С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Улс тунхагласан өдрийг угтаж ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрхи түүхийн салбарын эрхлэгч Ч.Батдоржийг урьсан юм. Тэрбээр өнөөдөр тохиож буй Улс тунхагласан өдрийн ач холбогдлыг “Зууны мэдээ” сонинд ярихдаа “Хорьдугаар зууны түүх бол Монголчуудын сэргэн мандалтын эхэн үе байсан. Энэ түүхэн цаг үед бид бусдын эрхшээлээс гарч  тусгаар тогтнолоо 1911 онд мандуулсан. Үүнээс хойш Монголын түүхтэй холбоотой хэд хэдэн чухал үйл явдал болсон. Тэр дунд дэвшилтэт болон уруудсан үйл явдал бий. Улс тунхагласан өдөр бол Монголчуудын анхдугаар Үндсэн хуулиа баталж, засаглалын хэлбэрээ Бүгд найрамдах улс болгосон түүхэн тэмдэглэлт өдөр. Үүнээс өмнө хэмжээт цаазат ардын засагтай байсан. Засаглалын хэлбэрээ өөрчилж, тусгаар тогтносон бүрэн эрхт улс болох замналын нэгэн үе шат юм. Жаахан тодруулбал, 1915 оны Хиагтын гэрээгээр Монгол Улсыг Дундад иргэн улсын бүрэлдэхүүн гэдгийг Хаант Орос, Дундад Иргэн Улс, Монгол гэсэн гурван улсын гэрээ хүлээн зөвшөөрсөн. Ингээд Монгол Улс Дундад Иргэн Улс буюу Хятадын бүрэлдэхүүний автономит эрхтэйгээр дөрвөн жил орчим болсон. 1919 онд Хүрээнд Хятадын цэргийн хүч нэвтрэн орж ирээд автономит эрхийг хүчээр устгаж, Дундад иргэн улсын дотоод муж ч гэж зарлаж байсан. Харин 1921 оны ардын хувьсгалаар Монголчууд тусгаар тогтнолоо дахин мандуулж, Монгол нутаг дахь харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, хэмжээт эрхт хаан өргөмжилсөн. Ардын хувьсгал бол нийгмийн анги давхарга хамаарахгүйгээр монголчууд нийтээрээ хувьсгалт тэмцэлд оролцсоноороо онцлог юм. Ардын хувьсгалын дараа Монгол Улс цаашид засаглалын ямар хэлбэрээр хөгжих вэ гэдэгтэй нүүр тулсан. Ингээд Үндсэн хуультай улс байх ёстой гэж үзээд 1922 оноос Үндсэн хуулийн хэд хэдэн төслийг боловсруулсан. Үүний нэг нь Ерөнхий сайд Д.Бодоогийн боловсруулсан Үндсэн хуулийн эх юм. Энэ нь хэмжээт цаазат хаантай, Үндсэн хуультай улс байх. Зарим судлаачид үүнийг үндсэн хуулийн төсөл биш гэж үзэх нь ч бий” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn