Б.ОД

COVID-19 цар тахал, томуу болон томуу төст өвчний дэгдэлтийн үе эхэлж байгаа тул ерөнхий боловсролын сургуулийн улирлын сүүлийн долоо хоногийг цахимд шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Мөн цэцэрлэгийг энэ сарын 10-наас эхлэн түр хугацаанд хааж магадгүй нөхцөл үүсэж байгааг салбарын сайд нь өнгөрсөн  долоо хоногт мэдэгдсэн билээ. Энэ асуудлаарх эцсийн шийдвэрийг өнөөдөр танилцуулна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өөр ямар нэг хувилбар гаргах боломжтой эсэхийг тодруулахад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох гурван шаардлага бий. Нэгдүгээрт, иргэдийн нэмэлт тунд хамрагдах оролцоо бага байна. Есдүгээр сарын 1-нээс хойш хүүхдийн өвчлөлийн дийлэнх нь гэр бүлийн орчноосоо гараад байгаа. Иймд асран хамгаалагч нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах шаардлага байна. Хоёрдугаарт, томуугийн дэгдэлт эхэлж байна. Энэ жил томуугийн вирус мутацлагдаж, шууд хатгалгаа болж хүндэрч байгаа учраас дэгдэлтийн нэг сарын хугацаанд цэцэрлэгийг түр зогсоох нь зүйтэй гэж эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Одоогийн байдлаар хүүхдийн өвчлөл өмнөх сараас 10 хувиар өссөн, эмнэлгийн хүүхдийн орны ачаалал нэмэгдсэн байгаа. Гуравдугаарт, ерөнхий боловсролын сургуулийн амралт эхлэхэд цэцэрлэгийн ирц 60-70 хувь буурдаг. Есдүгээр сарын 1-нээс 4-5 настнуудыг авахад ирц 50-60 хувьтай байгаа. Энэ ирц дахин унах эрсдэлтэй" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn