Л.Алтансүх: Мэргэжлээ буруу сонгох нь эдийн засгийн хохиролтой

0
хуваалцах
730
үзсэн

Ц.МЯГМАРБАЯР

 

Монголын цахим институтын захирал, судлаач Л.Алтансүхтэй мэргэжил сонголтын талаар ярилцав.

 

-Мэргэжлээ зөв сонгохоос тухайн хүний амьдралын чанар шалтгаалах байх. Тиймээс мэргэжил сонголтод зайлшгүй анхаарч хөрөнгө мөнгө зарах тухай ч бас ярьж байна. Танай институт энэ тал дээр сүүлийн жилүүдэд нэлээд анхаарч ажиллаж байгаа гэж байсан?

- Чухал сэдэв хөндөж байгаа танай сонинд талархая. Хүн амьдралдаа олон сонголттой мөч бүхэнд таарч байдаг. Энэ бүхнээс хамгийн чухал хоёр сонголтыг нэрлэж болно. Энэ нь ханиа, мэргэжлээ сонгох юм. Мэргэжлээ онож сонгоогүй, амжилт тааруутай хүнд ямар хань олдохыг та лав надаар хэлүүлэлтгүй төсөөлж байгаа байх. Иймд хүний амьдралын хамгийн чухал  сонголт болох мэргэжил сонголтыг хэрхэн зөв, оновчтой хийх вэ гэдэг асуудалд хүн бүр анхаарч, цаг зав гаргаж, хөрөнгө санхүүг зарцуулах хэрэгтэй байгаа юм. Энэ таны ирээдүйн хүсэл зориг, цаг хугацаа, санхүүгийн томоохон алдаанаас урьдчилан сэргийлэх ухаалаг алхам болно. Манай улс хүний хөгжлийн индексээр олон улсын түвшингээс доогуур бөгөөд сүүлийн жилүүдэд ямар нэгэн ахиц өөрчлөлт гарахгүй, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж гадаадад гарч ажил хийхээс өөр гарцгүй нөхцөлд амьдарцгааж байна. Үүний үндсэн шалтгааныг харах хэрэгтэй. Их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад суралцаж байгаа оюутнууд  өөрт тохирсон, мэргэжлээ сонгон суралцаж чадаагүйгээс хөдөлмөрийн зах зээлд чанартай хүний нөөц нийлүүлэгдэж чадахгүй байна.

-Мэргэжил сонголтын талаар ямар судалгаанууд байдаг вэ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын институтээс гаргасан “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа-2020”-д  тодорхой цаг хугацаа хөрөнгө зарцуулан эзэмшсэн мэргэжилдээ дургүй, тохирохгүй өөр чиглэлийн ажил хийх байдал Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг төгссөн хоёр төгсөгч тутмын нэгд их, дээд сургууль төгссөн 10  төгсөгч тутмын гуравт тохиолдож байгаа нь анхаарахгүй орхиж болохгүй үзүүлэлт юм” гэжээ. Мөн Монголын оюутны холбооноос хийсэн судалгаагаар “Жилд 30 орчим мянган оюутан төгсөж тэдний гуравны нэг нь  мэргэжлээрээ ажил эрхэлдэг гэсэн байна. Мэргэжил сонголт болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох,  зөвлөх үйлчилгээг жилд дунджаар 20 гаруй  мянган иргэнд хүргэдэг ч эцсийн үр дүн нь хөдөлмөрийн зах зээл дээр 30 хувь нь сонгосон мэргэжилдээ дургүй, 70 хувь нь  мэргэжлээрээ ажилладаггүй” гэсэн байна. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2016 онд 245475 оюутнаас авсан судалгаагаар 60 хувь нь мэргэжлээ солих буюу өөр мэргэжлээр сурах бодолтой байна гэжээ.Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс гаргасан “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа-2017”-д  “Их дээд сургууль болон МБСБ төгсөгчдийн 45.7 хувь нь сонирхсон мэргэжлийн дагуу тухайн сургуульд элсэн суралцсан бол 15.3 хувь нь багш, эцэг эх санал болгосон, 9.5 хувь нь элсэлтийн босго оноо, суурь боловсролын дүн сургуулийн шаардлагад таарсан шалтгаанаар сургуулиа сонгон суралцжээ. Иймд “Монгол Улсын суурь боловсролын тогтолцоонд өсвөр үеийнхэнд ажил, мэргэжлийг таниулан ойлгуулах, мэргэжлийг хэрхэн зөв сонгох талаарх зөвлөгөө мэдээлэл өгөх, хувь хүний зан төлвийн онцлогийг таньж мэдэх, хөдөлмөрийн зах зээл дэх мэргэжлийн эрэлт, нийлүүлэлттэй холбоотой мэдээллээр хангах сургалтын агуулга, хөтөлбөр хангалтгүй байдаг нь харагдаж байгаа юм. Тиймээс мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй залуус, нөгөө талаас мэргэжлийн үл нийцэл буюу зах зээлд эрэлт багатай мэргэжил эзэмшсэнээс улбаалж ажилд орж чадахгүй  үзэгдэл нэлээд байна” гэж дурдсан байдаг.

-Тэгвэл дургүй мэргэжлээрээ сурч төгссөний эдийн засгийн тооцоог нь гаргаж үзэв үү?

-Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2016 онд 245.475 оюутнаас авсан судалгаагаар 60 хувь нь мэргэжлээ солих буюу өөр мэргэжлээр сурах бодолтой байна” гэсэн судалгааны эдийн засгийн тооцоог гаргавал мэргэжлээ солих бодолтой байгаа 150 мянган оюутныг сургалтын дундаж төлбөр, оюутны жилийн зардал нийлээд таван сая төгрөг болно. Үүнийг дөрвөн жилээр үржүүлэхэд гурван  их наяд төгрөг болж  байгаа юм. Энэ их үнэ цэнтэй мөнгийг дөрвөн жил тутам үр дүнгүй, салхинд хийсгэж байна гэсэн үг. Бусад хөгжингүй орон  хүүхдүүдийг бага наснаас нь төрөлх ур чадвар, авьяас, сонирхлыг нь шинжлэх ухааны ололтод тулгуурлан тодорхойлж,  VIII ангиас нь мэргэжил сонголтын тусгай хөтөлбөрт хамруулан, мэргэжлийг зөв сонгуулж байна.  Энэ нь иргэд өөрт тохирсон мэргэжлээ сонгон суралцаж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн, мэргэшсэн хүний нөөц нийлүүлэгдэн, ажилгүйдлийн түвшин тун бага байх нөхцөлийг бүрдүүлж байна. Иймээс манай төр, засаг хувь хүний  хөгжил, мэргэжил сонголтын асуудал дээр онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай.  Манай улс ажилгүйдэл, ядууралтай байгаагийн үндсэн шалтгаан нь иргэд мэргэжлээ буруу сонгож, хүүхдээ багаас нь зөв оновчтой хөгжүүлж чадахгүй байгаатай холбож үзэж байна. Иймээс хувь хүний төрөлхийн онцлогийг илрүүлэн гаргаж, түүнийхээ дагуу хүүхдийг багаас нь зөв хөгжүүлж, VIII ангиас нь мэргэжил сонголтын хөтөлбөрт хамруулж, зөв мэргэжил  сонгох асуудалд зайлшгүй анхаарах шаардлага тулгарч байна.

-Мэргэжил сонголтын ямар аргууд байна. Өмнө нь цаасан тест бөглүүлж авдаг байсан санагдана. Одоо олон үр дүнтэй арга нэвтэрсэн байх л даа?

-Монголын цахим институт 2014 оноос эхлэн Мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ явуулж ирсэн. Эхний үед мэргэжил сонголтын цаасан суурьтай тестээр мэргэжилд тохирох зан төлвийг тодорхойлон зөвлөгөө өгч байсан. Цаасан суурьтай тест нь нэлээдгүй сул талтай байсан. Үүнд оролцогч асуулгыг буруу ойлгох, ач холбогдол өгөлгүй бөглөх, залхуурч нэгэн хэвийн бөглөх, ойлгохгүй байх гэсэн сул тал байсан. Иймд бид Орос, Америк улсын эрдэмтдийн гаргасан дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрөгдөн, хэрэглэгддэг, программд суурилсан тестээр  хувь хүнийг генетик болон тоон мэдээллийн түвшинд  тестлэж, цаашид хөгжүүлж болох  авьяас, ур чадвар, хувь хүний онцлогийг нээн илрүүлж, мэргэжил сонголтын тестээр хувь хүнд тохирох мэргэжлүүдийг илрүүлэн гаргаж, зөвлөгөө өгөх  үйлчилгээг цогцоор  үзүүлж байна.

-Тест, зөвлөгөөнийхөө талаар товчхон танилцуулаач?

-Манайх хувь хүний онцлогийг таних, мэргэжил сонголтын чиглэлээр доорх дөрвөн үйлчилгээг үзүүлж байгаа. Үүнд: генетик тестээр 21 төрлийн шинжийг илрүүлнэ. Тухайлбал, тохиромжтой боловсролын төрөл, харилцааны ур чадвар, дүн шинжилгээ хийх чадвар , практик ажлын чадвар, шинжлэх судлах шинж чанар илэрнэ. Түүнчлэн шинэ санаа гаргах болон удирдах чадвар, спортлог шинж чанар гэх мэт  бүтээх туурвих шинж чанар, багаар ажиллахад гүйцэтгэх үүрэг, мэргэших чадвар эрүүл мэндийн эрсдэл, жин нэмэх хандлага, хамаарал буюу донтолтын магадлал. Мөн  бие бялдрын ерөнхий үзүүлэлтүүд, багийн спортод гүйцэтгэх үүрэг, амжилт гаргах спортын төрлүүд болон мэдрэлийн тогтолцооны үзүүлэлтүүд тодорхой болно.  Тоон мэдээллийн тест нь тухайн хүний зан чанар,эрч хүч, харизм, танин мэдэхүйн сонирхол, бүтээлч байдал, эрүүл мэнд, логик сэтгэлгээ, хөдөлмөрлөх чадвар, азтай байдал, аз тэтгэх, үүрэг хариуцлага хүлээх байдал, санах ой, оюун ухаан, өөрийгөө үнэлэх, авьяас, материаллаг байдал, зорилгодоо хүрэх эрмэлзлэл, гэр бүлсэг байдал, тогтвортой байдал, оюун санааны чадавх гэсэн 16 онцлог шинжийг илрүүлнэ. Бүх насны хүн хамрагдах боломжтой.

-Мэргэжил сонголтын тест хийж байгаа гэсэн. Үүнд VIII-XII ангийн сурагчид хамрагдах уу?

-Мэргэжил сонголтын сургалт, зөвлөгөөний үе шат, дараалал бас чухал хэсэг. Тухайлбал, үйлчлүүлэгч А оношлогоонд хамрагдан дээрх зургаан хэв шинжээс нийгмийн хэв шинжид хамаарах мэргэжлүүд тохирохоор хариу гарсан бол ажил мэргэжлийн зөвлөх тухайн хэв шинжид хамаарагдах мэргэжлийн нэрсийг харуулна. Үүнд багш, боловсролын менежер, сургалтын зохион байгуулагч, нарийн бичгийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэн, хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн, номын санч, эмч, нийгмийн ажилтан, улс төр судлаач, сэтгэл зүйч, хуульч, хууль зүйн зөвлөгч, шүүгч, орчуулагч, телевизийн хөтлөгч гэх мэт. Хоёрдугаарт, өөрийгөө танин мэдэх, судлах. Зөвлөх үйлчлүүлэгчийн онцлог, давуу тал, сонирхол ур чадварын талаар ярилцан, үйлчлүүлэгчийг өөрийгөө танин мэдэхэд туслах SWOT шинжилгээ, 30 хоногийн төлөвлөгөө,  хандлага, ур чадвараа тодорхойлох аргачлалыг хэрхэн яаж ашиглах, заавар зааварчилгааг өгдөг. Гуравдугаарт, мэргэжлээ судлах. /Мэргэжил судлахдаа юуг анхаарах, хэрхэн судлах арга замыг зааж өгнө/ Дараагийн алхам нь дэлхийн чиг хандлага ба эрэлттэй ажил мэргэжлээ судлах. Энэ хоёр алхмын хүрээнд зөвлөхийн зүгээс сонирхож буй  мэргэжил тус бүрийн тодорхойлолтыг танилцуулан тухайн мэргэжил юу хийдэг, мэргэжлийн онцлог, мэргэжлийн хөгжих боломж, мэргэжлээс тавих шаардлага, мэргэжлийн нэр хүнд гэх мэтийг хэрхэн судлах аргачлалыг хэлж өгнө.

-Ямар аргаар тестлэх вэ?

-Хүн амьдралдаа ганцхан удаа тестлүүлэхэд хангалттай бөгөөд насан туршдаа ШУ-ы үндэслэлтэй хувийн хэрэгтэй болж байгаа гэсэн үг юм. Генетик тест нь Дерматоглифика буюу хүний гарын алга, хурууны хээг судалдаг шинжлэх ухаанд суурилдаг. Дерма-арьс, тоглифик-зураг буюу латинаар арьсан дээрх зураг гэсэн ойлголт. Хүний уураг тархи эхийн хэвлий дэх ургийн зургаан долоо хоногт, гарын хээ 13 долоо хоногт үүсэн бий болдог ба хурууны хээ, насан туршид өөрчлөгдөхгүйгээр хадгалагдан үлддэг байна. Хүний уураг тархи ба гарын хээ нэг эд эсээс үүсэж, шинж тэмдгүүд нь хоорондоо нягт уялдаж бүрэлдэн хөгждөг. Хурууны хээ нь тухайн хүний уураг тархины хөгжлийг илэрхийлж чадах ил харагддаг чухал элемент юм. Хурууны хээний энэ шинж чанар дерматоглификийн шинжлэх ухааны үндсэн бодьтой байдлын баталгаа болж байдаг.  Гарольд Камминс  Дерматоглификийн “эцэг”, анагаахын шинжлэх ухааны доктор. Гарольд Камминс болон Чарльз нар 1926 онд Америкийн анатомын 42 дугаар  чуулганаар “Дерматоглифика” гэдэг нэр томъёог батлуусан байдаг. Энэ эрдэмтдийн зохиосон “Хуруу, алга, улны хээ” /Cummins H., Midlo Ch, 1961/ нэртэй бүтээл антропологичид болон биологчдын  дерматоглификийн судлаачдын ширээний ном болсон. Тоон мэдээллийн тестийг Оросын эрдэмтэд  гаргасан. Энэ тест нь тухайн үйлчлүүлэгчийн ургийн овог, овог, нэр, төрсөн он, сар, өдөр гэсэн мэдээлэл шаардагдана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.28 МЯГМАР № 255 (6732)