Солонгост хүчирхийлэлд өртсөн охиныг хамгаалалтад авахыг Монголын талаас хүслээ

0
хуваалцах
182
үзсэн

С.УЯНГА

 

БНСУ-д дунд сургуульд сурдаг 13 настай монгол охиныг дээд ангийнх нь дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, тамхины иш, үнс идүүлж, халуун ногоо ам руу нь чихэж өрөөнд хорьсон. Улмаар бичлэгийг 5000 вонноор зарж нийтэд тархсанаар монгол охин сургуульдаа явах боломжгүй болж сэтгэл санааны хүнд байдалд орсон ноцтой хэргийг тус улсын MBC телевиз мэдээлэв. Өөрөөр хэлбэл, хүний нутагт монгол хүүхдийн эрх зөрчигдсөн ноцтой хэргийг манай улс болон консулын газрынхан таван сарын дараа мэдлээ. Солонгос улсад монголчуудыг хариуцдаг Консулын газар энэ хугацаанд яагаад мэдээгүй. Ер нь Элчин сайдын яамд, консулын газрынхан нутаг нэгтнүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг эсэх талаарх шүүмжлэл монголчуудын дунд хүчтэй өрнөлөө. Зарим иргэн Солонгос улсаас Монголд суугаа Элчин сайдын яамны байрны гадна очиж тайлбар нэхэж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

MBC телевизийн мэдээлснээр хэрэг энэ оны долдугаар сарын 3-нд гарсан бөгөөд тус цагдаагийн газарт 4-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ. Сэжигтэн дөрвөн хүүхэд байсан бөгөөд хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир аравдугаар сарын 1-нд хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх насанд хүрсэн хоёр хүүхдэд холбогдох хэргийг аравдугаар сарын 28-нд прокурорт шилжүүлсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарчээ. Энэ талаар хохирогч охин "Гэмт этгээдүүд сургуульдаа явж байгаа. Гэтэл би энгийн амьдралдаа эргэн орж чадахгүй байна. Заримдаа би өөрөөсөө энэ миний буруу юм болов уу гэж асуудаг" хэмээн хэлжээ.  Хохирогч охины эцэг эх Өмнөд Солонгост амьдраад 10 жил болж байгааг MBC телевиз дамжууллаа.

Хохирогчийн ээж “Цагдаад дуудлага өгснөөс хоёр хоногийн дараа охин минь олдсон. Энэ хугацаанд тэр хүүхдүүдийн гэрт охиноо хайгаад очиход байхгүй, юу гэж танай охин энд байх юм гэж уурлаж байсан. Гэтэл тэднийд охин байсныг сүүлд мэдсэн. Охиныг оллоо гээд холбогдсоны дараа очиж авсан. Амны хаалтыг нь авахад хацар нь хавдчихсан, танихын аргагүй болсон байсан. Гэртээ ирээд биеийг нь харахад аймшигтай тамласан байсан. Тамхи татаж байсан ишээрээ түлээд, архи албаар уулгаж, зодсон. Охин минь шоконд орчихсон учраас юу ч хэлээгүй. Ямар нэгэн зүйл хэлбэл ална гэж тэр охид сүрдүүлсэн байна лээ.Солонгос цагдаа нар энэ хэргийн тухайд авч хэлэлцэхгүй байсан. Танай охин мэдээлэл өгөхгүй бол хэрэг үүсэхгүй гэх мэтчилэн биднийг үл тоосон. Би охиноо юу болсон талаар ярихыг ятгаж, хамгаалалтад авна гэж гуйж байж хэлүүлсэн. Бичлэг нийтэд тавигдсанаас хойш сургуулийнх нь бүх хүүхдүүд миний охиныг ялгаварлах болж, охин минь сэтгэл санааны гүн хямралд орсон. Одоо ч тэд миний охиныг сүрдүүлсэн хэвээр байна. Маш их гомдолтой байна” гэж ярилаа.

Нөхцөл байдлын талаар Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа мэдээлэл өгөв. Тэрбээр "Хэрэгтэй холбогдуулан Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод байгаа Консулын газраас шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Консулын газрын зүгээс хохирогч охины ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллага, түүний сурдаг сургууль болон хүүхдийн эрхийн байгууллагуудтай хамтран байнгын холбоотой ажиллаж байна. Хохирогч охины ар гэрийнхний зүгээс шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа тул давж заалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн хэвлэл мэдээллээр гарч, шуугиж байгаа асуудал нь хохирогч охины сэтгэл зүй болон ар гэрийнхний нэр хүндэд хүнд болон бусад асуудалд эмзэг тусаж байгаагаа илэрхийлсэн. Консулын газар хохирогч охины асуудалд анхаарал хандуулан ажиллана" гэлээ.

Энэ талаар ХЭҮК-ын Олон улсын гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрах “Хилийн чанадаас шууд ханддаг тохиолдол ховор. Жилд 1-2 удаа холбогддог. Харин цар тахлын үед энэ төрлийн гомдол нэмэгдэж байна. Бид 13 настай охинтой холбоотойгоор эрх бүхий байгууллагуудаас болон тухайн орны ижил төстэй байгууллагуудаас мэдээлэл авахаар албан бичиг хүргүүлээд ажиллаж байна” гэлээ.

Дээрх хэрэгтэй холбоотойгоор өчигдөр үдээс хойш Гадаад харилцааны ТНБД Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамныхантай уулзсан юм. Түүнээс дараах тодруулгыг авлаа.

 

Н.Анхбаяр: Хүүхэд болон эцэг эхийн аюулгүй байдал хөндөгдөж байна

 

“Хэргийн талаар танилцуулж тодорхой саналыг тавилаа. Хүүхэд болон түүний эцэг эхийн аюулгүй байдлыг хангаач гэдэг асуудлыг хэллээ.

Хэвлэлээр мэдээлэл цацагдсаны дараагаас хүүхдийн аюулгүй байдал хөндөгдөж эхэлсэн. Хоёрдугаарт, долдугаар сард болсон хэргийг консулын газрынхан өчигдөр /уржигдар/ мэдлээ.

Хэдийгээр венийн конвенцийн дагуу мэдээлэх үүрэггүй ч хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудалд онцгой анхаарч ажиллана. Гуравдугаарт, дөрвөн хүүхдийн хоёрынх нь хэрэг хаагдсан. Тиймээс хэргийг хуулийн дагуу нээлттэй ил тод шуурхай шийдвэрлэхэд анхаарах саналыг тавьсан. Эрүүгийн хэрэг учраас шаардлагатай бол туршлагатай өмгөөлөгч гаргаж өгөхийг хүссэн. Солонгосын тал сэтгэл зовниж буйгаа илэрхийллээ. Бусан дахь Консулын газрынхан охины ээжтэй байнга холбоотой байгаа. Иргэдийнхээ зөрчигдсөн эрх ашгийг хамгаалахад консулынхан ажиллах ёстой. Гэхдээ тодорхой зохицуулалт бий. Энэ хэргийг замхруулахгүй” гэлээ.

Тэгвэл Солонгос улсад суугаа монголчуудын өгсөн мэдээллээр солонгосчууд хохирогч охиныг өмөөрч хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах, боловсролын салбарын системийг өөрчлөх, анхааралдаа авч ажиллах гэх зэргээр шаардлага тавьж хөдөлгөөн өрнүүлж байна. Тус улсын иргэд хүчирхийлэл үйлдчихээд ямар нэг шалтгаанаар шийтгэлгүй үлддэг хуультай байж болохгүй. Үндсэн хууль, хүчирхийллийн эсрэг хуулиа өөрчил гэсэн шаардлага тавьж эхэлжээ. Охиныг хохироосон солонгос хүүхдүүдийн намтарт энэ хэрэг тэмдэглэгдэн үлдэнэ. Ирээдүйд төрийн байгууллага болон томоохон компаниудад ажиллах боломжгүй болно. Үүнээс илүү арга хэмжээг тэр хэрцгий хүүхдүүдэд авах болтугай гэсэн байр суурь илэрхийлж байгаа гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.3 БААСАН № 237 (6714)