Зохиолч Ц.Түмэнбаяр

 

Одоогоос 15 жилийн өмнө Бадамжав миний өрөөнд орж ирээд: “Би өмнөхөөсөө шал өөр онцгой нэг роман бичих гэж байгаа. Нэр нь Модон сахалт” гэж хэлж байсныг тод санаж байна. “Хачин л нэртэй юм” гэхэд: “Та романыг уншсаны дараа л яагаад ийм нэр өгснийг ойлгоно” гэж билээ. Тэр роман их удаж “төрлөө”.

Гэвч Бадамжав минь автын осолд орлоо. Дайрсан, зодсон машин нь, хүн нь ч олддогүй гэнэ. Олдохгүйдээ биш олохыг хүсэхгүй байгаа цагдаагийнханд учир нь бий. Үүнийгээ зөгнөсөн юм шиг сонин роман бичжээ.

Хийсвэрлэл, хэт хийсвэрлэл, ургуулан бодох хэтрүүлэг, зүүд зөнгийн, үлгэр домгийн гэмээр адилтгал зүйрлэл, үйл явдал арвин. Гэхдээ хүний тархи, ой ухааны бодож олох хэмжээ хязгаарыг зарим тохиолдолд давж гарсан юм уу гэмээр хэт гүнзгийрсэн хийсвэрлэл цөөнгүй. Гагцхүү түүнээсээ чадамгай буцан гарч, бодит амьдрал дээр бууж ирэхдээ учир шалтгааны холбоосыг огтхон ч алддаггүй нь Маркесийн “Зуун жилийн ганцаардал”-ыг санагдуулдаг. Бадамжав тухайн дүр, орчин нөхцөлөө шууд хэлэхээс зайлсхийсэн далд утга санаагаа тэс өөр сэдэл сэрэл, мэдрэмжээр илэрхийлэхдээ иймэрхүү хийсвэрлэл, хэтрүүлгүүдийг оновчтой хэрэглэдэг нь манай бусад зохиолчийн урлах аргаас эрс өөр. Үүнийг түүний авьяасын охь, ур чадвар гэхээс өөр юу гэх билээ. Энэ нь зөвхөн “Модон сахалт”-д ч бус “Амуль” тууж, “Дайсику” романд нь ч бий.

Н.Бадамжавын зохиолууд ихэвчлэн хөдөөгийн буйд тосгоны хүн зоны амьдрал боловч нүүдэлчнийх биш. Зохиолынх нь үйл явдал өрнөх гол дэвсгэр нь манай говийнхны түгээмэл бичдэг өргөн уудам талын оронд ширэнгэн ой, далай тэнгис, мөсөн гол, эдүгээ болтол нээгдээгүй энэ ертөнцийн хаа нэгтээх үл мэдэгдэх “Саниковын газар /Владимр Обручевын/” байна. Таван хошуу малын оронд загас, зарь, нохой хөлөг, үнэг, эрвээхий, гол баатрууд нь хөдөөгийн малчин эсвэл эрдэмтэн, сэхээтэн, дайчин баатруудын оронд загасчин, худалдаачин, гарал угсаа нь үл мэдэгдэх элдэв араншинтай хүмүүс, ахуй амьдрал нь цаатан, тува, эвэнх, түнгүс овогтны салаа салбар ч юм уу гэмээр тайгын хэв маягтай байдаг. Цаг үе нь тодорхойгүй, баатруудын нэр нь ч этгээд. “Модон сахалт” ч мөн тийм юм. 

Бадамжавын “Модон сахалт” роман нь ардын аман зохиол, өрнөдийн уран зохиолын янз бүрийн зохиомжуудын холимог шинжийг агуулжээ. Жишээ нь, Манай ардын аман зохиолд “Уулгүй талд, усгүй цөлд, засаггүй ноён, цусгүй байлдана” хэмээх шатрын нүүдлийг зурагласан оньсого байдаг. Эндээс Арсуны Модон сахалттай шатар нүүх үеийн сэтгэл зүйн зөрчлийг харуулах гол санаагаа авчээ гэтэл бас шатрын хөлөг дээрх ноён, бэрс, морь, хүүдийг амилуулан тулалдуулсан нь өрнөдийн өөрөөр хэлбэл, Германы зохиолч  Е.Т.А.Хофманы “Цөмөөхэй ба хулганын хаант улс” зохиолоос сэдэвлэсэн бүжгийн жүжигт гацуур модон дээрх тоглоомууд амилан бүждэгтэй адил зохиомж юм.

Жүжгийн зохиолч учраас дүрийн өнгө төрхийг тод гаргадаг. Зургаар бол имперсионист гэж хэлж болохоор. Иймээс “Модон сахалт”-д гарч байгаа үзэгдэх тэдий өнгөрөх жижиг дүр ч үүрэг нь тодорхой. Модон сахалтын өвөрт үнэгчлэх үнэгний бяцхан гавар, шатрын өрөг дээрх бэрс, морь гэх мэт. 

Зигмунд Фрейдийн зүүд нойрны тухай сэтгэл зүйн тайлбарыг Бадамжавын романтай уялдуулан жишээлж болмоор. Тус романд гарч байгаа хийсвэр сэтгэлээс ургуулсан үнэг, эрвээхий, шатрын “гишүүд” нь зүүдний үзэгдэл гэмээр сюрреализмыг гүн шингээсэн хэдий ч, бодит амьдралыг хурц тод өгүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.  Сюрреализмын тунхагт дурдсан бодит буй юм.

Болсон хэрэг явдлыг энэ орчлонд байдаггүй. Болох учиргүй хийсвэр чанарт хувирган хүргэж дүрслэн бүтээх нь туурвил зүйн үндсэн арга, ёс түүний зохиолд гүнзгий илэрнэ. Үнэн худлын завсар дахь зэрэгцээ ертөнцийг мэдэрснээ төсөөлж, хийсвэрлэн урлахдаа хүний сэтгэл хөдлөлийн торгон утсыг ямар үг, дүрслэл, үйл явдлаар доргиож өгөхөө нарийн бодож олжээ. Яг л Испанийн зураач Сальвадор Далийн зургийг санагдуулна. Түүний нэг жишээ нь Арсуны эр хүн болж буй үйл явдал юм.

Охид, хөвгүүдийн шилжилтийн насны өөрчлөлт гэдэг ихэнхийнх нь хувьд хожим ямар хүн болох төлөвшлийг тодорхойлж өгдөг. Энэ шилжилтийн онцлог нь охидоос илүү хөвгүүдэд хурц илэрдэг. Тэр илэрлийг Арсуны могойн яр, түүнтэй учирсан увайгүй бүсгүй, бэлгийн хүчирхийлэлд өртсөн эр эм, ямар ч хүний сэтгэл зүйд гүнзгий үлддэг шарх, бүсгүйчүүдэд болон ээждээ хандах хандлагын өөрчлөлтөөс харж болно. Энэ бол эрэгтэй хүүхдийн дууны өнгө бүдүүрэх, суганд нь үс ургах, сахал цухуйхаас арай өөр илэрхийлэл. Насан туршдаа хүсэмжлэн таашаах ад шингэсэн сэрэл мэдрэмжээ анх харгис хатуу, уян зөөлөн аль ч байдлаар амссан байлаа гэсэн эмэгтэй, эрэгтэй ямар ч хүний хувьд нэг их таатай санагддаггүй. Цоо шинэ, хэн нэгэнтэй хуваалцахын аргагүй цочролд ордгийг хэдхэн өгүүлбэрээр зураглаж чаджээ. Арсуны хувьд энэ цочрол хувь заяанд нь таатай нөлөөлөөгүй нь романы үйл явдлын туршид илэрнэ. Өсвөр насны хөвгүүдийн жаргал, зовлонг эцэг л мэднэ. Охидынхыг эх л мэднэ. Эх хүн хүүгээ ойлгохыг хэчнээн их хүсэж, хэдэн шөнөөр ч нойргүй шаналсан нэмэргүй. Хувь заяанд нь залбираад бурханд даатгаад, мөрөөр нь орхихоос өөр аргагүй гэдгийг тун тодорхой товчхон гаргажээ.

Далд ухамсрыг ихэвчлэн сүсэг бишрэл, шашны зан үйлээр илэрхийлэх явдал манай зохиолчдод түгээмэл хэдий ч Бадамжавын зохиолд Христийн, Лалын, Буддын хэмээх хүн төрөлхтний гурван их шашны үлгэр домгийн хэлтэрхий цухас үзэгдэхээс биш аль нэг шашны гүн ухаан, түүний “шугам” байхгүй, бөө мөргөл юм уу гэтэл бас л биш. Зохиолын төгсгөлд Арсуныг “салхиар ундаалж, үнэрээр хооллодог” тийм ертөнцөд очихыг өгүүлсэн нь Буддын шашны утга санаа гэмээр боловч байгалиа сүслэн бишрэх зүрх сэтгэлийнхээ тушаал дээр өөрийнхөө хийсвэрлэл, хэтрүүлгийг итгэл үнэмшилтэйгээ хослуулан нэмжээ хэмээн санагдана.

Хүн төрөлхтний зөвхөн өнөө маргаашийн амиа хоохойлж хувиа хичээсэн явуургүй араншин, мухар сүсэгт автан, юу ч мэдэхгүйгээ гайхуулсан “дүлийдээ найдаж унгараг”-ийн үлгэрийг гаргахдаа, юу юугүй дэлбэрэхээр лугшиж буй галт уулын лаван дээр суучихаад, мөнхийн ус уусан юм шиг гаднаас ирсэн цагаачдыг ад үзэн доромжлох өнөөдөндөө байгалийнхаа баялагт гулгиж буй “Цагаан хот”-ынхны яравгар дээрэнгүй, мулгуу өрөвдөлтэй хүмүүсээр төлөөлүүлжээ. Арсун өөрийн төрсөн орчин ахуй, тэнд болж буй хоцрогдол доройтолд гутрахдаа, баян чинээлэг хэдий ч юунд хүрэхээ мэдэхгүй, мэдэхийн ухамсар ч үгүй тэнэглэлийн ертөнц буюу Цагаан хотод очихыг хүсэж байгаа амьдралын ямар ч зорилгогүй хүн л шийдэж болох адын мөрөөдөлдөө хөтлөгддөг.

Түрийнийх нь бөөс толгойд гарсан төр, дампуурал сүйрлийн ирмэгт ирсэн улс орны түгээмэл үзэгдэл болох архидалт, утга учиргүй найр цэнгээн, хувиа хичээсэн жалгын үзэл, завхайрал, авлига, хээл хахуульдаа ялзарч, аврахын аргагүй гүнзгий намагт шигдэж буйг Арсуны өссөн болон очсон газар орон, туулж буй амьдрал, түүний гутрал цөхрөлөөр илэрхийлжээ. Тэр өөрөө ч тэдний нэг болдог.

Хүн төрөлхтөн түүхэн хөгжлийнхөө явцад “шинэчлэл, өөрчлөлт урьдахаас илүү жаргалтай сайхан амьдралд хүргэнэ” хэмээн ямагт итгэж хуучнаа тасчин хаяж, шинэ хот, нийгмийн шинэ тогтолцоог бүтээсэн ч, чухам байгалиа сүйтгэж, байгалийнхаа жам ёсноос холдох тусам улам харгис хэрцгий болж, сүйрлийнхээ ирмэг рүү шахагдаж буйг өнөө л хүний сувьдаг сэтгэл, хувиа хичээсэн ялзрал нь нарийсан гүнзгийрсээр буй Цагаан хот, тэнд болж буй үйл явдал, дүрүүдийн өсөлтөөр үзүүлжээ.

Энд гагцхүү үнэнч хайр сэтгэл ямар ч тохиолдолд зөвхөн үрээ гэсэн эхэд л байдаг гэдгийг Арсуны ээжийн хүүгийнхээ ирээдүйн төлөөх зовнил, цөлөгдсөн бүсгүй эрлийз хүүгийнхээ төлөө үхлийн дайтай бэлгийн харгислалыг ч шүдээ зуун тэсч буй зураглалаар гүнзгий сэтгэгдэл төрүүлэхээр бичиж чадсан байна.

Хорвоогийн гашуун үнэнд гүйцэгдсэн хүний амьдралаас уйдсан төрх нэн ялангуяа, өөрийнхөө дотоод мэдрэмжийг хэнээс ч нуухгүй илэрхийлсэн зоригтой алхмууд “Модон сахалт”-аас илт мэдрэгддэг.

Ер ихэнх зохиол нэг л төгсгөлтэй  байдаг. Гэвч Бадамжавын зарим зохиол тэр тусмаа роман нь зэрэгцсэн хоёр төгсгөлтэй байх нь бий. Энэ бол гол баатрын бие нь биологийн хувьд нэг замыг туулж байхад харин сэтгэл зүрх нь өөр нэг замаар явсаныг илэрхийлж буй хэмээн бодоход хүргэдэг. “Модон сахалт” ч мөн ялгаагүй түүний бие, амин сүнс хоёр нь аль эрт салж тус тусын замаар явж буйг уншигч төвөггүй ойлгох биз ээ.

Бадамжавын хувьд үг үсгийн болон найруулгын зарим нэг алдаа үндсэн утга агуулга, зохиолтой нь харьцуулахад юу ч биш биз ээ. Гэвч өрнөдийн нэгэн сонгодог зураачийн натюрмортыг санагдуулж буйг хэлэхээс аргагүй. Тэр зургийг Бадамжав сайн мэднэ. Ер нь Бадамжавын зохиолуудыг уншихад яагаад ч юм надад дундад зууны, өрнө дэх сэргэн мандалтын үеийн уран зургуудыг үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Зурагт шим шүүс нь гүйцэж боловсорсон бэлцгэр жимснүүд царан дээр овоолоостой харагддаг. Өрөө тасалгааны ахуй нөхцөл нь ч зохицсон гэж жигтэйхэн, маш тансаг. Гэтэл хамгийн гоё, юу юугүй хагарах нь үү гэмээр гэрэлтсэн жимсэн дээр, чимхээд хаячихмаар сэтгэгдэл хэнд ч төрөхүйц ганцхан том хар батгана сууж байдаг. Хэчнээн арааны шүлс асгарам гоё жимснүүд ч гэлээ тэр батганыг харсан хэний ч, жимсийг амтлах дур хүсэл салхинд хийсэх мэт ор мөргүй алга болно. Энэ жишээ ганц Бадамжавт ч бус бусад зохиолчдод, зарим үед надад ч хамаатай байдгийг нуух юун.

Эцэст нь хэлэхэд Норвегийн нэрт зураач Эдвард Мүнк “...Урлагийг хүн зүрхнийхээ цусаар бүтээдэг” хэмээн хэлсэнчлэн Н.Бадамжав “Модон сахалт”-ыг зүрхнийхээ цусаар бичсэн төдийгүй энэ роман нь өнөөгийн нийгмийн далд ухамсрыг илчлэхдээ Монгол романы  сюрреалист чиглэлийн сонгодог жишээ болжээ хэмээн хэлэхэд хол зөрөхгүй биз ээ.

 

2021.12.25

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.28 МЯГМАР № 255 (6732)