Бордооны ангилал, төрөл, шаардлага, стандартын талаар ХААИС-ийн Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Б.Амарсанаатай ярилцлаа.

 

-Бордооны ач холбогдол, хөрсөнд үзүүлэх нөлөөллийн талаар эхлээд тайлбарлахгүй юу?

-Бордоо нь таримал ургамлын ургац, чанарт сайн нөлөө үзүүлж хөрсний үржил шимийг дээшлүүлдэг. Тухайлбал, хөрсний физик, хими, биологийн шинж чанарыг сайжруулахад чухал нөлөөтэй. Бордоог органик болон эрдэс бордоо гэж ангилдаг. Органик бордоо нь малын бууц, шувууны сангас, модны үртэс, сүлэр, ургамлын үлдэгдэл зэрэг олон төрөл байж болно. Харин эрдэс бордоог нэг болон олон элементийн бордоо гэж ангилдаг. Нэг элементийн бордоо гэдэг нь зөвхөн нэг төрлийн элемент агуулсан байна. Тухайлбал, зөвхөн азот юм уу, фосфор агуулсан байх жишээтэй. Олон элементийн бордоо нь ургамалд ач холбогдолтой макро, микро элементүүдийг агуулсан байдаг. Харин олон элемент агуулсан бордоогоо нийлмэл, холимог болон хам бордоо гэж ангилна. Нийлмэл бордоо нь үйлдвэрээс гарч буй 2-3 тэжээлийн бодисыг өөртөө агуулсан байдаг. Харин холимог бордоо нь  аж ахуйн аргаар өөрт байгаа органик болон эрдэс бордоог хольдог юм. Органик, эрдэс бордоог хольж хэрэглэх дүрэм гэж бий. Гэхдээ зөв тунг тохируулан хэрэглэх шаардлагатай.

-Бордооны олон төрөл байдаг юм байна. Тэгвэл бордооны төрөл, чанараас хамаарсан давуу болон сул талаас дурдвал?

-Органик бордооны гол давуу тал нь хөрсөнд удаан хадгалагдаж урт хугацаанд задардаг. Мөн хөрсний гүн рүү усаар угаагдаж алдагддаггүй. Түүнчлэн органик бордоо нь өөрөө микро организмыг агуулж байдаг учраас микро организмын үйл ажиллагааг дэмжиж хөрсний биологи, физикийн шинж чанар, бүтэц, ус барих чадварыг сайжруулдаг  давуу талтай. Харин энэ төрлийн бордоо нь ариутгагдаагүй, тухайн бордооны орц, найрлага нь тодорхой биш байдаг учраас зөв технологиор бордоошсон эсэх, дотор нь өвчин үүсгэгч нян, бактери байгаа нь тодорхойгүй. Энэ нь органик бордооны нэг сул тал. Мөн органик бордоо хэрэглээ ихтэй учраас тээвэрлэх зардал өндөр гардаг. Харин эрдэс бордоонд ургамал шууд авч ашиглах боломжтой ургамлын гол хоол тэжээл болсон макро, микро элементүүдийг агуулдаг. Үйлдвэрээс гардаг учраас орц, найрлага нь тодорхой. Харин эрдэс бордоо химийн гаралтай учраас зохистой хэмжээгээр хэрэглэхгүй бол эргээд бүтээгдэхүүнээр дамжин байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.

-Ер нь манай улсын хөрсний үржил шим ямар түвшинд байна. Заавал бордоо ашиглах шаардлагатай юу?

-Сүүлийн жилүүдэд хөрсний үржил шим буурсан. Атрын гуравдугаар аяны хүрээнд Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэнгээс хөрсний үржил, шимийн судалгааг хийсэн. Судалгаагаар тариалангийн талбайн хөрсний 60 гаруй хувь нь хүчтэй элэгдэл, эвдрэлд орж үржил шимийн үндсэн үзүүлэлт болох ялзмаг 50-60 хувь буурч, шим тэжээлийн бодисын агууламж бага байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр тариалангийн талбайд агротехникийн аргаар хөрсний үржил шимийг сайжруулах буюу ээлжлэн тариалалтын системийг мөрдөх хэрэгтэй байна. Ялангуяа, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөрсний үржил шимийг шаардах байдлаар харилцан адилгүй таримлыг сэлгэж тарих шаардлагатай. Хөрсний үржил шим буурч, доройтсон ийм нөхцөлд эрдэс, органик бордоог хослуулан ашиглах нь илүү үр дүнтэй гэсэн дүгнэлт Ургамал, газар тариалангийн хүрэээлэнгийн олон жил хийсэн судалгаагаар гарсан.

-Гэхдээ бордоо хэрэглэхэд хөрсний шинж чанар, талбай, мод, ургамлын зүйл нөлөөлдөг байх. Өрхүүд өөрсдийн ногоон байгууламж, жижиг хүнсний ногооны талбайдаа ямар төрлийн бордоо ашиглах нь тохиромжтой вэ?

-Их хэмжээний буюу үр тарианы талбайд компост бордооны нөөц хангалтгүй байдаг учраас хэрэглэх боломжгүй байдаг. Тиймээс тариалангийн талбайд ногоон бордуурыг хэрэглэх нь зүйтэй. Харин айлууд өрхийн тариалалт, мод бутны жижиг талбайд органик бордоог бэлтгэн хэрэглэх нь илүү үр дүнтэй. Тухайлбал, ямар органик хог хаягдал айл өрхөөс гарч байна түүндээ тулгуурлаж органик бордоо бэлтгэж болно.

-Өрхийн хэмжээнд органик бордоо хэрхэн бэлтгэх вэ?

-Тухайн айлаас гарч байгаа хүнсний хаягдал, жимс, ногооны хальсыг компосжуулж багсармал бордоо үйлдвэрлэж болно. Компост бордоонд орох орц нь байгальд өөрөө задардаг, задарсны дараа хортой нэгдэл үүсгэдэггүй байх ёстой. Мөн чийгийн улааныг ашиглан био ялзмагийн бордоо үйлдвэрлэх боломжтой. Ер нь өрхүүд өөрсдөө компост бордоо хийгээд хэвшчихвэл импортоор үнэтэй бордоо авах хэмжээ багасна.

-Манай улсад бордооны хэд хэдэн үйлдвэрүүд бий. Тэдгээр үйлдвэрүүдийн бордоо чанарын шаардлага хангадаг уу. Ер нь чанар, стандартыг хэрхэн тогтоодог вэ?

-Манайд эрдэс бордооны үйлдвэр байхгүй. Харин био ялзмаг, бууц, шувууны сангасыг ашигласан компост, органик бордоо үйлдвэрлэдэг хэд хэдэн үйлдвэр бий. Эдгээр нь өөрсдийн бордооны чанарын стандартыг батлуулсан байдаг. Бордооны MNS стандарт гэж бий. Гэхдээ одоо зах зээлд нийлүүлэгдэж байгаа бордоонуудад үйлдвэрлэлийн технологийг сайжруулах, судлах, бордооны түүхий эдэд анхаарах шаардлагатай харагддаг. Зарим нь чулуун нүүрсний үнс ашиглах зөвлөгөө мэдээллийг өгч байх жишээтэй. Чулуун нүүрсний үнсийг ашиглаж болохгүй. Түүнчлэн чийгийн улаан ашиглаж байгаа айлууд төрөл бүрийн цаас хийж байгаа харагддаг. Тиймээс түүхий эд материалын чанар, төрөлд анхаарах нь зүйтэй.

-Манай улс импортоор хэдий хэмжээний бордоо авдаг вэ. Дотоодоосоо бүрэн хангах боломж бий юу?

-Дотоодын хэрэгцээг эрдэс бордоогоор тооцвол өндөр гардаг. Тухайлбал, 130-140 мянган тонн гэсэн тооцоолол бий. Импортоор нийт хэрэглээний маш бага хувийг авдаг. Дотоодын органик бордооны үйлдвэрүүд жилд 2000 тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэгэхээр улс бодлогоор органик бордооны үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй байна. Төрөл бүрийн органик бордооны үйлдвэрлэлтэд анхаарч чадвал дотоодын хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой. Ер нь төрөөс хүнс, хөдөө аж ахуйд баримтлах бодлогод болон холбогдох хуульд бордооны стандарт, чанар, ангиллын тухай заалтууд тусгасан байдаг. Гэхдээ бордооны талаарх асуудлыг зохицуулсан бие даасан хууль, дүрэм журам хангалтгүй байгаа учир сайжруулах шаардлагатай. Бордоо бол нэг төрлийн химийн бодис. Түүнчлэн хүнс, бүтээгдэхүүн, агаар, усаар дамжиж хүнд хүрдэг учраас хэрэглэх, ашиглахыг нарийвчлан зохицуулан дүрэм, журам зайлшгүй шаардлагатай байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.3 БААСАН № 237 (6714)