Пифагоризмыг үндэслэгч суутан

0
хуваалцах
211
үзсэн

Агуу суутан

Пифагор /МЭӨ 570-500/

З.БАТЦЭЦЭГ

Эртний Грекийн гүн ухаанч, шашин улс төрийн зүтгэлтэн, пифагоризм математикийг үндэслэгч Пифагор /МЭӨ 570-500/

Пифагорын амьдралын талаар бид бусад орчин үеийн гүн ухаанчидтай харьцуулбал ихийг мэднэ. Тиймээс ч түүний талаар  бичихдээ домогт, хагас домог болсон гэдэг үгсийг ашиглаж иржээ. Түүний  нэр хүнд олон зууныг дамжин алдаршиж  ирсэн. Гэсэн хэдий ч түүнийг Грект ирэхээс өмнөх амьдралын талаар мэдээлэл хомс байдаг.

Эртний эх сурвалжаас үзвэл түүнийг Самост төрсөн гэдэг. Түүний аав Мнесарх баян худалдаачин байсан гэлцдэг. Пифагорын эзэмшсэн боловсрол, улс төрийн үзэл бодлыг харахад тэр үнэхээр язгууртан айлаас гаралтай нь  батлагддаг. Пифагорыг ойролцоогоор МЭӨ 570 онд мэндэлсэн бөгөөд  багаасаа л шинжлэх ухаан сонирхдог байж. Анхны багш Гермодамасаар хөгжим, уран зураг заалгасан бол тэрбээр шавийнхаа  ой тогтоолтыг  сайжруулах зорилгоор  түүнд Гомерын “Одиссей”, “Иллиада”-г цээжлүүлж байсан түүхтэй. Багшийхаа тусламжтайгаар тэрбээр Самос арлаас явж  Лесбосд очсоноор  яруу найрагч, гүн ухаанч Ферекидээр одон орон судлал, нар хиртэлт, тооны нууц, анагаахын шинжлэх  ухааныг  заалгасан байна. Хэдэн жил сурсныхаа дараа Милет рүү алдарт Фалесыг зорьжээ. Тэнд 70  гаруй настай өвгөн багш   Фалесын лекцийг сонсч байжээ.

Пифагорыг байх үед   соёл урлагийн төв байсан Самос дайны дараа хуучирсан тосгон болон хувирсан юм.  Персийн довтолгооноос зугтан, соёл урлагийн томоохон зүтгэлтнүүд Италийн өмнөд хэсэгт ирэн Сиракуз, Агрегант хотыг үүсгэн байгуулжээ. Пифагор 40 нас хүрээд Поликрат хааны хатуу дэглэмийг тэсэхээ болин Итали руу дүрвэсэн байна.

Түүнийг Италид ирсэн талаар Дикеарх бичихдээ “Пифагор ирээд бүх хотыг өөртөө татаж чадсан. Түүнийг их аялсан, их юм үзсэн, сайхан ярьдаг гэж бүгд түүнд татагдаж байлаа. Эхлээд тэр өөрийн сайхан яриагаар ахмадуудыг өөртөө татаж, дараа нь тэдний тусламжтайгаар залуучуудад зөвлөгөө өгдөг болж, дараа нь тэдний хүүхдүүдтэй сургууль дээр нь очин  ярилцаж, эцэст нь эмэгтэйчүүд түүнийг сонсрхоор ирдэг болсон” гэсэн байдаг.

Бас нэгэн домогт өгүүлснээр Пифагорыг  эхний лекцээ уншаад л  шууд 2000 шавьтай болсон. Тэд гэртээ буцаж харилгүйгээр эхнэр хүүхэдтэйгээ “Агуу Грек” нэртэй сургууль байгуулж, Пифагорын хууль дүрмийн үндсийг тавьсан хэмээн  ярьдаг. Мэдээж арифметик, геометрийн  хичээлүүд дунд онцгой байр суурь эзэлж байсан.

Пифагорчууд анх шинжлэх ухаанд эсрэг тэсрэг гэсэн ойлголтыг бий болгосон юм. Тэд 10 эсрэг тэсрэгийн хүснэгт гаргасан байдаг. Нэг нь мөхөж байхад нөгөө  нь бий болж байдаг. Хязгаар, хязгааргүй, сондгой тэгш, нэг ба олон, баруун зүүн, эр эм, шулуун муруй, гэрэл сүүдэр, сайн муу гэх мэт.

Пифагорыг  МЭӨ V зууны 90-ээд оны дунд үед нас барсан гэж үздэг. Түүний гэр бүл, эхнэр хүүхдийн талаар яг баттай мэдээлэл байдаггүй. Пифагор амьдралын утга учрыг тайлбарлахдаа анх удаа гүн ухаантай холбосон хүн юм.  

Эх сурвалж: www.polit.mn