Ч.ҮЛ-ОЛДОХ

 

 Антон Чеховын “Шулам”ыг орчуулчихдаг яадаг “Чөтгөр вэ”  хэмээн дуу алдсаар бэхэн цэнхэр  хавтастай бэсрэг ном барьчихсан суугаа нэг бус зохиолчтой  таарч орчуулагчийг нь олж ярилцахаар хайж эхэлсэн юм. Цэргийн эмнэлгээс  ажлын гараагаа эхэлж, мэс заслын эмч болж,  хожим   АШУҮИХС-д  багшилж байсан, сонгодог зохиол, тэр дотроос Оросын уран зохиолыг ихээхэн сонирхдог, хэлний гайхам авьяастай Г.Баяраа гуайг чамгүй хөөцөлдөж байж олж  ярилцсан билээ. Би бол “Утга зохиолын яриа” буландаа  зоолттой төлөвлөчихсөн, ярилцлага ч яг  тэгж өрнөж бас дууссан. Өнөөх ярилцлагаа буулгаж амжилгүй явтал  ярилцагч маань  Төрийн шагнал хүртэж буйг олж  харав. Ерөнхийлөгчийн зарлигт  Улсын III төв эмнэлгийн мэс заслын багийн зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат эмч, Ардын эмч, академич, зүрхний мэс засалч Н.Баасанжав тэргүүтэй, Гүнсэнцоодолын Баяраа, Бямбаагийн Алтангэрэл, Цогтын Лочин нар “Мэс заслын техник, технологи, хагалгааны багажуудыг санаачлан бүтээж практикт нэвтрүүлсэн үр дүн” бүтээлээрээ Монгол Улсын Төрийн Соёрхол хүртэв хэмээн  тодотгожээ. Монголын анагаах ухааны түүхэнд 1981 онд Т.Шагдарсүрэн багштай зүрхний мэс заслын баг хамт олон, 1991 онд Ж.Хайрулла багштай мэдрэлийн мэс заслын баг хамт олон  энэ нэр хүндтэй шагналыг хүртсэн байдаг. Тэгвэл  30 жилийн дараа тус салбарынхан  Төрийн шагнал хүртсэн нь энэ юм. Ингээд ярилцагч руугаа  дахин утас цохив. “Та  ямар хачин хүн бэ, алтан гартай эмч байсан байж” гэвэл “Ах нь тэр үед мэдээгүй явсан. Гэнэт дуудаж шагнал гардууллаа. Эмчийн мэргэжлийн тухайд та өөрөө сонирхож лавлаагүй, зөвхөн А.Чеховын талаар  ярилцая гэсэн  шүү дээ”  хэмээн ам таглав.  Гэсэн ч “Утга зохиолын тухай яриа” маань “Амьдралын тойрог” болон  ийнхүү үргэлжилсэн юм.

 

“Оросууд А.Чеховын зохиолыг орчуулсан орнуудын дотор  Монголыг огт дурддаггүй”

 

Улиастайн дивизийн эмчээр томилогдсон 1983 он.

XIX зууны үеийн Оросын нэрт зохиолч Антон Чехов анагаахын сургууль төгссөн  эмч байсан билээ.Түүний зохиол бүтээл өдгөө дэлхийн 90 гаруй хэл дээр орчуулагджээ.Зохиолч амьд сэрүүн байхдаа өөрийнх нь  зохиол бүтээлийг  орчуулахад тийм ч таатай хандаж байгаагүй гэдэг. Магадгүй орос хэлний охийг уншигчдад гүйцэд амсуулж чадах эсэхэд эргэлзэж, амтгүй үлбэгэр болчих вий хэмээн дурамжхан байсан биз. Манайд нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, билгүүн номч Б.Ринчен тэргүүтэй  Монголын нэртэй орчуулагчид  1930-аад оноос эх хэлнээ хөрвүүлсэн байдаг. Уншаад үзэхүл бүгд өөр өөрийн онцлог ялгамжтайгаар уншигчдад хүргэж иржээ. Харин оросууд А.Чеховын зохиол бүтээлийг орчуулсан орнуудыг тэмдэглэхдээ  яагаад ч юм бэ Монголыг огт дурддаггүй. Энэ тухай манай нийтлэлийн баатар өөрийн орчуулсан А.Чеховын өгүүллэгийн түүвэр   “Шулам” номын өмнөтгөлд онцолсон байсан. Магадгүй энэ нь түүнийг тийш чангаах шалтгаан болсон ч байж мэдэх, гэхдээ энэ бол зөвхөн миний таамаг. Зохиолч хийгээд уншигчдын дунд гүүр болж байдаг орчуулагчийг нэг ёсондоо хэн хэнийх нь “зарц” хэмээвээс тэрбээр  А.Чеховыг Монголд хамгийн сүүлд хөрвүүлсэн орчуулагч  юм.Үүний зэрэгцээ “эмч хүн  л эмчийг ойлгоно” гэвэл тэрбээр зохиолчтой мэргэжил  нэгтэн. Гэхдээ уран зохиолыг орчуулахад юу юунаас илүү хэлний мэдлэг, мэдрэмж, дээр нь  авьяас чухал билээ. Гэвч орчуулагч маань Орост сураагүй,орос сургууль төгсөөгүй атал орос хэлэнд нэвтэрхий, англи хэлийг гадарлаад зогсохгүй  доторлочихдог  хэлний тэнгэртэй хүн юм. Түүний хувьд Улаанбаатарт төрж, Өвөрхангайд арван жилийн  сургууль төгсөхдөө  сурлага сайтай хүүхдүүдийн нэг  байжээ. Аав, ээжээс долуулаа.

 Аав Г.Гүнсэнцоодол  нь олон жил пионерийн удирдагчаас Эвлэлийн хорооны дарга хийж, хожим  төр, нийгмийн зүтгэлтэн Жамбын Батмөнхийг Эдийн засгийн дээд сургуулийн захирал  байхад боловсон хүчний даргаар ажиллаж байв. Ээж Цэрэндолгор нь хэл уран зохиолын багшаар насаараа ажилласан. Ах нар нь  аймаг, улсын тооны олимпиадын аваргууд, төгсөөд  зарим нь Ломоносовын их сургуульд, зарим нь Германд боловсрол эзэмшиж ШУА-д ажиллаж байсан бол Г.Баяраа эмч АУДэС  төгссөн, анагаах ухааны доктор, профессор, өдгөө гавьяаны амралтаа эдэлж суугаа ахмад эмч юм. Түүний хувьд орос хэлийг дунд сургуулийн түвшинд сурсан ч хүүхэд байхын хэлний авьяастай байжээ. Орос хүүхдүүдтэй тоглож, дуу шүлэг цээжилнэ. Дараа нь АУДэС-д элсэн ороход бүх хичээл орос хэл дээр явах тул багадаа сурсан хэлний боловсрол том нөлөө үзүүлсэн бол уран зохиолд  багаасаа дуртай байжээ.  Оросын уран зохиолыг их уншина. Түүнийг орчуулсан Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нар, хожим Г.Аким, Ц.Гомбосүрэн, Ж.Нэргүй нарын орчуулгыг уншиж харьцуулна. “Би үүнийг ингэж л орчуулах юм байна” хэмээн шүүн тунгаана. Ингэхдээ  дотроо “Ёжтой энэ санааг нь л орчуулах ёстой, түүнээс үг өгүүлбэр орчуулагдахгүй шүү дээ” гэж адарна. Тэр сэтгэгдэл нь явсаар А.Чеховын бүтээлийг  орчуулахад түлхэц болж  40 гаруй өгүүллэгийг нь эргүүлж тойруулан нухсаар  хоёр жил болсны эцэст гараас гаргажээ. А.Чеховыг уншигч,  судлаач хэн бугай ч  байгалийн  бас хүний сэтгэлийн зураач хэмээн шагширдаг. Тэр илэрхийллийг  хөрвүүлэхэд хэдийгээр монгол  хэл маань баян тансаг ч  оносон зүйрлэлийг олоход амаргүй. Түүн дотроос гарчгаасаа өгсүүлээд нэлээн этгээд бүтээлд орох  “Шулам” өгүүллэгийг  тун донжтой орчуулсныг үзэхэд тэрбээр шаггүй орчуулагч болох нь мэдрэгдэнэ. Гэхдээ нийтлэлийн баатар маань  өөрийн орчуулгыг төгс болсон гэсэнгүй,  зарим нь аятайхан, бас  тиймхэн  болсон  нь ч байх. Тэрийг уншигч, шүүмжлэгч, мэргэжлийн орчуулагчид хэлэх байх гэсэн юм. Г.Баяраа эмч аав ээжээс долуулаа  гэдгийг дээр өгүүлсэн.  Өдгөө   хувь заяаны эрх, амьдралын жамаар  тэр гурвуул үлдсэн. Хоёр дүү нь хэлний боловсрол сайтай, нэг нь ШУТИС-д  англи хэлний багшаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан,  нөгөө нь Орост  хөнгөн үйлдвэрийн чиглэлээр сургууль төгссөн Г.Саран  гэж бүсгүй бий. А.Чеховын өгүүллэгүүдийг орчуулахад дүү Г.Саран нь редактор хийсэн бөгөөд “Орос хэлэнд гаргуун,  хэл, уран зохиолын мэдрэмж өндөр, авьяаслаг болохоор дүү маань  маш их зүйлийг амжуулсан. Бид хоёрын санаа нийлж байж бүтсэн” хэмээн тэрбээр өгүүлж байлаа.

 

Дивизийн эмчээс дээд сургуулийн багш

 

"Үнэн" сонинд гарсан АУДэС-д эмч шалгаруулж авах зар  
түүний амьдралыг өөрчилж багшлахын зэрэгцээ
эмчээр ажиллах урт замд хөтөлжээ.

Г.Баяраа эмч 1977 онд аравдугаар анги дүүргэсэн бол 1983 онд АУДэС төгсчээ. Сурлага сайтай ч, үзэл бодлын хувьд этгээд нөхөр  бусдаас онцгойрно. ЗХУ-ын Коммунист намын түүхийн хичээл бүх  их, дээд сургуулийн  сургалтын ихэнх  цагийг эзэлж байгаад дурамжхан хандана. Үүнийгээ ч ил шулуухан хэлчихнэ, ядаж улсын түүх бол яах вэ гэх мэтээр эсэргүүцлээ илэрхийлнэ. Үүнээс болж нэг хичээл дээр тааруу дүнтэй хэмээн  улаан дипломын захаас шүүрээд алдаж байжээ. Түүнийг оюутан  байхад алтан үеийн  эмч нар ид багшилж байв. Тэд бол АУДэС-ийг төгссөн анхдагчид буюу   МУИС-д хүн эмнэлгийн факультет гэж байгуулагдахад орж төгссөн 13 эрдэмтэн,  орос багш нар тэр дотроо еврей эрдэмтдээр хичээл заалгасан эмч нар  байлаа. Дээр нь Оросын анагаахын шинжлэх ухааны нэртэй том эрдэмтэд ирж лекц уншина. Тэгэхээр  тухайн үеийнхэн  өндөр мэргэжлийн хүмүүсээр хичээл заалгасан, тэдний хэлж, ярьж, сургаж зөвлөснөөр  хүмүүжсэн өндөр  мэдлэг боловсролтой, өв тэгш хүмүүжилтэй  боловсон хүчин болж ажлын талбарт гарч байсан гэдэг. Манай нийтлэлийн зочин тийм багш нарын шавь бөгөөд сургуулиа төгсөөд Улиастайн дивизэд  хуваарилагджээ.

Цэргийн госпиталын эмчээр ажиллаж байх үеийн журмын нөхөдтэйгээ.

Дөнгөж сургууль төгссөн  дэслэгч цолтой  залуу эмч цэрэг эрсийн амьдралд хөл тавьж, удалгүй Цэргийн госпиталь руу  томилогдон  очжээ.  Тэнд мэс заслын эмчээр ажиллаж байтал “Үнэн” сонины булан дээр  “Анагаахын  дээд сургуулийн мэс заслын танхимд багш шалгаруулж авна” гэсэн зар гарсныг олж үзэв. Энгийн сургууль төгссөн, цэргийн амьдралд  тийм ч сайн   дасаагүй болохоор  дарга дээрээ  ороод  шалгалт өгч багшлах хүсэлтэй байгаагаа илтгэвэл “Чи юу даа” гэжээ. “Тийм ээ. Би тэнцэх ч үгүй биз дээ, яах вэ өөрийгөө соримоор байна,  та зөвшөөрөл өгөөч” гэв.  Ингээд шалгалт өгтөл тэнцсэн байлаа. ЭМЯ-наас БХЯ руу “Танай Г.Баяраа гэж эмч багшлахаар  шалгарсан тул манай руу шилжүүлж өгнө үү” гэсэн албан  бичиг илгээв. Гэтэл дарга нар нь зөвшөөрдөггүй, эцэст нь хүнээр яриулж байж  ажлаа хүлээлгэж өгөөд  1990 онд бэлтгэл ахмад,  АУДэС-ийн багш болов.  Мэс заслын танхим нь III эмнэлэгт байсан тул хичээлээ ч заана,  давхар эмчээр ажиллана. Ажлаа хэн нэгэнд найдаж үлдээхгүй, амбулаторид өөрийн биеэр яс сууна. Цагийг хатуу баримтална. Нэг хүн хагалгаанд ороод хүндэрвэл гэмт хэрэг хийчихсэн мэт шөнөжин сахиж, нойргүй тийчлэн хонож, олон шөнө гэрийгээ шаналгасан түүх ч  түүнд бий. Түүний үеийнхэн  тийм л нарийн хүмүүжилтэй байж. Өдөр, шөнөгүй шаналж зовж гүйсээр сүүлдээ биегүй болсон эмч цөөнгүй. Нийгмийн баталгаа нь тааруу, цалин бага, цаг завгүй  амьдралын  ийм хэмнэлд төмөр биетэй л биш бол хэн тэсэх билээ. Хүмүүс тархи, зүрхний мэс заслыг хүнд гэж ойлгоод байдаг. Гэтэл  мэс заслыг хүнд, хөнгөн гэж ялгах боломжгүй, бүгд ижил. Харин том, жижиг мэс засал гэж бий.  Ер нь бол түүний үеийнхэн  өндөр мэргэжил боловсрол эзэмшиж, Монголын анагаах ухааны салбарыг нуруундаа нэг хэсэг үүрч яваад дараагийн үедээ хүлээлгэн өгсөн  хүмүүс юм. Ингэхдээ  нарийн  зарчим дор,  ёс суртахууны  хатуу буулган дунд дараагийн үеэ  бэлджээ. Тиймээс ч “Өнөөгийн авлигажсан нийгэмд, эмч мэргэжлээ мөнгөний хэтэвч болгож, ар өврийн хаалга, танил талаар эмчилдэг болсон цаг үеийг та юу гэж бодож байна” гэсэн асуултад  манай “Амьдралын тойрог”-ийн зочин “Миний шавь нар дотор тийм эмч байхгүй. Би тэднийг биеэрээ үлгэрлэсэн юм” хэмээн ам бардам хариулсан. Түүний  шавь нараас нэртэй  мэс засалчид, алдар  гавьяаны эзэд төрөн гарсан, тэр болгоныг дурдвал урт жагсаалт гарна. Харин түүний хувьд   хожим  багшлахаа больж эмчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарчээ. Хүнд нөхцөлд ажилладаг  учир эрүүл мэндийн салбар эрэгтэй хүнийг 55 настай тэтгэвэрт гаргадаг, манай нийтлэлийн зочин 57 настайдаа  энэ эрхээ эдэлжээ.

 

Дэлхийд ховорхон  толь бичгийн зохиогч

 

Г.Баяраа эмч тун даруу хүн юм. Уулзахаасаа  өмнө  түүнийг өвчний оношийн толь зүйг  дөрвөн хэлээр харьцуулж гаргасан болохыг мэдсэн. Энэ тухай асуухаас нааш өөрөө ярьсангүй. Ер нь бол урьсан   зочноо  яриулах гэж багагүй ур ухаан шаардаж байсныг хэлэх нь зүйтэй байх.

Өвчний оношийн толь зүйг хийх хүсэл түүнд оюутан байхаас бий болжээ. Анх АУДэС-ийн босгоор алхахад латин хэлгүйгээр энэ сургуульд сурах хэцүү гэсэн босго тавигдаж байж. Тухайн үед латин хэлийг хэтэрхий олон цагаар заадаг. Одоо бодоход нэр томъёоны түвшинд л заах байсан нь харагддаг хэмээн тэрбээр ярьж байна. Хүний хөлийн сарвуу гэхэд латинаар 3000 нэр томъёотой, эмч болохоор суралцаж буй оюутнууд түүнийг бүгдийг цээжлэх үүрэгтэй. Түүний оронд өөр нэг хэл үзэж байсан бол гэж бухимдах, энэ олон нэр томъёо хэнд хэрэгтэй юм бэ гэж хэлэх ч үе түүнд байж, тэр тоолонд эсэргүү оюутан нэр зүүнэ. Гэвч  латин хэл тэгж их заасны ачийг хожим мэдэж авчээ. Хаягдаж хоцрогдсон ч гэлээ латин хэл үзэх тийм ч муу биш  болохыг мэдэрсэн даруй төгсөх курсээс өвчний  оношийг латинаар тавьж байх нь зүйтэй юм хэмээн бодож  явсаар латин, орос, англи, монголоор “Онош зүйн  нэр томъёоны толь”  бүтээжээ. Яг ийм толь бүтээсэн хүн түүнээс өөр бий эсэхийг мэдэхгүй. Бүтээлийн тухайд дэлхийд ховор  гэдэгтэй  хэн ч маргахгүй биз ээ.

 

Хүн төрөлхтний 10 том нээлтийн нэг нь вакцин

 

Нийтлэлийнхээ төгсгөлд бид  нэгэнт эмч хүнтэй уулзаж ярилцсаных зочноосоо нийгмийн амьдрал, дэлхий нийтийг хамарсан цар тахлын тухайд ямар байр суурьтай байгааг нь тодруулсан юм. Тэрбээр “ Корона вирус шинэ юм биш. Дотор нь ангилбал вирусын нэг л  төрөл зүйл. Сарс ч гэсэн корона вирусын нэг төрөл. Харин биеэ даасан  шинэ төрлийн вирус, гэхдээ хоруу чанар ихтэй, хүн төрөлхтнийг устгахаар албаар зохиосон мэт байгаа нь хамгийн аюултай. Бүх эд эрхтнийг барьж өвчлүүлж байгаа нь, түүн дотроос цусыг ихээр  бүлэгнүүлж байгаа нь   аймшигтай.  Хүмүүс түүнийг  бараг л амьтан  гэж ойлгоод байна. Уургын бүтэцтэй болохоор тэгж хэлж байх шиг. Хүний биед орохоор амьтан болчихдог, гадна байгаа нөхцөлд хумхын тоос болчихдог ийм л зүйл. Мутацийн хувьд санамсаргүй тохиолдол. Эсэргүүцэх тусам хувиралд орж байгаа “ухаалаг вирус”. Гэхдээ  өөрийгөө сул болгож мутацид орж ч болно. Үүнийг Японы эрдэмтэд тодорхойлчихоод байна. Аль ч тохиолдолд вакциндаа хамрагдах нь чухал. Түүнгүйгээр хүн төрөлхтөн амьдарч байгаагүй. Хүн төрөлхтний 10 том нээлтийн нэгд вакцин ордог” гэснийг уншигчдадаа дамжуулъя.

“Нэг л туулах амьдралыг эрч хүчтэй, идэвх чармайлттай, хаашаа ч ганхахгүй ноён нуруутай  өнгөрүүлж яваа эр хүн  дээ”  хэмээн Г.Баяраа эмчийн тухай мэдэх, таних нь хэлдэг юм билээ. Амьдралын  урт замд тэрбээр найзынхаа дүүг  гэргийгээ болгосон нь Политехникийн дээд сургуулийн автын инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн  С.Наранцэцэг гэж эмэгтэй бий. Тэд  хүү, охин төрүүлж өсгөсөн нь ШУТИС, ХБНГУ-ын барилга архитектурын сургуульд тус тус суралцаж төгсчээ.  “Уран зохиолыг орчуулахад үгийн цаадах цогц сэтгэлийг орчуулах нь чухал” хэмээн ярьж,   гавьяаны амралтаа эдэлж, уран зохиолын ном шимтэн уншиж, орчуулах эрдэмд шамдаж яваа  Төрийн соёрхолт, анагаах ухааны доктор  Г.Баяраагийн гараас дахиад ч өвөрмөц сонирхолтой орчуулгууд гарна гэдэгт итгэлтэй байна. А.Чеховын 40 гаруй өгүүллэг бүхий “Шулам” номыг уншсан уншигчид ч ийн хүлээж буй  биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.29 ДАВАА № 233 (6710)