С.САРУУЛ

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Монголын бөхийн өргөөнд болжээ. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

МҮБХ-ны дүрмийн 11.28-д заасны дагуу улсын харцага Д.Батболдыг Тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр батлав.

Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу давтан допингийн зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасав.

Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7-р бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан:

Аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан /2021 оны 12-р сарын 04-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд/-ыг нэг жилээр /давтан үйлдэл/,

Сумын заан Ё.Гантулга /11-р сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд/,

Сумын заан О.Баяржаргал /11-р сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд/ нарын барилдах эрхийг зургаан сараар хаслаа гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

Эх сурвалж: www.polit.mn