Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Театрын  урлагийн нэрт зүтгэлтнүүд,  урлаг судлаач, найруулагч, жүжигчид янз бүрийн байр сууриас тайлбарладаг ч “Театр бол судалгааны том төв” хэмээсэн  Германы зохиолч, яруу найрагч, найруулагч, драмтург, театрын онолч Бертольт Брехтийн үг  хэзээ ч өөрчлөгдөхгүй мөнхийн хууль болон үлдэж,  бүх цаг үед батлагдсаар байна. Тийм ээ, театр бол үзэгчийг  юм бодуулж, оюун дүгнэлт хийлгэх ёстой болохоос сэтгэлийг хөөргөж, эсвэл нүд эрээлжилсэн өнгөөр хулдаж эсвэл дууриахад дуудах юм уу, бас ихээр  инээлгэхийг чухалчлах  газар биш юм. Яг үүнийг 1898 онд мэндэлж, 1956 оныг хүртэл амьдарсан Б.Брехт аль эрт бичиж үлдээсэн бөгөөд түүнийг  дэлхий  толгой дохин  дагасан юм.  Монголчуудын хувьд  түүнтэй танилцаад  60 жил болжээ. Тухайлбал, түүний шүлгүүдийг М.Цэдэндорж асан эх хэлнээ хөрвүүлсэн  байдаг бол  40 жилийн өмнө УДЭТ-ын найруулагч С.Болд оюутан байхдаа түүний бүтээлээр шалгалт өгч байснаа дурссан.  Б.Брехтийн “Галилейн амьдрал” жүжгийг найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж УДЭТ-ын тайзнаа 1988 онд найруулан тавьсан бол Брехтийн эпос театрын хэв маягийг  урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар өөрийн  найруулсан “Амьгүй албат” /2005/ жүжигтээ хэрэгжүүлсэн  байдаг. Энэ жүжгийн зохиолыг Н.В.Гоголийн “Амьгүй албат” найраглалаас сэдэвлэн орчуулагч Н.Пүрэвдагва бичсэн бөгөөд  тус  жүжгийн үзэл санаа, өвөрмөц хэв маяг, найруулгын шийдэл, жүжигчдийн тоглолт ихээхэн  өвөрмөц онцлогтой болсон төдийгүй дараа дараагийн уран бүтээлчдэд том сургууль болж үлдэж чаджээ.

Б.Брехт хүн төрөлхтөн  хэдэн зуун жилээр уншивч дуусахгүй  “мөнхийн ном”, судалж баршгүй өв үлдээжээ. Үүнийг баталсан, бас Брехтийн оюун санааг монголчуудад нээсэн сонирхолтой  бүтээлийн нээлт өчигдөр “СИТИ” их сургууль дээр боллоо. Энэ бол орчуулагч Н.Пүрэвдагва, түүний  гэргий С.Туяа нарын  хамтран орчуулсан “Бертольт Брехт  Театр: Шүлэг найраг, нийтлэл, ярилцлага, хэлсэн үг” номын нээлтийн ёслол юм.

СИТИ их сургуулийн ерөнхийлөгч, доктор Ц.Байгалмаа хэлэхдээ тус сургууль Б.Брехтийн 100 жилийн ой дээр  1998 онд байгуулагдсаныг дурдаад “Германы найруулагч, театрын онолч, жүжгийн зохиолч Б.Брехт бол орчин үеийн тайзны урлагийг шинэчилсэн нөлөө бүхий уран бүтээлч юм. Монголд түүний жүжгийн зохиолууд орчуулагдаж, тавигдаж байсан боловч онол туурвилыг нь цогцоор нь танилцуулсан бүтээл гараагүй байсан. Манай сургуулийн хүндэт профессор Н.Пүрэвдагвын орчуулсан энэ бүтээлийг бид эрхэлж хэвлүүлэхдээ мэргэжлийн ангийн оюутнууд төдийгүй багш, уран бүтээлчдэд мэдлэг чадвараа ахиулах оюуны том боломж гэж харсан” гэсэн юм.

Б.Брехтийн намтар,  уран бүтээлийн тухайд 2011 оноос “Алтан тайзны эзэд” цувралыг хийж эхлэх үеэс ном бүтээх санаа төрсөн бөгөөд зохиолч, сэтгүүлч гээд өөр өөр ажил мэргэжлийнхэн нэгдсэн  “Бадрангуй урлаг” ТББ-ынхан  хамтран  ажиллаж эхэлсэн хэмээн орчуулагч Н.Пүрэвдагва хэлсэн. Тэд  өнгөрсөн 10 жилийн хугацаанд  Б.Захава, В.Мейерхольд, Питер Брук, Ежи Гротовски, Михаил Бахтин нарын бүтээлийг  уншигчдын хүртээл болгожээ.

“Бертольт Брехт  Театр: Шүлэг найраг, нийтлэл, ярилцлага, хэлсэн үг” номд түүний 1960-аад оны эхээр хэвлэгдсэн таван боть, Дэлхийн уран зохиол цувралын 139 ботид гарсан шүлэг, өгүүлэл, бүтээлүүдээс оруулсан байна. Ингэхдээ Б.Брехтийн бүтээлийг бүрэн эх сурвалжаар /хэвлэгдсэн ном хэлбэрээр/  олоогүй гэдгээ орчуулагчид хэлсэн. Гэхдээ интернэтээс   бүгдийг хайж олсон. Түүнийгээ эмхтгэл болгож, орчуулах санаа сэдлийг өгсөн гол хүн нь орчуулагчийн гэргий С.Туяа юм. Харин дахин давтагдсан зүйлүүдээс  нь залхаж, хасч танаж ном болгосон “буруутан” нь  өөрийгөө гэдгийг  Н.Пүрэвдагва орчуулагч ярьсан. Тэрбээр Б.Брехтийн намтар, уран бүтээлийн тухайд  “Олон жилийн турш Брехтийн аргачлал туршигдаж, өөрчлөгдөж, сайжирсаар ирсэн. Харин амьдарч байгааг тоглон харуулж болохгүй, эсрэгээр  эвдэж, “хүнийших” ёстой гэсэн гол зарчим яг хэвээрээ үлдсэн байдаг. Театр үзэгчийг бодуулж, задлан эргэцүүлж, шийдвэр гаргадаг болгож сургах ёстой. Чухам энд л Брехтийн найруулгын гол онцлог байгаа гэж орон орны тулхтай урлаг судлаачид үнэлдэг” хэмээн тэмдэглэсэн юм.

 “Бертольт Брехт Театр: Шүлэг найраг, нийтлэл, ярилцлага, хэлсэн үг” номын редактор Д.Отгонбаяр  хэлсэн үгэндээ “В.Шекспирийн бүтээл гэхээр сонгодог, түүнд ямар нэгэн өө сэв байхгүй, төгс төгөлдөр гэдэг ойлголт сэтгэлд шууд л буудаг. Хэдэн зуун дамжин цаг хугацааны өршөөлгүй шүүлтүүрийг даван гарч ирээд өчигдрийн, өнөөдрийн уншигчийн сэтгэлийг татаад байгаа болохоор яах аргагүй сонгодог бүтээл. Дэлхийн олон оронд Шекспирийн бүтээлүүд тайзнаа янз бүрийн хэлбэр хийцтэйгээр амилж, үзэгчдийг татсаар ирсэн. Монголд ч адилхан. Шекспирийн сонгодог бүтээлүүдээс УДЭТ-ын тайзнаа найруулагч нар янз бүрээр л найруулан тавьсан. Цаашдаа ч тавигдах нь мэдээж. Харин агуу зохиолчийн сонгодог бүтээлийг үзэгчдэд хүргэсэн гэдэг сурталчилгаа хийгээд магтаалаас гадна уг бүтээлээ хэрхэн судладаг, тэндээс чухам юуг нь, яаж шүүрдэж үзэгчдэд хүргэдэг бол гэдэг асуулт хуудсыг нь дөнгөж эргүүлэн буй энэ номноос гарч ирлээ. Учир нь “Шекспирийн жүжгүүд гэдэг юм бол холион бантан” гэж хэлж, бичиж байсныг өмнө нь уншиж байгаагүй болохоор тэр л дээ. Гэхдээ энд учир байна. Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зохиолчийн сонгодог бүтээлийг “холион бантан” гэж хэлж чадна гэдэг судалж, учрыг нь олж хужрыг нь тунгаасан хүний үг аж.  “Орчин үеийн театрт амьдралыг үнэн бодитой үзүүлэх цорын ганц зам бол Шекспирийн жүжгүүдэд нэвт шингээстэй байгаа, тэр ч утгаараа ойлгож ухааран тайзан дээр амьдруулахад бэрхшээлтэй болгодог илэрхийллийн гүн ухаан болох эпос хэв маягийг л баримтлах шийдэл л үлдээд байгааг хэлэх хэрэгтэй болжээ” хэмээн тунхагласан энэ хүн бол Бертольт Брехт. Германы зохиолч, яруу найрагч, найруулагч, драматург, театрын онолч гээд Бертольт Брехт (1898-1956)-ийн нэрийн өмнөх тодотгол урт. Эндээс чухам алинаар нь, аль өнцгөөс нь Брехт гэж энэ эрхэмийг харах вэ гэдэг бас л асуулт. Хамгийн гол нь театр-урлагт өөрийн баримталж байсан байр сууриа онол болгон хүлээн зөвшөөрүүлж чадсан цөөхөн хүний нэг нь  Бертольт Брехт гэдэг энэ эрхэм.  Дэлхийн урлаг судлаачид XX зууны Германы тайзны урлагийн ноён оргил болох хүн бол Бертольт Брехт гэж санал нэгтэй үнэлдэг бөгөөд Брехтийн эпос театр гэдэг нь дэлхий дахинаа соёл урлаг, театрын онол-судалгаанд хүлээн зөвшөөрөгдсөн нэр томьёо болсон нь үүний баталгаа. Өөр олон зүйл нурших нь илүүц”  хэмээн  онцолсон юм.

Орчуулагч, уран бүтээлчдийн оюун санаагаараа нэгдсэн “Бадрангуй урлаг” ТББ, СИТИ их сургуулиас   энэ удаа  Монголын уншигчдад  агуу Б.Брехтийн оюун санааг монголчууддаа нээж өгсөн, театр урлагийн бүх цаг үеийнхний гарын авлаг болох бүтээлийг мэргэжлийн урлагийнхан, энэ чиглэлээр сурч буй оюутнууд, багш нар, уншигчдын гар дээр тавьсан нь  зүйрлэшгүй  үнэ цэнтэй юм.  Мөн Н.Пүрэвдагва орчуулагчийн  хүчинд  Монголын театрын үе үеийн  найруулагчдын амны уншлага болсон  Станиславский, Мейерхольд, Питер Брук, Гротовски нарын бүтээлийг  монголчууд алгаараа  илж, оюунаараа тэмтрэх боломжтой болсныг нээлтэд ирсэн театр, урлагийн зүтгэлтэн, най­руулагч, эрдэмтэн  судлаачид номын нээлтийн үеэр тэмдэглэж  байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.2 ПҮРЭВ № 236 (6713)