Д.Сумъяабазар:Тендерийн тухай хуулиас болж төлөвлөсөн ажил гацдаг

0
хуваалцах
219
үзсэн

Б.ОД

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

“Захын хорооллын иргэд 1-2 цаг автобус хүлээж байна. Нийтийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх боломж бололцоо хэр байна вэ?” гэсэн асуултад  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хариулт өглөө.

Тэрбээр “Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэх хэрэгтэй. 2021 онд 60 автобус  авахаар тендер зарласан боловч одоог хүртэл шийдэгдээгүй байна. Нэг ч автобус авч чадаагүй. Шалтгаан нь Тендерийн тухай хууль,  аж ахуй нэгж хоорондын маргаанаас үүдэлтэй. Цаашид 500 автобусны тендер зарлавал юу болох бол? Эрх мэдэлтэй хүмүүс нь дарамтлаад, парк шинэчлэлтэд саад учруулаад байна. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 500 автобусны талаарх асуудлаа оруулж, шууд гэрээ хийх боломж бололцоог судалж байна. Мөн УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай Тендерийн тухай хуулиа эргэн харж, ойлгомжтой болгох талаар зөвлөлдөнө. Тендерийн тухай хуулиас болж төлөвлөсөн ажил, төсөл хөтөлбөрүүд дандаа хугацаа алдаж, гацдаг. Одоо байгаа нөөцөөр 537 автобусны ашиглалтын хугацаа дуусаж, стандартад нийцэхээргүй болж байгаа. Нэг ёсондоо, 2009 оноос хойш автобусны парк шинэчлэл хийгээгүй гэхэд болно. Хяналт, шалгалт, хэмжилт хийхэд автобуснуудын ашиглалтыг дахин нэг жилээр сунгах боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Бид ч гэсэн автобусны парк шинэчлэлтээ аль болох хурдан хиймээр байна. Гэвч хуульдаа баригдаад, хуулиар тоглосон зарим аж ахуй нэгжээс болж энэ ажил гацаанд ороод байна. Хурдны зам, хөнгөн галт тэрэг зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх гэхээр энэ мэт томоохон компаниудын лобби орж ирдэг” гэв.

Эх сурвалж:www.polit.mn