найдвартай. Тэгвэл Орос яагаад хийн хоолойг Монголоор дамжуулна гэсэн байр сууриа ийм тууштай хамгаалж байна вэ.

Шалтгаан нь маш энгийн. Оросын хувьд Монголыг өөртөө татах хүсэлтэй байгаа юм. Монгол, Оросын харилцаа сүүлийн жилүүдэд дахин сайжирч байгаа. Гэвч Монгол бол Америкийг дэмжигч улс. Тийм учраас Монголыг өөртөө татах нь Оросын хувьд чухал юм.

Ер нь бол Монгол, Оросын харилцаа харьцангуй сайн. Мөн Монгол нь Оросыг амархан оролдож зүрхлэхгүй учраас хийн хоолойг Монголоор дамжуулчихвал Орос тайван байж болно гэсэн үг. Гэвч энэ нь манай улсын хувьд таатай мэдээ биш. Тэгэхээр манай талаас хийн хоолойг хоёр улсын хооронд шууд барих найдвар тасраагүй байна.

 Гэхдээ Монгол Улс 2024 оноос эхлээд Хятад руу байгалийн хий тээвэрлэх хоолой барихаар төлөвлөж байгаа юм байна. Үүнийхээ бэлтгэл ажилд хоёр жил зарцуулах аж.

Нэгэнт байдал ийм дээрээ тулбал манай улс ч бэлтгэлээ базааж, байгалийн хийтэй холбоотой учирч болзошгүй эрсдэлийг таслан зогсоох ёстой. Нөгөө тал хэзээ Америкийн талд орохыг хэлэх боломжгүй. Америкийн хандлагаас харахад эрчим хүчний тал дээр гацахыг урьдчилан таамаглаж болох юм. Иймд манай улс өөрийн эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалахын тулд Монгол Улстай зарим шаардлагатай заалтад гарын үсэг зурах ёстой. Ингэснээр Монгол Улс ч цаашид үүнээс ашиг хүртэх боломжтой юм” гэж бичжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 2 (6734)