Б.ОД

COVID-19 халдварын эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт тунгийн дархлаажуулалтын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө.

Тэрбээр "Иргэдийг нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагдах боломж нөхцөлөөр хангахын тулд гурван төрлийн цэгийг ажиллуулж байна. Нэгдүгээрт, нийслэлийн хэмжээнд байнгын ажиллагаатай 53 суурин цэг байна. Мөн томоохон худалдааны 27 төвд түр цэгийг ажиллуулж байгаа. Эдгээр цэг нь тухайн худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Түүнчлэн олон ажилтантай үйлдвэр, аж ахуйн газруудаас урьдчилан захиалга авч, дархлаажуулалт хийх явуулын баг ажиллаж байгаа юм. Цаашид бид хороо бүрд байдаг иргэдийн танхимд вакцины цэгийг нэмэгдүүлэхээр төлөвлөн, бэлтгэж байна. Тухайлбал, урсгал тооцоолох, халдвар хамгааллын дэглэмээ баримтлуулах, хүний нөөцөө бэлтгэх, сургах ажлуудаа хийж байна" гэв.

Мөн нийслэлийн нийт хүн амын 74 хувь нь бүрэн тунд хамрагдсан нь тархалт буурахад нөлөөлөх нэг том үзүүлэлт гэдгийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж онцолж, цаашлаад хүн амын 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдвал халдвар авах эрсдэл, халдвар авсан ч хүндрэл эрсдэл ихээхэн буурах тул нийгэм, эдийн засагт ч сайнаар нөлөөлнө гэв.

 Эх сурвалж:www.polit.mn